“Дүрвэгсдийн статусын тухай конвенц” батлагдсаны 70 жилийн ой тохиож байна
2021-07-29 11:04:09  

Олон улсын чухал гэрээ гэгдэх “Дүрвэгсдийн статусын тухай конвенц” батлагдсаны 70 жилийн ой 7 -р сарын 28 -нд тохиож байна. Одоогоор конвенцын үзэл санаа, үндсэн зарчмыг аль ч үеэс илүү дэмжих шаардлагатай байгааг НҮБ -ын дүрвэгсдийн агентлаг онцолжээ.

НҮБ -ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Филипп Гранди хэлэхдээ: “Дүрвэгсдийн статусын тухай конвенц” нь дэлхий даяар орогнож буй дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалсаар байна. Энэхүү конвенц нь олон сая хүний ​​амь насыг аварсан. Конвенц батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан олон улсын хамтын нийгэмлэг конвенцын зарчмуудыг хамгаалах нь хамгийн чухал юм гэжээ.

Түүнчлэн зарим улс орны засгийн газар сүүлийн үеэс конвенцын зарчмуудыг үл тоомсорлох, тойрч гарахыг оролдож, эх газар болон далайн эрэг хавийн дүрвэгсэд, орогнол хүсэгчдийг албадан хөөж байна. Хамгаалалтын зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд тэднийг гуравдагч оронд шилжүүлэхийг санал болгож байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг тэмдэглэжээ. 

1951 онд баталсан  “Дүрвэгсдийн статусын тухай конвенц”-ын 70 жилийн ой тохиож буй энэ үеэр Гранди хэлэхдээ, энэхүү конвенц нь олон улсын хүний ​​эрхийн хуулийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд одоо анх боловсруулж, хэлэлцэж байсан үетэй адилхан чухал ач холбогдолтой гэжээ.

Тэрээр: Эл конвенцод дүрвэгсдийн эрх ашгийнх талаар маш тодорхой дурдсан байдаг. Урьд өмнө тохиолдож байгаагүй цар тахал зэрэг сорилт, онцгой нөхцөл байдалд энэхүү конвенц мөн л үргэлжлэн хэрэгжихэд тохиромжтой гэжээ.\Ренчинсоо\