Европ Америкийн харилцаа хэвийн байдалд сэргэж чадах уу?
2020-11-26 23:08:02  

Америкийн холбооны ерөнхий үйлчилгээний алба саяхан Ардчилсан намаас нэр дэвшигч Байденг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг мэдэгдэв. Тухайн өдөр Байден Европын холбоо, НАТО-гийн удирдагчидтай утсаар ярьж, Атлантыг дамнасан харилцааг гүнзгийрүүлж, сэргээхийг цохон тэмдэглэв. Үүнийг хүмүүс Европтой харилцаагаа сайжруулах гэсэн АНУ-ын хүчин чармайлт гэж үзэж байна.

Байдал үнэхээр тийм үү? Магадгүй сүүлийн үе АНУ, Дани улсын эсрэг хийсэн тагнуулын хэргээс болсон дуулиан хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болзошгүй.

Тодруулж хэлэхэд, АНУ Данитай тусгай тагнуулын харилцаатай байсныг ашиглаж, холбоотнуудаа хохироосон явдал юм. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ Данийг тагнахаас гадна Швед, Герман, Франц, Норвеги, Нидерланд зэрэг оронд хяналт тавьдаг байна. Их Британийн олон улсын харилцааны судлаач Том Фоди саяхан нийтэлсэн өгүүлэлдээ "Европ дахь жинхэнэ аюул нь Вашингтоны зүгээс ирсэн юм" гэжээ.

Тэгэхээр АНУ-д хутгалуулж ирсэн Европ нь харилцаагаа үнэхээр сэргээж чадах уу? Хяналтын дуулианыг дурдахгүй байсан ч өнөөгийн нөхцөлд байдлыг ажиглахад АНУ, Европын харилцаа өнгөрсний түвшинд буцаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Нэг талаар, олон улсын нөхцөл байдлын хувьд Обамагийн үеэс АНУ гадаад стратегийн гол талаа Ази, Номхон далайн бүс нутагт шилжүүлж, уламжлалт холбоотон Европын орнуудыг эмзэглүүлжээ.

Нөгөө талаар, өдгөө АНУ-ын цар тахлын байдал ноцтой байж, эдийн засагт хүндрэл тулгарч байна. Шинэ ээлжийн засгийн газрын хувьд тэргүүлж хийх ажил бол дотоодын асуудлыг шийдвэрлэх явдал юм. Европ болон түүний хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахын тулд хэдий бодит ажил хийж чадах нь тодорхойгүй байна.

Хамгийн чухал нь Европчууд сүүлийн жилүүдэд АНУ-аас улбаалсан хохиролд өртөж, стратегийн бие даасан байдал ихээхэн нэмэгдсэн юм. Атлантын далайн түншлэлийн талаар хэлэлцэх үеэр Европын олон нийтийнхэн АНУ-д урам хугарах, сэргийлэх, цаашлаад сонор сэрэмжтэй байх дуу хоолой нэмэгдэж, тэнгис дамнасан харилцааг болгоомжтой шийдвэрлэхийг сануулж байна.