Их эрдэмтэн Т.Эрдэнэ-тогтохын зохиол бүтээлийн тухай эрдэм шинжилгээний бага хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-10-12 16:47:14

     Өвөр Монголын Өөртөө Засах Районы Монгол хэл бичгийн ажлын зөвлөл болон Улаан-хад хотын Хишигтэн хошууны Засгийн газрын хамтран зохион байгуулсан монгол хэл бичиг, утга зохиол судлалын нэрт эрдэмтэн, дэлхийн Инжинаш судлалыг үндэслэгч, монгол үндэстний соёлын нэрт зүтгэлтэн, Өвөр Монголын Хишигтэн нутагтай Түмэн-сангийн Эрдэнэ-тогтох(1916—2001 он)агсны зохиол бүтээлийн тухай эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 11-нээс 12-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаан-хад хотын Хишигтэн хошууны Галдастай рашаанд болов.

      Уг бага хуралд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дарга Адъя, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн Үндэстний хэл бичгийн газрын дарга Линсиймаа, Улаан-хад хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны орлогч дарга Баянбаатар, Улаан-хад хотын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дарга Ашдаа нарын зэрэг албан байгууллагуудын удирдах хүмүүс, Төвийн Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн мэргэжилтэн нарын зэрэг 70 гаруйн хүн оролцжээ.

      11-ний үдээс өмнө, Хишигтэн хошууны төв Бяруу балгасны Монгол үндэстний дунд сургуульд Түмэн-сангийн Эрдэнэ-тогдохын гэгээн дурсгалд зориулсан хөшөөг нээх ёслол хийсэн ба уг арга хэмжээнд 300 гаруй хүн оролцсон байна. Үдээс хойно нь Галдастай рашааны Анчны мод зочид буудалд "Эрдэнэ-тогтохын бүрэн зохиол"-ыг тархаах ёслол хийжээ.

      Их эрдэмтэн, соёлын нэрт зүтгэлтэн Т.Эрдэнэ-тогтохын энэ "бүрэн зохиол" нь "Монгол хэл бичгийн судлал", "Монгол утга зохиол судлал", "Шүлэг зохиол", "Инжинашийн шүүмж өгүүлэл ба шүлгийн сонгомол", "Ойр үеийн зохиолчдын шүлэг зохиол", "Орчин үеийн монгол зохиолчдын зохиол", "Монголын эртний шүлгийн сонгомол", "Монгол домог үлгэр ба домог яриа", "Зүйр цэцэн үг", "Багачуудын тухай шүлэг ба домог яриа", "Эрдэнэ-тогохын тухай судалгааны материал" зэрэг 11 бодь зохиолоос бүрджээ. \О.Дарамбазар мэдээлэв.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл