• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:44:40    
Солонгос судлал болон монгол судлалын харьцаа холбооны асуудалд

Хятадын Олон Улсын Радио


2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Б. Сумьяабаатар Бээжин Их Сургуульд оюутдын сонирхсон асуултанд хариулж байгаа нь

    Сурвалжлагч: Багш таны хийсэн энэ ажлыг маш сонирхолтой ажил гэж бодож байна. Ер нь Хятад улсад ч гэсэн, "Монголын нууц товчоон"-ы талаар судалсан зүйл их байгаа, гэхдээ багш таны судалсан шиг ийм бүтээл тун ховор байгаа юм.

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Тйим байж магадгүй, миний хэвлүүлсэн тэр номыг тун ховор зүйл боллоо гэж гаднын эрдэмтэд ярьдаг юм. Ханьзы үсгээр монгол үгийг тэмдэглэхэд үгийн эхэнд орсон нь хэд вэ? Адагт орсон нь хэд вэ? Ороогүй нь хэд вэ? гэдгийг тэр номдоо би ялгаж гаргасан юм. Японы нэрт монголч эрдэмтэн профессор Озава багш 8 боть "Монголын нууц товчоон" гаргасан байгаа, гэхдээ яг ингэж хийсэн нь үзэгдээгүй зүйл гэж хэлж болно. Үүнйг Сумьяабаатар ингэж хийлээ гэхээс монгол хүн ингэж хийлээ гэвэл их сонин болох биз ээ.

    Сурвалжлагч: Монгол улс дахь монгол судлал болон Хятад улс дахь монгол судлалыг харьцуулбал багш та ямар үнэлгээ өгөх вэ?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Ер нь манай монголчууд Хятад улсад хийж байгаа монгол судлалыг маш их сонирхдог юм. Хятад улсын эрдэмтэд өргөн их мэдлэгтэй, олон хэлтэй, түүхэн сурвалжийг маш сайн ашигласан, үзсэн харсан хэрэглэгдэхүүнүүдээ эрдэм шинжилгээний бүтээл болгож чаддаг авьяаслаг эрдэмтэд гэж би боддог, манайхан ч их хүндэлдэг юм.

    "Монголын нууц товчоон"-ы талаар нэг зүйлийг нэмж хэлэхэд Монголоос нэг сонин олдвор олдсон. "Монголын нууц товчоон"-ыг анх монгол үсгээр хэн галиглсан бэ? гэдэг асуудлын талаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн аман зохиолын сан хөмрөгөөс нэг "Монголын нууц товчоон" гарч ирсэн нь бидний сонирхлыг маш их татсан юм. Тэр нь "Монголын нууц товчоон"-ы хятад орчуулгыг үсэгчлэн монгол үсгээр улаан шунхан бэхээр эхнээс нь адгийг нь хүртэл галиглаж буулгасан зүйл байсан, үүнийг Хятад улсын эрдэмтэд, өвөрлөгч эрдэмтэд үзээд үнэхэр шинэхэн зүйл байна гэж хэлж байсан юм. Түүнийг хэн галигласан бэ? гэдэг нь одоо хир тодорхойгүй байгаа боловч, уг номын дээр нь Судар Бичгийн Хүрээлэн амой гэсэн өгүүлбэр бий. Тэгэхтэй зэрэг, тэр нь 1924—1931 оны хооронд галиглаж дууссан зүйл байх учиртай, уг номыг би Солонгост хэвлүүлсэн. Мөн бас нэг тэмдэглэж хэлэх зүйл бол "Монголын нууц товчоон"-ыг монгол үсгээр хэн анх буулгасан бэ? гэдэг асуудал байгаа юм. Одоог хүртэл, Цэнд гүнг 1917, 1918 оны үеэр монгол үсгээр уг зохиолыг буулгасан гэж эрдэмтэд үздэг байсан, гэтэл саяхан бас нэг "Нууц товчоон" гарч ирсэн, тэр нь 1876 онд Оросын нэг эрдэмтэн "Нууц товчоон"-ыг эхнээс нь монгол үсгээр буулгаад, крил үсгээр галиглаад, догуур нь мөр бүрийг дагуулан оросоор орчуулаад, ар талд нь тайлбар сэлт дагалдуулсан, оюутнуудад зориулж хийсэн бололтой, их ховор сонин зүйл байсан юм. Тэгээд "Монголын нууц товчоон"-ыг "цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө хүртэл" тэгэж хийчхсэн байгаа. Түүнийг би Хятад улсад ирэхээсээ өмнөхөн, Улсйн Номын Сантай хамжаад хэвлүүлсэн юм. Энэ нь "Монголын нууц товчоон"-ы судлалд сонин зүйл болно гэдэгт найдаж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4