• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үүрдийн хөгжлийг хамт эрэлхийлж, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны түнш болцгооё

CRI       (GMT+08:00) 2015-10-30 10:45:47

НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг
(2015 оны 9 дүгээр сарын 26. Нью-Йорк)
БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Эрхэм дарга, анд найз нар аа:

Өнөөдөр миний бие энэ дээд хэмжээний уулзалтад оролцож байгаадаа маш баяртай байна. НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр Нью-Йорк хотод олон орны удирдагчид хуран цугларч, хөгжлийн тухай ярилцаж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм.

Хөгжил нь олон орны ард түмний хувьд оршин тогтнол, хүсэл эрмэлзэл агуулж, нэр хүнд, эрх ашгийг бэлгэдэж байдаг юм. 15 жилийн өмнө бид ийм хүсэл мөрөөдөл өвөрлөн түм буман хүнийг улам сайхан амьдруулахын төлөө мянганы хөгжлийн зорилтыг боловсруулсан билээ.

Өнгөрснөө эргэн харвал, бид дэлхийн эдийн засгийг тогтвортой өсгөж, олон улсын банк санхүүгийн хямралын сорилтыг ч даван туулсан байна. Бид хөгжиж буй орнуудын сэргэн мандалтыг харсан боловч Өмнөд Умардын хөгжлийн тэнцвэргүй байдал хэвээр байна. Бид 1.1 тэрбум хүнийг ядуурлаас ангижруулсандаа баясан зоригжиж байгаа ч цаана нь 800 сая гаруй хүн ард ядуу байгаад сэтгэл зовниж байна.

Дэлхий ертөнцийг ажиглавал, "энх тайван, хөгжил" мөн эрин цагийн хоёр том сэдэв хэвээр байна. Сүүлийн үед Европ тивд гарсан дүрвэгсдийн хямрал зэрэг дэлхийн чанартай төрөл бүрийн сорилтуудыг сайтар зохицуулахын үндсэн гарц бол энх тайвныг эрхэмлэж, хөгжих явдал юм. Төрөл бүрийн сорилт, бэрхшээлүүдэд тулгарч буй нөхцөл байдалд, бид хөгжил хэмээх энэ түлхүүрийг сайтар барих хэрэгтэй. Хөгжвөл сая мөргөлдөөний эх үүсвэрийг арилгаж чадна. Хөгжвөл сая ард түмний үндсэн эрх ашгийг баталгаажуулж чадна. Хөгжвөл сая сайн сайхан амьдрах гэсэн ард түмний хүсэл эрмэлзлийг хангаж чадна.

Эрхэм дарга, анд найз нар аа:

Энэ дээд хэмжээний уулзалтаар 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг баталж, дэлхийн хөгжлийг шинээр төсөөлж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд олон шинэ боломж нээж өглөө. Бид үүгээр гараа болгож, төв голч, нээлттэй, бүх талын, шинэлэг зүйлийг бүтээх хөгжлийн замаар хамтдаа замнаж, олон орныг хамт хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой.

Бид төв голч хөгжилд хүрэхийн төлөө хүчин зүтгэж, хөгжлийн боломжийг улам тэнцвэртэй болгох ёстой. Олон улс бүгд дэлхийн хөгжлийн оролцогч, хувь нэмэр оруулагч, ашиг хүртэгч байх ёстой. Нэг орон хөгжөөд бусад орон хөгжихгүй, зарим орон хөгжөөд зарим орон хөгжихгүй байж болохгүй. Орон орны хүч чадал, хөгжлийн түвшин адилгүй байгаа учраас нэг зорилтыг баримталсан нөхцөлд хамтын болоод ялгаатай хариуцлага хүлээх ёстой. Дэлхийн эдийн засгийн удирдлагыг төгөлдөржүүлэн, хөгжиж буй орнуудын төлөөлөл, үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, олон оронд дүрэм горим тогтооход эрх тэгш оролцох эрх эдлүүлэх хэрэгтэй.

Бид нээлттэй хөгжлийг баримталж, хөгжлийн үр ашгийг талуудад хүртээх ёстой. Эдийн засгийн даяаршлын эрин үед олон орон нээлттэйгээр бүтээн байгуулалт хийж, үйлдвэрлэлийн хүчин зүйлийг дэлхийн хэмжээнд улам хялбар, чөлөөтэй урсгалтай болоход тус дөхөм үзүүлэх хэрэгтэй. Олон улс хамтдаа олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, нээлттэй эдийн засгийг бий болгон, хамт зөвшилцөж, хамт байгуулж, хамт ашиг хүртэх хэрэгтэй. Нэгнийхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, хөгжлийн туршлагаа хуваалцаж, хөгжлийн адил бус замуудыг бүхнийг амжилтад хүргэж, хөгжлийн үр шимийг олон орны ард түмэнд хүртээх ёстой.

Бид бүх талын хөгжлийг эрэлхийлж, хөгжлийн үндсийг улам бат бэх болгох ёстой. Хөгжлийн эцсийн зорилго бол ард олны төлөө юм. Ядуурлыг арилгаж, иргэдийн амьжиргааг баталгаажуулахын зэрэгцээ, нийгмийн голч шударга байдлыг хамгаалж, хүн бүхэн хөгжлийн боломжийг эдэлж, хөгжлийн үр шимийг хүртэх явдлыг баталгаажуулах хэрэгтэй. Эдийн засаг, нийгэм, орчин ахуйг зохицонгуй хөгжүүлэн, хүн-нийгэм, хүн-байгалийн эв зохицолд хүрэх ёстой.

Бид шинэлэг зүйлийг бүтээх хөгжилд тус дөхөм үзүүлж, хөгжлийн нөөц хүчийг бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Шинэлэг зүйлийг бүтээх явдал нь амьжиргааны хүч сэлбэж, хөдөлгөгч хүч болдог. Хөгжлийн явц дахь асуудлыг хөгжлөөр л шийдэж чадна. Олон орон өөрчлөлт хийн, шинэлэг зүйлийг бүтээж, хөгжлийн нөөц хүчийг дайчлан, хөдөлгөгч хүчийг эрчимжүүлж, цөм болсон өрсөлдөх шинэ хүчийг торниулах хэрэгтэй.

Эрхэм дарга, анд найз нар аа:

2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр бол дээд зэргийн стандарт бүхий үүрэг, амаргүй амлалт юм. "Ажил үйлс бүтээхэд төлөвлөлт нэг хувийг, хэрэгжилт есөн хувийг эзэлдэг" юм. Олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэн, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийн төлөө хичээл зүтгэл гаргахыг уриалж байна.

Нэгд, олон орны хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөгжилд хүрэхэд тухайн орон өөрийн хүчиндээ түшиглэх хэрэгтэй. "Ходоодны хэмжээгээр хоол идэж, биеийн хэмжээгээр хувцас оёдог" гэсэн хятад үг бий. Олон орон өөр өөрийн онцлогтоо зохицуулан улс орныхоо бодит байдалд зохицсон хөгжлийн стратеги боловсруулах ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж буй орнуудад тусалж, хүчин чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, тэдний бодит хэрэгцээнд нийцүүлэн тусламж дэмжлэг олгох ёстой.

Хоёрт, олон улсын хөгжлийн орчныг сайжруулах хэрэгтэй. Энх тайван, хөгжил хоёр харилцан хамааралтай, харилцан нөхцөлддөг. Олон орон олон улсын энх тайвныг хамт хамгаалж, энх тайвнаар хөгжилд тус дөхөм үзүүлж, хөгжлөөр энх тайвныг бэхжүүлэх ёстой. Хөгжилд гадаад тогтолцооны сайн сайхан орчин шаарддаг. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд удирдлагын өөрчлөлтөө түргэтгэж, судалгаа шинжилгээний олон талт байгууламжууд хөгжлийн нөөц баялгаа нэмэгдүүлэх ёстой.

Гуравт, хөгжлийн түншээ шилдэгжүүлэх хэрэгтэй. Хөгжингүй орнууд амлалт, үүрэг хариуцлагаа цаг тухайд нь биелүүлж, олон улсын хамтын нийгэмлэг Өмнөд Умардын хамтын ажиллагааны гол зам сувгийн статусыг баримталж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, гуран талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, түншлэлийн харилцаанд хувийн хэвшил зэрэг ашиг сонирхлын холбоотой талуудын улам их үүрэг гүйцэтгэхийг дэмжих хэрэгтэй.

Дөрөвт, хөгжлийн зохицуулах механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй. Олон улс макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, сөрөг үр дагавар гарахаас зайлсхийх хэрэгтэй. Бүс нутгийн байгууллагууд интегралчлалын үйл явцаа түргэтгэж, давуу талаараа харилцан нөхвөрлөж, өрсөлдөх хүчээ бүхэлд нь дээшлүүлэх ёстой. НҮБ удирдах үүргээ цаашид бадруулах хэрэгтэй.

Эрхэм дарга, анд найз нар аа:

Өөрчлөлт шинэчлэлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш, Хятад улс өөрийн орны бодит байдалд тулгуурлан Хятадын онцлогтой хөгжлийн замаар замнасан юм. Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг үндсэнд нь биелүүлж, ядуу хүн амын тоо 439 саяар буурч, боловсрол, эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн зэрэг салбарт тодорхой амжилт гаргалаа. Хятадын хөгжил нь 1.3 тэрбум хятадын хүн ардад үр өгөөжөө өгсөн төдийгүй, дэлхийн хөгжлийн үйлсийг ч дорвитой ахиулсан юм.

Хятад улс 60 гаруй жилийн турш олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, 166 улс орон, олон улсын байгууллагад нийт 400 тэрбум юанийн хандив тусламж олгож, гадаадад 600 мянга гаруй тусламжийн ажилтан илгээн ажиллуулсан бөгөөд үүнд 700 гаруй хятад залуус бусад орны хөгжлийн төлөө халуун амиа өргөсөн юм.

Хятад улс үүрэг хариуцлага, ашиг сонирхлыг уялдуулж, үүргээр хариуцлагаа илүү ухамсарлах зарчмыг цаашид баримтлан, олон оронтой хамтдаа 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хүчин зүтгэх болно. Үүний төлөө би удаахь зүйлүүдийг мэдэгдэж байна:

—Хөгжиж буй орнуудын 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихийн тулд, Хятад улс "Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан" байгуулж, эхний ээлжинд 2 тэрбум ам.доллар олгоно.

—Хятад улс буурай хөгжилтэй орнуудад хийх хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, 2030 он гэхэд 12 тэрбум ам.долларт хүргэнэ.

—Хятад улс буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд, арал олтригийн хөгжиж буй орнуудын 2015 онд төлөгдөх хугацаа нь дууссан боловч төлөгдөөгүй Засгийн газар хоорондын хүүгүй зээлийн өрийг цайруулна.

—Хятад улс олон улсын хөгжлийн эрдмийн төв байгуулж, өөр өөрийн орны бодит байдалд зохицсон хөгжлийн онол, практикийг олон оронтой хамтарч судлан солилцоо хийнэ.

—Хятад улс дэлхийн эрчим хүчний интернет сүлжээ байгуулах асуудлыг авч хэлэлцэхийг санаачилж, цэвэр, байгальд халгүй арга хэлбэрээр дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангана.

Хятад улс талуудтай хамтран "нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтаа ахиулан, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк болон БРКИС-ын Хөгжлийн Шинэ Банкийг аль болохоор эртхэн ашиглалтад оруулан үүрэг гүйцэтгүүлж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Эрхэм дарга, анд найз нар аа:

2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг өөрийн үүрэг болгож, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн хөгжлийн үйл хэргийг тасралтгүй ахиулна гэж Хятад улс нэр төртэйгөөр амлаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе