• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн зэвсэг эзэмшигч таван орны бага хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-16 17:01:30

       Хоёр хоног хуралдсан цөмийн зэвсэг эзэмшигч таван орны Бээжингийн бага хурал 15-нд өндөрлөж, Хятад,Франц, Орос, Англи болон Америк зэрэг 5 орон стратегийн тогтвортой байдал болон олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг хорогдуулах, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зэрэг чухал асуудлаар зөвшилцөж, хамтын мэдэгдэл гаргажээ.

       1970 онд хэрэгжиж эхэлсэн "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ"-нд цөмийн зэвсэг эзэмшигч 5 орныг тогтоосон юм. Энэ удаагийн Бээжингийн бага хурал "Цөмийн зэвсэг эзэмшигч 5 орны стратегийн харилцан итгэлцлийг эрчимжүүлж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний хэрэгжилтийг хянаж , дүгнэх" уриан дор болсон юм. Хятад улс анх удаа хурлыг зохион явууллаа.

       15-ны үдээс хойш Бээжинд болсон нээлттэй бага хурал дээр, Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын ГХЯ-ны Зэвсэг хорогдуулах хэлтсийн дарга Ван Чюнь "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ"-ний чухал ач холбогдлыг дахин онцолж хэлэхдээ:

       "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг хориглох, цөмийн зэвсгийг хорогдуулах, цөмийн эрчим хүчийг энхийн төлөө ашиглахыг ахиулах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, олон улсын энх тайван , аюулгүй байдлыг сахин хамгаалахад ч ихээхэн зүтгэл гаргасан. Энэхүү гэрээний түгээмэл чанар, нэр нөлөө болон үр ашгийг нэмэгдүүлэхийг Хятадын тал санаачилж байна. Энэхүү зорилтыг биелүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтыг шаардахын зэрэгцээ, цөмийн зэр зэвсгийг хориглох, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх болоод цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн 3 том хүчин зүйлийг бүх талаар, тэнцвэртэй ахиулах хэрэгтэй" гэжээ.

       Энэ удаагийн бага хурлаас гаргасан мэдэгдэлд, цөмийн зэвсэг эзэмшигч таван орон "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ" нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх механизм болон түүнийг хорогдуулах гол үндэс суурь хэвээр байгааг дахин нотолсон. Үүний зэрэгцээ, цөмийн зэвсгийг хорогдуулах зорилтыг биелүүлэхийн тулд хамтаар чармайж, үе шаттайгаар цөмийн зэвсгийг хорогдуулах төлөвлөгөө гаргажээ. Цөмийн зэвсгийг хорогдуулах нь цөмийн зэвсэггүй ертөнцийг цогцлоон байгуулах цорын ганц зөв арга зам гэдгийг дахин нотолсон байна. Дараагийн ээлжийн бага хурлыг 2015 онд Лондонд хуралдуулахаар шийджээ.

       Оросын төлөөлөгчдийн тэргүүн, хурлаар тохиролцсон нийтлэг ойлголтыг танилцуулахдаа:

       "Цөмийн эрчим хүчийг энхийн төлөө ашиглахыг бид дэмжинэ. Улс орнууд энхийн төлөө цөмийн эрчим хүчийг ашиглах эрхтэй гэж цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд заасныг бид мөн дэмжинэ. Гэвч энэхүү эрхийг хэрэгжүүлэх үедээ уг гэрээний цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх үүргийг чанд мөрдөх хэрэгтэй. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн аюулгүйн баталгааны системийг өөрчлөн сайжруулах гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бид дэмжин сайшааж байгаагийн зэрэгцээ, энэхүү механизм нь шударга голч байж, талуудын итгэл хүлээсэн байх ёстой гэж үзэж байна" гэлээ.

       Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Нидерландад болсон Цөмийн аюулгүйн чуулга уулзалтын үеэр, Хятад улсын цөмийн аюулгүйн үзэл баримтлалыг анх удаа тодорхойлж, цөмийн эрчим хүчний салбарыг цэгцлэх тухай Хятад улсын байр суурийг танилцуулсан юм. Хятадын ГХЯ-ны Зэвсгийг хорогдуулах хэлтсийн дарга Ван Чюнь цөмийн аюулгүйн тухай Хятад улсын 3 зүйлт үзэл баримтлалыг цаашид тодруулсан байна.

       "Нэгд, цөмийн зэвсэг эзэмшигч орнууд байнга цөмийн зэвсэг эзэмшихийг эрэлхийлэхгүй байх тухай нээлттэй амлалт хийж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалан олон улсын аюулгүй байдлыг батлах гэсэн үзэл баримтлалыг хохироохгүй нөхцөлд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд заасан үүргээ бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг үнэнхүү цэгцлэн засаж, улс төр, дипломат харилцааны замаар цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлж, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хяналт удирдлагын хүчин чадавхыг эрчимжүүлэх хэрэгтэй. Гуравт, цөмийн эрчим хүчийг энхийн төлөө ашиглах эрхийг улам баталгаажуулж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрэхээс сэргийлэх гэдгээр шалтаг болгож, улс орнуудын цөмийн эрчим хүчийг энхийн төлөө ашиглах эрхийг хязгаарлаж болохгүй. Үүний зэрэгцээ, цөмийн зэвсэг эзэмшээгүй улс орнууд ч цөмийн эрчим хүчийг энхийн төлөө ашиглах явцдаа ч энэхүү гэрээний үүрэг заалтыг мөрдөх ёстой. Цөмийн зэвсгийг энхийн төлөө ашиглах талаарх олон улсын хамтын ажиллагааг ахиулж, хөгжиж байгаа орнуудад холбогдох тус дэмжлэг үзүүлэхээ нэмэгдүүлэх хэрэгтэй " гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе