• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн хаягдлын хадгалалтыг 10000 дахин багасгахаар судалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-30 18:42:52


Хятадын Дээд эрчим хүч физикийн судалгааны институт

21 дүгээр зууны дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, дорнын соёл иргэншилт эртний их гүрэн, МУ-ын стратегийн чухал хөрш, түнш - Хятадын цөмийн физикийн судалгааны хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагатай танилцах сайхан боломж хэд хоногийн өмнө тохиолоо.

ХОУР-гийн Азийн хэлний төвийн 6 улсын мэргэжилтэн, дотоодын сэтгүүлчдийн сурвалжлах баг 26-нд Бээжин хотын баруун дүүрэгт орших Хятадын Дээд эрчим хүч физикийн судалгааны институтэд зочиллоо. Энд онцгойлон дурдахад, ийм төрлийн судалгаа шинжилгээний чухал лаборатори, гол байгууллагууд олон нийтэд хаалттай байдаг бол энэ судалгааны хүрээлэн гадаадын сэтгүүлчдэд нээлттэй, хатуу чанга харуул хамгаалалтгүй байсан нь үнэхээр гайхмаар санагдлаа.


Гадаадын сэтгүүлчдийн сурвалжлах баг

Судалгааны хүрээлэнгийн захирал Ван Ифан тэргүүтэй олон эрдэмтэн гадаадын сэтгүүлч биднийг халуун дотноор хүлээн авч, хийж буй судалгаагаа танилцуулсан юм. Үнэнийг хэлэхэд, хэлний бэрхшээл, тус салбарын тухай мэдлэг хомсоос болоод эрдэмтдийн тавьсан илтгэлийг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй нь тун тоогүй. Гэсэн ч Ван Ифан захирлаас монгол улсын сонсогчид, сүлжээ ашиглагчдын өмнөөс хэдэн зүйл асууж амжсанаа та бүхэнд хүргэе.

Сурв: Сүүлийн жилүүдэд, дэлхийн улс орнууд эдийн засгийг хөгжүүлэх хийгээд байгаль экологийг хамгаалах асуудлыг тэнцвэртэй шийдвэрлэхийн тулд "ногоон эдийн засаг", "тэнцвэртэй хөгжил" зэргийг чухалчлах болсон. Хятад улс 2020 он гэхэд үндэсний цэвэр эрчим хүчний хэрэглээний эзлэхүүнийг 15 хувь болтол өсгөх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэхэд дээд эрчим хүч физикийн судалгааны хүрээлэнгийн судалгаа ямар хувь нэмэр оруулах боломжтой бол?

Ван: Манай институт цөмийн түлшийг дахин боловсруулах "асар том" хурдасгуур төхөөрөмжийг туршиж байна. Энэ төслийг ADSгэж нэрлэж байгаа. Цөмийн эрчим хүч бол Хятадын эрчим хүчний хөгжлийн стратегийн маш чухал бодлого юм. Цөмийн эрчим хүчийг ашиглах үед хог хаягдал их хэмжээгээр үүсдэг. Үүнийг хадгалах, боловсруулах нь маш том бэрхшээл юм. Бидний туршиж буй хурдасгуур нь дээд энергийн протоноор цөмийн хаягдлаас цацраг идэвхт бодис ялгарах асар урт хугацааг богиносгох юм. Ингэснээр түүний хор, аюулыг багасгана. Магадгүй хэдэн зуун сая жил эсвэл хэдэн арван сая жилээс мянган жил эсвэл зуун жил болтол богиносгоно. Тэр үед цөмийн хог хаягдлыг булшлах асуудал толгой өвтгөхөө болино.

Сурв: Хятадын сансар судлалын хөгжил маш эрчимтэй хөгжиж байгаа, тэр тусмаа Хятад улсын яг одоо явуулж буй сарны тандалтын ажил дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Тус хүрээлэнгийн танилцуулга дээрээс тус хүрээлэнгийн эрдэмтдийн оролцсон "Сарыг тойрох тандагч байгууламж"-ийн төсөл Хятадын Үндэсний шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг шагнал хүртсэнийг мэдэж авсан. Саран дээрх нөөц баялгийг илрүүлэх, ашиглах нь сарыг тандах, судлах ажлын бас нэг зорилт мөн үү?

Ван: Хятадын сарыг тандан судлах төсөлд 6 спектрометр ашигласны нэгийг манай эрдэмтэд бүтээсэн юм. Манай институтийн Рентген шинжилгээний багаж сарны гадарга дээрх янз бүрийн элементийг шинжилж байна. Судалгаа одоогоор эхний үе шатандаа байгаа тул бид сарны нөөц, эрчим хүчийг ашиглах тухай ярихад эрт байна. Бидний зорилго бол сар ямар бүтэцтэй, түүн дээр ямар элемент байгаа, дэлхийтэй ямар холбоотой зэргийг шинжлэх ухааны үүднээс судлах явдал юм.


ХДЭХФСИ-ийн захирал Ван Ифан, ХОУР-гийн мэргэжилтэн Э.Эрдэнэсувд

Сурв: Ирээдүйд, магад 100 жилийн дараа ч юм уу эрчим хүчний салбар ямар хэмжээнд хөгжсөн байх бол гэж төсөөлдөг вэ ?

Ван: Хүн төрөлхтний оюун ухаан, авьяас билигт итгэж байна. Тэр үед бүх асуудлыг шийдэж чадах байх. /инээв/

Дашрамд дурдахад, Хятад улс сүүлийн жилүүдэд гадаадад бэлтгэгдсэн Хятадын иргэншилтэй шилдэг боловсон хүчнийг эх нутагт нь татаж ажиллуулах талаар ихээхэн хөрөнгө зарцуулж буй бөгөөд Ван Ифан захирал ч ийм төслөөр нутагтаа ирж хүчээ өргөж буй залуу эрдэмтдийн нэг юм.


ХДЭХФСИ-ийн ажилтан "Хурдасгуур"-ын талаар тайлбарлаж буй нь

"Хүн төрөлхтний оюун ухаан, авьяас билигт итгэж байна байна" гэж Ван Ифан захирлын хэлсэн шиг хүн төрөлхтөн ч эрдэмтдийн оюун ухаан, авьяас билигт итгэнэ. Эрдэмтэдтэй ярилцаад, судалгааны хүрээлэнгээс дэлхий ертөнцийн ирээдүйн талаар гэрэлтэй төсөөлөл тээсээр байлаа.

Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе