Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан нь уул уурхайн салбарын хөгжилд ямар ач холбогдолтой вэ?
2020-11-25 16:01:34  

Сүүлийн өдрүүдэд, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) -т гарын үсэг зурсан тухай мэдээллийг олон орны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж байна.

АСЕАН-ы арван орны санаачилгаар Хятад, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг 15 улс 11-р сарын 15-ны өдөр уг хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурснаар дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс байгуулсан бэлэг тэмдэг болсон юм.

Тэгэхээр RCEP нь Хятадын уул уурхайн зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ? Томоохон уурхай эзэмшигчдэд ямар ашиг тус, ямар нөлөө үзүүлэх вэ?

Ашиг тусын талаар:
Хятадын Худалдааны яамны Олон улсын хэлтсийн хариуцлагатай хүн тус хэлэлцээрийн тухай тайлбарлахдаа: 15 орон нь бүгд зах зээлд орох сөрөг жагсаалтын аргыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, уул уурхайн чиглэлийн үйлчилгээний бус таван салбарт хөрөнгө оруулалтын өндөр түвшний нээлттэй байх амлалт өгсөн байна. RCEP нь тариф, тарифын бус саадыг бууруулах замаар нээлттэй, хүртээмжтэй, дүрэмд суурилсан худалдаа, хөрөнгө оруулалтын зохицуулалт хийж, нэгдсэн зах зээлтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг зорьж байна. Хятадын хувьд энэ нь импортын түүхий эд, үйлдвэрлэлийн өртөг буурсан гэсэн үг бөгөөд зарим чиглэлээр экспортыг өргөжүүлэхэд тустай юм.

Энэ оны эхнээс АСЕАН Хятадын худалдааны хамгийн том түнш болж, дэлхийн эдийн засгийн уналтын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт өсөж, RCEP нь хоёр талд илүү гүнзгий таатай худалдааны хамтын ажиллагааны харилцааг бий болгожээ.
11-р сарын эхээр Худалдааны яам болон Гаалийн ерөнхий газар аж үйлдвэрийн боловсруулалт, худалдаанд хориглох бүтээгдэхүүний жагсаалтад зохицуулалт хийж, нэлээд нэр бүхий уул уурхайн бүтээгдэхүүн, мөн тэрчлэн газрын тосны нөөц баялгийг уг жагсаалтаас гаргасан байна. Хэрэв тарифын хөнгөлөлт, бүр тарифгүй болгох юм бол импортын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж магадгүй. Үүний улмаар Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаа нэн ч нягтран хөгжих болно.

АСЕАН-ы ашигт малтмалын давуу талууд:

Дэлхийн бүтцээс авч үзвэл АСЕАН-ны бүс нутаг нь Евразийн хавтан, Энэтхэг-Австралийн хавтан ба Номхон далайн хавтангийн огтлолцол дээр байрладаг бөгөөд энэ нь дэлхийн шилжилтийн хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг юм. Геологийн нарийн төвөгтэй бүтэц, хүчтэй магматик үйл ажиллагааны ачаар АСЕАН-ны бүс нутаг нь эрдэсжилтийн дээд нөхцөл, ашигт малтмалын арвин нөөцтэй бөгөөд энэ нь өнөө үед дэлхийн хамгийн чухал баялгийн нэг болсон юм. Түүний зонхилох ашигт малтмал нь зэс, хар тугалга-цайр, алт, төмөр, цагаан тугалга, хром, никель, боксит, поташ гэх зэрэг болно.

Хятадын экспортод үзүүлэх нөлөө:

Худалдааны чөлөөт бүсийн зах зээл нь Хятадын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хөгжилд чухал ач холбогдолтой юм. Дэлхийн үйлдвэр болсноор Хятад улс жил бүр олон тооны боловсруулсан ашигт малтмалын нөөцийг дэлхийд экспортолдог. Эдгээрээс олон тооны боловсруулсан ашигт малтмалын бүтээгдэхүүнийг чөлөөт худалдааны бүсийн орнуудад экспортолжээ.

Эрчим хүчний экспортын хувьд Хятадын түүхий нефть, нүүрсийг ихэвчлэн Япон, Өмнөд Солонгос руу экспортолдог. Өнөөгийн байдлаар Япон, Өмнөд Солонгос бол Хятадын гадаад дахь цөөн тооны түүхий нефтийн зах зээл юм. Хятадад үйлдвэрлэсэн ган төмрийг Өмнөд Солонгос болон Зүүн Өмнөд Азийн улс оронд экспортоор гаргаж байна. 2019 онд Хятад улс RCEP-ийн орнуудад 41.446 сая тонн ган экспортолжээ. Өнөөгийн байдлаар Хятадын цэвэршүүлсэн зэсийн баяжмал нь Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Индонезид зах зээлээ орон байраа олжээ. Түүхий хөнгөн цагааныг ихэвчлэн Япон, Өмнөд Солонгос, Сингапурт экспортолдог бөгөөд хөнгөн цагааны хайлшийг ихэвчлэн Япон, Өмнөд Солонгос, Индонез зэрэг улсуудад борлуулдаг.

Ковид-19 цар тахал дэлхий дахиныг цочирдуулж байгаа өнөөгийн нөхцөл байдалд RCEP-ийг байгуулснаар Хятад улсын эрдэс баялгийн хангамжийн суваг өргөжиж, ашигт малтмалын гадаад зах зээл нээлттэй болж байгаа нь Хятадын уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм. \Сэтгүүлч: Сайн-Өлзий\