• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

И.Ринчины таалал төгссөний 10 жилийн ойг дурсгах олон улсын монгол түүхийн эрдэм шинжилгээний хурал болов

CRI       (GMT+08:00) 2010-01-04 11:28:07

Хятад улсын Ардын Их Сургуулийн Улсын эрдмийн дээд сургуулийн профессор Оюунбилиг

      Монгол Юаний түүхийн нэрт мэргэжилтэн, Хятадын үндэстний түүхийн мэргэжилтэн, 20-р зууны олон улсын Монгол судлалын том эрдэмтэн Ихмянгадай Ринчины таалал төгссөний 10 жилийн ойг дурсгах Олон улсын монгол түүхийн эрдэм шинжилгээний хурал 12-р сарын 20-ны өдөр Хятадын Ардын Их Сургуульд болов. Тус хурлыг Хятадын Ардын Их Сургуулийн Улсын эрдмийн дээд сургууль, Хятадын Монгол түүх сурч судлах нийгэмлэг, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын сургууль, Японы Ази Африкийн Хэлний Үндэсний Институт зэрэг дөрвөн байгууллагаа нэгж хамтарч зохион байгуулсан юм.

Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын сургуулийн дарга Баярмэнд

      1931оноос 1999 оны хооронд амьдарч байсан Ихмянгадай Ринчин, Монголын Юань улсын түүх, умардын үндэстний түүх ба монгол судлалын сурвалж бичгийн судалгааг хийж байсан бөгөөд Монгол үндэстний үүсэл хөгжил болон 11-12-р зууны Монголын нийгмийн тогтолцооны үзэл баримтлал нь холбогдох судалгааны гол урсгал болж байв. Тэрээр мөн "Юаний түүх" -н дэх төвөг будлиантай монгол, түвд, санскрит, перс зэрэг үгсийг тайлбарлаж, 13-14-р зууны уйгаржин монгол үсгийн сурвалж бичиг, хэл зүй, үсэг зүйн судалгааг хийж байснаа хожим нь Монгол түүхийн судлал болон хэлний судлалыг харилцан уялдуулсан төлөөлөгч эрдэмтэн гэж олноо алдаршжээ.

Өвөр Монголын Их Сургуулийн Монгол түүх судлах газрын профессор Буяндэлгэр

      Ихмянгадай Ринчин монгол түүх, хэлний судалгаанд насаараа уйгагүй их хүчин зүтгэл гаргаж, соёлын дээж судалгааны бүтээлүүдээ үр хойч, шавь нартаа өвөлж үлдээсэн хэдий ч ертөнцийн мөнх бусыг арай эрт үзсэн нь монгол судлаач нарын ялангуяа гарын шавь нарынх нь хамгийн их харамсал болжээ. Ачит багшийнхаа таалал төгссөний 10 жилийн ойн гэгээн дуртгалд зориулж, монгол түүхийн эрдэм шинжилгээний хурлыг олон улсын хэмжээнд зохион байгуулсан нь ариун үйлсийнх нь гал голомтыг сахиж яваа шав нарынх нь чин сэтгэлийн илэрхийлэл нь байж. Энэ хурлыг зохион байгуулагчийн нэг, Ринчиний гарын шавь, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол түүх судлах газрын профессор Буяндэлгэр хэлэхдээ:

      "Ринчин багш бол том эрдэмтэн, цэцэн сэргэлэн хүн. Түүний эрдэм мэдлэг маш баярлаг их. Бид гарын шав нь байгаад ч багшийнхаа эрдэм мэдлэгийн талыг хувийг нь сурч чадаагүй. Ринчин багш 68 настайдаа таалал төгссөн. Тэр үед бид багшийгаа нас өтлөөгүй, бид ч залуу байсаар юм чинь багшийнхаа сургаал хүмүүжлийг хүртэх цаг байх л гэж боддог байсан. Ринчин багш нас барсан явдал нь миний хувьд маш их харамсалтай учир болж байна. Ялангуяа хүчир төвөгтэй явдал тохиолдох үед яг л үнэтэй гар авлагаа гээчихсэн шиг асууж багшгүй их тулгамддаг."

      Ринчин багшийн судалгааны онол, ёс зүй нь маш гүн гүнзгий байдгийн улмаар түүний эрдмийн ноён оргилд нь Монгол түүхийн эрдэмтэн мэргэжилтнүүд одоо ч гэсэн авирч чадаагүй юм билээ. Яг ийм ч учраас Ринчин багшийг Өвөр Монголын Их Сургуульд багшилж байх нь оюутнуудад нь хичээлийг нь ойлгогдохгүй их зовоож байсан гэж Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын сургуулийн дарга Баярмэнд ярьж байлаа.

      "Ринчин багш бол манай Өвөр Монголд гэсэнгүй, Хятад улсад гэсэнгүй, бүр дэлхийн хэмжээний монгол судлал, монгол түүхийн судлалын төөлөх чанартай алдарт эрдэмтэн мөн, мөн ч миний хүндэтгэж биширч явдаг ахмад багштан болно. Намайг оюутан байхад Ричин багш язгуур эртнээс Юань улс хүртэлх монгол түүхийн хичээлийг зааж байсан. Тэгэхэд анх эхлээд манай ангийн хамт нөхдүүд хичээлийг нь нэг их ойлгохгүй байв. Зарим нь Ринчин багшийг хичээл сайхан заадаггүй гэж ч ярьдаг байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед бидний мэдлэгийн хир төвшин, мэдлэгийн бэлтгэл Ричин багшийн монгол түүхийн хичээлийг сонсох хир хэмгүй байжээ гэж хожим нь сая ухаарсан. Одоо ч гэсэн Ринчин багшийн 30 жилийн өмнө бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг аваад уншихад ойлгохгүй зүйл их байгаа. Тиймээс би Ринчин багшийн эрдэм мэдлэгийг яах аргагүй их биширч байна. Мөн өөрийн мэдлэгийн мөхөс дутуугаа ухамсарч, цаашид сурах юм их байна гэдгээ мэдэрсэн. Ринчин багш намайг их халамжилдаг. Намайг мастер цол хамгаалахад их тусалж, өгүүлэл маань эрхэм нандин санал заавар олон хэлж өгч байсан. 1991 онд би Чойжинжав багшийн дор докторантаар элсүүлэх үед Ринчин багш намайг тусгайлан эрж очоод хоёр ном бэлэглэсэн. Тэр нь хятад англи толь ба ангил хятад толь байсан. Тэгээд надад ингэж хэлж байсан: Чамд би хоёр шил архи аваад өгвөл чи уугаад л дуусвал мартчихна, харин энэ хоёр толь бол чамтай хамт хагас насыг чинь хамт туулах юм шүү гэж захиан. Ер нь Ричин багшийн хэл бичгийн талаарх судлах арга барил нь цаашдын хэл бичгийн ажилд ихээхэн дэмжлэг, зүтгэл үзүүлсэн. Ринчин багшийн зарим үзэлтүүдийг хэл бичгийг ажил үйлс эрхэлж байгаа хүмүүс одоо ч гэсэн хараахан давж туулж чадаагүй байна. Бидний өнөөдрийн шинэ арга онолоор гэрчилж байгаа зарим үзэлтүүдийг Ринчин багш аль эрт 30 жилийн өмнө дурдчихсан байдаг. Тийм учраас Ринчин багш бол зөвхөн алдар хүндтэй түүхийн ухаантнаар зогсохгүй, мөн ч шалгарсан гарамгай хэл бичгийн ухаантан мөн гэж би хүндэтгэж биширч явдаг. "

      Ринчин багшийн сургаал хүмүүжлийн шимээр Хятадын дотоодод нэрт монголч эрдэмтэд хурын дараах хулсны сүеэ шиг олон төрсөн. Үүгээр үл баран, алс далайн тэртээх Япон гүрний эрдэмтэн судлаачдын хурц үзэгнээс Ринчин багшийн алтан билгийнх нь үр жимс боловсорч байсан аж.

Японы Уу Тани Их Сургуулийн профессор Мацү Кава

      Ринчин багшийн сургаалыг хүндэлж, бүтээлийг нь дээжилж яваа Японы Уу Тани Их Сургуулийн профессор Мацү Кава тус хуралд "Монголын эзэнт гүрний нийслэл Хархориноос шинээр олдсон уйгаржин үсгийн дурсгал" гэх судалгааны бүтээлтэйгээ хамт оролцож Ринчиний таалал төгссөний 10 жилийн ойг мэргэжил нэгтэй хүмүүстэйгээ хамт дурсгасан юм.

      Ихмянгадай Ринчин багш бол зөвхөн Өвөр Монгол болон Хятад улсын хэмжээнд хязгаарлагдах бус, харин олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хүрээнд их үр нөлөө үзүүлсэн том эрдэмтэн судлаач гэж шавь нар нь байнга ярьдаг. Энэ удаагийн хурал нь олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний цаашдын хөгжлийг улам шинэ төвшинд хүргэхэд үлэмж зузаан суурь тавьсан бөгөөд хойч нэгэн үеийнхэнд эрдэм шинжилгээний бүтээлтэй замаар цаашид замнахад уудлаад дуусашгүй өв хөрөнгийг соёрхсон гэж Ринчин багшийн гарын шавь, Хятад улсын Ардын Их Сургуулийн Улсын эрдмийн дээд сургуулийн профессор Оюунбилиг бидэнд ярилаа.

Ихмянгадай Ринчины таалал төгссөний 10 жилийн ойг дурсгах олон улсын монгол түүхийн эрдэм шинжилгээний хурлын талбай

      Ихмянгадай Ринчин Монгол хэл, түүх соёлын ид шидийг дэлхийд гайхуулж чадсан нь маргашгүй үнэн. Тэгэхэд энэ их эрдмийн далайгаас дусал ус хураах гэж ачит багшийнхаа гэгээн билэгт сөхрөн, ариун үйлсийг өвөлж яваа шав нарынх нь хичээл зүтгэл ч үнэлүүштэй. Түүх өчигдрөөр үргэлжлэхэд ирээдүй маргаашаар эхэлдэг. Ингээд номын цагаан буян ирээдүйн гэрээн саруул үйлсэд үүрд дэлгэрч явахын сайхан ерөөлийг дэвшүүлээд энэ сурвалжилгын тэмдэглэлээ түр хаая. \Алтаннавч сурвалжилж редакторлов\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе