• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хар хот

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-24 11:34:26

Өвөр Монголын сэтгүүлчид "Удмын алтан хэлхээ, үүх түүх, өв соёл" аян замын сурвалжилгаар Алшаа аймагт ажиллаж явахдаа олон үндэстэн ястны соёлын гэрч болсон Хар хотод сэтгэл татагдан, аян замынхаа 12-р өдөр тэрхүү балгасанд хөл тавихдаа угаа сүрлэг барилгыг гайхаж, Монголын өвөг дээдэс энэ хотод тэнгэрийн сүрийг харуулж байлаа гэхээс сэтгүүлчид мань өөрийн эрхгүй сүжиглэн мөргөсөн билээ.

Сэтгүүлчид элсэн цөлийн гүнд зэрэглээтэж байдаг түүхийн үнэнийг үзэгч сонсогчдодоо ойлгуулахын төлөө, Эзнээ хошууны сурталчилгааны газрын санаачилгаар тэтгэвэрт гарсан ахмад сэхээтэн Юнхунг сурвалжлан, өвөг дээдсийнхээ ул мөрийг шамдан хайсан юм.

Хар хот Эзнээ хошууны төв Далайнхөвөөс зүүн урагшаа 25 км зайд, Бадайнжаран элсний хөвөөнд байдаг. Хэрмийн өндөр нь 10 метр, суурь нь 12 метр, хотын хэрэм зүүнээс баруун тийш 121 метр, хойноос урагш 374 метр.

Хар хотыг Баруун Шиа улсын Тангуудууд 1032 онд байгуулсан бол Эзэн Чингис Хаан 1226 онд өөрийн биеэрээ цэрэг дагуулан Хар хотыг байлдан эзэлснээр Монголын эзэмшилд орсон Хар хот өргөжин хөгжсөн байдаг. Одоо байгаа Хар хот бол Юань улсын үед өргөтгөн байгуулсан хот юм.

Харин нэгэн гайхалтай учир гэвэл, орчин үед Оросууд Хар хотыг дэлхийд алдаршуулсан байв. Оросууд 1908 оноос эхлэн Хар хотод нийт 3 удаа малтлага хийж, 40 тэмээ ачаа, 2400 гаруй ном судар олсон нь тухайн үед дэлхий дахиныг донсолгосон том олдвор байв. Орос эрдэмтэд Хар хотоос бүрэн бүтэн номын сан олсон юм. Одоо Орост Хар хотоос илрүүлсэн их хэмжээний ном судар, бурхны хөрөг зургууд хадгалагдаж байгаагийн дотор хамгийн алдартай нь Тангуд Хятад хавсаргасан толь юм. Энэхүү толь бичиг 200 гаруй жил оршин тогтносон Баруун Шиа улсын соёлын нууцыг нээх түлхүүр юм.

Хар хотын хавьд амьдарч байдаг Торгууд, Халх ястны дунд ийм нэгэн домог яриа уламжлагдсан байдаг: Юань улсын сүүлчээр Мин улс Хар хотыг эзэлж авахаар цэрэг томилжээ. Мин улсын түүхэнд тэмдэглэснээр, тухайн үед Хар хотыг сахиж байсан Монгол жанжныг хүмүүс Хар баатар гэж дууддаг байжээ. Мин улсын цэрэг урт хугацааны турш бүслэн цохиод Хар хотыг эзэлж чадсангүй, арга ядахдаа нэг шинжээч томилж шинжүүлжээ. Тэр шинжээч нь "усыг нь боовол дийлнэ" гэжээ. Ингээд Мин улсын цэрэг Эзнээ голын голдирлыг эвдэж, холуур тойруулж урсгасан учир Хар хотын цэрэг ардын уух унд тасарчээ. Хар Баатар цэргээ дагуулан хотын дотор 80 тохой малтаад ус гарсангүй. Арга ядахдаа нийт 80 тэрэг эд эрдэнэсээ малтсан нүхэндээ хийж орхиж гэнэ. Хар Баатар эд эрдэнээ булсны дараа хотын баруун хойд хэрмийг эвдэж бүслэлтийг шувтлан гарчээ. Одоо болтол Хар хотын баруун хойд өнцөгт нэг морьтой хүн багтмаар нүх байдаг. Зарим хүмүүс Хар баатрыг байлдаж үрэгдсэн гэдэг. Гэтэл олонх хүмүүс Хар Баатрыг үрэгдээгүй гэдэг.

Эзнээгийн Монголчууд олон зуун жилийн турш Хар Баатар болон Хар хотыг шүтэн сүжиглэж, нууцлан хамгаалж иржээ. Хар хот бол Монголчуудын дэлхийн чанартай ноёрхлын үед цэцэглэн хөгжсөн агуу их хот байжээ. Тэр бол Монголчуудын энх тайван гэж нэрлэгдсэн цаг үеийн бүтээл юм.

Хар хотын нууц хараахан гүйцэд тайлагдаагүй боловч ирээдүйд голч шударга эрдэмтдийн үнэнч зөв судалгаагаар дамжиж, Их Монгол Улсын тэнгэрлэг сүрийн нэгэн гэрч болсон Хар хотын соёл түүх бүрэн бичигдэх нь лавтай.

 

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Цэцэнбат, Цогт

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе