• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хаан усны эгшиглэн – Тувачуудын нутгаар аялахуй (нэг)

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-13 17:11:25

Шинэ хязгаар нутаг – Шинжааны Ханас тосгоны Галуут нисэх онгоцны буудалд үдшийн 10 цагт газардахад нарны буман цацраг нүүр нүдийг илбэнхэн, цээж дүүргэсэн сэрүүн тунгалаг агаар нь Бээжингээс тээж ирсэн бөгчим халууныг юу ч үгүй үлдэн хөөх мэт хамар өөд сэнгэнэж байлаа. Хятадын Төв радиогийн монгол хэлний редакцийн сэтгүүлч Отгон, Хөвчин, Буянтэгш, Цэлгэр дөрөвтэйгээ "Нүүдлийн соёлын эрэлд" нэртэй сурвалжилгын баг бүрдүүлэн 7-р сарын 8-нд нийслэлээс хөдөлж, Шинжааны Өрөмч, Өрөмчөөс Ханас нутагт ирээд байгаа минь энэ билээ.

Онгоцны буудлаас машинаар цаг гаруй давхиад Ханас нуураас километр хирийн зайд орших жуулчны газар хүрэхэд гадна сая шар бүрий тасарч байлаа. Урт замд алжаасан бид шөнийн гүнд бөх нойрсохдоо бороо шивэрч газар чийглэхийг ч анзаарсангүй. Маргааш нь эртлэн босож хөнгөхөн цайлуутаа Ханас нуурыг зорилоо. Хятадын хамгийн гүн цэнгэг нуур хэмээн алдаршсан Ханас нуурын өнгө үзэмж ёстой л Бурхан Бумбын ариун орон аж. Хөхрөн униартах уулс нь мөнх цасанд хучигдаж, ногоорон халиурах уул нурууд нь өнгийн цэцэгсээр алаглаж, мяралзан долгиолох нуурын ус нь цэнхэртэж солонгороод, байгалийн гайхамшиг энэ нутагт л төгс бүрджээ.

Үдийн хойно Ханас тосгоны дарга Мөнх гуай бидэнд замчилж, Ханас нуур, Алтайн нурууны газар усны нэр, мөн энд амьдардаг тува монголчуудын тухай олон сайхан үлгэр домог хуучилж явлаа. Ханас нуурын нэр чухам хаанаас ирэлтэй бэ гэж асуувал, Чингис хаан баруунш дайтахдаа энд бууж морио усалсан тул нуурыг "Хааны ус" хэмээх болсон домогтой гэж Мөнх гуай ярилаа. Загас элбэгтэй тул бас "Алтан нуур" гэж ч гэдэг аж. Алтай нутагт Цэнгэл, Хөхтохой, Бууралтохой, Алтай, Хав, Буурч, Жимнэй гэх 7 сум, Хааны ус, Хөхтохой, Хом, Сүндэргэнэ гэх мэт 12 гол бий. Ер нь Алтай нуруу эртнээсээ нааш монгол хүн идээшин дассан өлгий нутаг тул эргэн тойрон дахь газрууд нь бүр л монгол нэртэй байдаг.

Мөнх гуайгаар газарчлуулан Ханас нуурын үзэмжийг бүхэлд нь харж болдог Хар хярт ууланд гарч, орой дээрээс нь халиан үзвээс Ханас нуурын ус гэгээрсэн буддагийн амарлингуй мэлмий мэт тунарах ажээ. Далайн төвшнөөс 2030 метрт өргөгдсөн энэ уул эгц асхан бөгөөд оройдоо цас хунгарладаггүй тул нутгийнхан Хар Хярт гэж нэрлэжээ. Бид алсыг бараалангаа Алтай таван богд эндээс хэдий хол байгааг асуувал Мөнх гуай: "Эндээс 70 км хол, мориор явбал 110 км-ын газар. Ирж буцах долоо найман хоног байна байх" гэв. Мөнх гуай эртдээ хилийн цэрэгт ажиллаж байсан болохоороо энэ нутгийн газар усны нэр, үүх түүхийг сайн мэдэх нь бас аргагүй. 

Тагну Урианхайн үр хойчис гэгддэг тувачууд олон арван жилийн турш Ханас голыг бараадан амь залгуулсаар өнөөгийн Ханас тосгоныг бий болгожээ. Өнөө Ханас тосгонд 800 шахам тува хүн амьдран суудаг. Тува монголчууд хонь мал хариулж, ан гөрөө хийн, модон гэрт сууж, тува хэл аялгаараа ярьдаг. Өлсөж даарахаас эмээдэггүй, цөс ихтэй баатар зоригтой хүмүүс.Тэд мал нядалж овоо тахидаг. Жил бүр Майдарын баяр, Зулын баяр гэхчлэн бурхны шашны уламжлалт зан үйл, баяр наадмыг тун сүсэглэж тэмдэглэнэ. 1986 онд Ханас нуурыг үндэсний аялал жуулчлалын бүс болгосноос хойш тувачууд малаа хариулаад зогсохгүй аялал жуулчлал эрхлэх болж, сүү, цагаан идээгээ зах зээлд гаргах болжээ.

Бид Мөнх гуайг дагаж саалийн архи сайн нэрдэгээрээ нутаг усандаа алдаршсан малчин Оюуны гэрт очлоо. Бид гэрийн эзэгтэйн тогоо нэрэхтэй таарчээ. Эзэгтэй холын гийчид ирлээ гэж дуу алдан, нэрмэлийн дээжийг өргөөд бидэнд хул дүүргэн архи сөгнөлөө. Бид ч морьтой яваадаа баярлан дотроо халуу оргитол хэд сайхан хөнтөрлөө. Эзэгтэй сардаа 5-6 хоногт тогоо нэрдэг, нэг нэрэхдээ арваад литр гаргана, литрийг нь 50 юаниар жуулчдад зардаг гэнэ. Гэхдээ 6, 9, 16, 26 буюу 6, 9-ийн өлзийт тоо орсон өдрүүдэд архиа худалддаггүй. Өлзий хишгээ хаалгаар гаргахгүй гэсэн домтой энэ заншил нь хонь малаа худалдахад нь ч үйлчилдэг бололтой.

Ханас нутгийнхны нэрсэн саалийн архи Алтайн энгэр, хормойгоор нутагладаг 7000 гаруй тувачуудын амтат ундаа төдийгүй бүх Шинжааны монголчуудын хүртэх дуртай сархад. Ханасын тувачууд хүдэр чийрэг, гэдэс дотор сайтай, чихрийн шижин зэрэг элдэв өвчнөөс ангид. Чухамхүү шимийн архины ид шид гэлтэй. Ханас - Хааны усаар ундаалсан буянт малын хишиг - саалийн архийг шимэнхэн суухдаа Мөнх гуайн хуучилсан домог яриа, найрсаг тува бүсгүйн зочломтгой занд сэтгэл хоргодон, үнэгэн харанхуй нөмөртөл найрлан суумаар санагдавч ирсэн гийчин буцдагийн үлгэрийг санаж үдшийн бүрүй хүргэлгүй жаргалын мананд хөлчүүрч буудлын зүг хөдөлцгөөв.

Маргааш биднийг ямархан аялал хүлээж байгаа бол гэхээс шүлэг нойрын цаг дэндүү гэмээр урт санагдана. Тэр тусмаа сурвалжилгын багийн ахлагч, ухаалаг бүсгүй Отгон маань бидний маргаашийн аялалд зориулан тусгай замчлагч, хүн бүрт унаа болгож агт хөлөг бэлдсэнийг дуулаад малчин удамтай, морины нуруун дээр өссөн шахуу бидний сэтгэл хөгсөхгүй байна гэж үгүй. Ажлаа ч гялалзтал сайхан амжуулчихдаг, алжаал ядаргаагаа ч замын дундаа тайлчихдаг, аргагүй сайн сурвалжилгын багаа магтахгүй өнгөрнө ч гэж бас үгүй шүү.

ХОУР-гийн сурвалжлагч Ренчинсоо

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе