“ШХАБ-ын хувь заяаны улам нягт хамтын цогцыг байгуулж, дэлхийн өнө батын энх тайван, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэе.” 9-р сарын 17-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 21-р хурал дээр Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор үг хэлж, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн талаар “таван санаачилга” дэвшүүлж, авч хэрэгжүүлэх шинэ арга бодлогуудаа танилцуулжээ. Тэгвэл Ши Жиньпиний яриа ШХАБ-ын хөгжлийн шинэ аяныг эхлүүлж, дэлхийн өнө батын энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулах болно гэж олон улсын хамтын нийгэмлэг үзлээ.
Энэ онд ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн турш тус байгууллагын гишүүн орнууд “Харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх, голч шударга байх, зөвшилцлөөр асуудлыг зохицуулах, олон ургалч соёлыг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх”-ээр цөм болгосон “Шанхайн үзэл баримтлал”-ыг мөрдөж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, аюулгүй, тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, хөгжил цэцэглэлтийг хамтаар эрэлхийлж, олон улсын үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэглэж, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн цоо шинэ замыг нээсэн юм.
Өдгөө зуун жилд байгаагүй том өөрчлөлт, цар тахлын томоохон сорилт үүсээд байгаа бол ШХАБ нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, улс орнуудын хөгжлийг ахиулах талаар улам чухал үүрэг хүлээж байна. Хятад улс нь тус байгууллагыг үүсгэн байгуулагч орон, хамгийн том хөгжиж буй орны хувьд энэхүү байгууллагын хөгжлийг хэрхэн ахиулж ажиллах нь бүр ч олны анхаарлыг татаж байгаа юм.
17-ны өдөр Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Эв нэгдэл, хамтын ажиллагааны зам”, “Жаргал зовлонгоо хуваалцсан зам”, “Уялдаа нэгдлийн зам”, “Харилцан туршлага судлах зам”, “Голч шударга зам” гэх таван талаас санаачилга дэвшүүлж, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон төдийгүй, бүс нутаг, тэрчлэн дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах гэсэн Хятад улсын хариуцлагат байр суурийг харуулсан байна. Узбекистаны Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны их сургуулийн профессор Турсунали Кузьев, “Ши Жиньпин даргын таван санаачилга ШХАБ-ын хувь заяаны улам нягт хамтын ажиллагааны цогцыг байгуулахад маш чухал ач холбогдолтой юм. Хятад улсын төсөл болон практик нь ШХАБ-ын хөгжилд маш их эрч хүч сэлбэж байна” гэжээ.
Өнөөдөр ШХАБ түүхэн хөгжлийн шинэ гараан дээрээ зогсож байна. 17-ны өдөр нийтэлсэн тунхаг, шийдвэрүүд болон технологийн инновац, үр тарианы аюулгүйн байдал зэрэг салбарын хамтын ажиллагааны мэдэгдэл нь эл хурал баялаг амжилт тогтоосныг харуулж байна. Онцгойлон Хятадын талын дэвшүүлсэн ирээдүйд чиглэсэн иж бүрэн санаачилга, арга хэмжээ нь тус байгууллагын хөгжлийг ахиулж, улмаар дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.