|
|
||
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганы
ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үг
(2015 оны 9 дугаар сар 28. Нью-Йорк)
БНХАУ-ын дарга Ши Жиньпин
Эрхэм дарга, найз нөхөд өө.
70 жилийн өмнө, ахмад үеийнхэн маань фашизмын эсрэг дэлхийн дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнд энх тайвныг авчирсан билээ. Ялалт амар олдоогүй билээ.
70 жилийн өмнө, ахмад үеийнхэн НҮБ хэмээх энэхүү хамгийн түгээмэл, төлөөлөх чанартай, эрх сүр бүхий олон улсын байгууллага байгуулж, хүн төрөлхтний ирээдүйг цогцлоож, хамтын ажиллагааны шинэ үеийг нээжээ. Ийм аугаа байгууллага хүн төрөлхтний түүхэнд байгаагүй юм.
70 жилийн өмнө, ахмад үеийнхэн маань ухаанаа уралдуулж, НҮБ-ын дүрмийг боловсруулж, олон улсын өнөөгийн дэг журмын үндсийг тавьж, олон улсын орчин үеийн харилцааны үндсэн хэм хэмжээг тогтоосон билээ. Энэ нь алс хэтийн үр ашигтай болсон юм.
Эрхэм дарга, найз нөхөд өө.
Энэ оны 9-р сарын 3-нд, Хятадын ард түмэн олон орны ард түмэнтэй хамт Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Дорнодын дайны гол талбарын хувьд, Хятадын 35 сая иргэн амь насаа алдах буюу шархдаж, Японы милитаризмын гол хүчийг эсэргүүцэн, улс үндэстнээ аварсан төдийгүй Европ, Номхон далайн дайны талбарт фашизмыг эсэргүүцэх хүчийг дорвитой дэмжиж, фашизмын эсрэг дэлхийн дайн ялалтад хүрэхэд түүхэн хувь нэмэр оруулжээ .
Түүх бол толь юм. Түүхээс сургамж авч, алдаагаа давтахаас зайлсхийж болно. Бид түүхийг хүндэтгэн дээдэлж, зөв мэдлэгтэй байх ёстой. Түүхийг өөрчилж болохгүй, гэвч ирээдүйг цогцлоож болно. Түүхээ бат санах нь өшөө хорслоо үргэлжлүүлэхийн төлөө биш, харин сургамж авахын төлөө юм. Түүхээ уламжилна гэдэг хуучинтайгаа зууралдахын нэр биш. Харин ирээдүйгээ цогцлоож, энх тайвны галыг үеийн үед бадраахын төлөө юм.
Эрхэм дарга, найз нөхөд өө.
НҮБ 70 жилийн салхи бороог даван туулж, олон орон энх тайвныг сахин хамгаалж, улс орноо байгуулж, хамтын ажиллагаа хайсан эрэлхийлэл, практикийн гэрч болох юм. Түүхийн шинэ гараан дээр, 21-р зуунд дэлхийн энх тайван, хөгжил хэмээх энэ том сэдвийн талаар НҮБ гүнзгий сэтгэн бодох хэрэгтэй.
Дэлхий хурдтай өөрчлөгдөж буй түүхэн хөгжлийн үедээ байна. Энх тайван, хөгжил дэвшлийн гэрэл гэгээ дайн дажин, ядуурал хоцрогдлын хар сүүдрийг даван туулж чадна. Дэлхийн олон туйлт байдал улам хөгжиж, шинэ зах зээл, хөгжиж буй улс мандан бадрах түүхэн цаг үе иржээ. Эдийн засгийн даяаршил, нийгмийн мэдээлэлжүүлэлт үйлдвэрлэх хүчнийг улам чөлөөтэй хөгжүүлж, урьд байгаагүй хөгжлийн боломжийг нээж, мөн нягт нямбай хандууштай шинэ заналхийлэл, шинэ өрсөлдөөн сорилт авчирсан юм.
"Хүн бүр эрхэм ёс суртахуунтай байвал мөрөөдлийн ертөнц бий болно". Энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол хүн төрөлхтний хамтын үнэ цэнэ, НҮБ-ын дээд зорилго юм. Зорилгодоо хүрэх амаргүй учраас бид цаашид хичээн зүтгэх хэрэгтэй. Өнөөгийн дэлхий ертөнцөд олон орон харилцан түшиглэж, хамт оршиж байна. Бид НҮБ-ын үндсэн дүрмийн гол зорилго, зарчмыг уламжилж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэхээр гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлэх ёстой. Үүний тулд бид дараах хэдэн талаар хүчин зүтгэх хэрэгтэй.
-Эрх тэгш харилцаж, харилцан зөвшилцөж, харилцан ойлголцсон түншийн харилцаа тогтоох хэрэгтэй. НҮБ-ын үндсэн дүрэм бүрэн эрх, эрх тэгш байх зарчмыг баримталдаг. Дэлхийн ирээдүйн хувь заяаг олон орон хамт хариуцах ёстой. Дэлхийн олон орон эрх тэгш байх ёстой бөгөөд том нь жижгээ, хүчирхэг нь буурайгаа дарлаж, баян нь ядуугаа үзэн ядаж болохгүй. Бүрэн эрхт зарчим олон орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдан түрэмгийлж үл болох, дотоод засаглалд гар дүрж үл болох зэрэгт илрэх төдийгүй олон орон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замаа бие даан сонгох эрхийг хамгаалах зэрэгт илэрч, олон орон эдийн засаг, нийгмийн хөгжлөө урагшлуулж, ардын амьжиргаагаа сайжруулах, бодит байдлыг хүндэтгэх зэрэгт илэрч байгаа юм.
Бид олон талт үзлийг баримталж, ганц талт үзлийг хэрэгжүүлэхгүй. Хоёр тал хоёул амжилтад хүрч, олуулаа амжилтад хүрч, хамт амжилтад хүрэх шинэ ойлголтыг хэрэгжүүлж, өөрөө хонжиж, бусдыг хоосруулж, хонжсон нь бүгдийг иддэг хуучирсан сэтгэхүйг таягдан хаях хэрэгтэй. Зөвшилцөл бол ардчиллын чухал хэлбэр. Тэр нь орчин үеийн олон улсын засаглалын чухал арга зам юм. Яриа хэлцлээр зөрчлөө зохицуулж, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө тэгшлэх ёстой. Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд бүх дэлхийн түншийн харилцаа тогтоож, "яриа хэлцэл хийж, үл сөргөлдөх, харилцан түншилж, эвсэлд үл нэгдэх" улс хоорондын харилцааны шинэ замаар замнах ёстой. Их гүрнүүд сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх ёстой. Том жижиг орон эрх тэгш харилцаж, шударга ёс, ашиг сонирхлын зөв үзэл баримтлал хэрэгжүүлж, шударга ёс, ашиг сонирхлыг харилцан уялдуулж, шударга ёсыг ашиг сонирхлоос чухал байранд тавих ёстой.
-Шударга ёсыг эрхэмлэж, аюулгүй байдлыг хамтдаа бий болгож, үр шимийг нь хамт хүртэх ёстой. Эдийн засгийн даяаршлын эрин үед, олон орны аюулгүй байдал харилцан холбоотой, харилцан нөлөөлдөг. Ганц өөрийн хүчиндээ түшиглэн аюулгүй байдлаа бүрмөсөн хангаж чадах улс орон гэж үгүй. Бусад орны тогтворгүй байдлаас өөрийн тогтвортой байдлаа хангадаг улс орон гэж үгүй юм. Буурай нь хүчирхэгийнхээ идэш болдог нь ширэнгийн хууль боловч улс хоорондын харилцааны зам биш юм. Дайн самуун дэгдээх нь түрэмгийлэгчийн арга учраас өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгч болох юм.
Бид хүйтэн дайны ямарваа хэлбэрийн сэтгэхүйг таягдан хаяж, нийтээрээ, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой, аюулгүй байдлын шинэ үзэл бий болгох хэрэгтэй. Бид НҮБ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн, дайныг зогсоож, энх тайвныг хамгаалах чухал үүргийг бүрэн биелүүлж, зөрчил мөргөлдөө энх тайвнаар зохицуулах, хүчээр төвшитгөх хоёр арга замыг зэрэг хэрэгжүүлж дайн дажныг зогсоож, энх тайвныг сахих хэрэгтэй. Бид эдийн засаг, нийгмийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хамт хэрэгжүүлж, уламжлалт болон уламжлалт бус заналхийллийг хамт даван туулж, дайн дажны хожмын хор уршгаас хамгаалах хэрэгтэй.
-Нээлттэй, шинэчилсэн, уужуу, харилцан ашигтай хөгжлийн ирээдүйг эрэлхийлэх хэрэгтэй. Капитал ашгийг хэт хөөцөлдвөл, үр дүнд нь шинэ хямрал үүсгэдгийг 2008 оны олон улсын эдийн засаг, банк санхүүгийн хямрал харуулсан билээ. Зах зээл ёс журамгүй болбол дэлхийн хөгжлийн тулгуур үгүй болно. Баян нь улам баяжиж, ядуу нь улам хоосорвол тогтвортой хөгжиж чадахгүй бөгөөд энэ нь шударга ёсыг зөрчиж буй хэрэг юм. "Үзэгдэх", "үл үзэгдэх" хэрэгслийг сайтар ашиглаж, зах зээлийн болон засгийн газрын үүргийг уян хатнаар нэгтгэж, харилцан ахиулж, үр ашиг, шударга ёсыг уялдуулсан, дүрэм журмыг бүрдүүлэх хэрэгтэй.
Хамт хөгжих нь жинхэнэ хөгжил, тогтвортой хөгжил бол сайн хөгжил юм. Энэ зорилтыг биелүүлэхэд нээлттэй үзэл санааг уламжилж, харилцан тусалж, харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай байх зарчмыг ахиулах хэрэгтэй. Одоо дэлхийд 800 сая хүн туйлын ядуу амьдарч байгаа бөгөөд жилд 6 сая хүүхэд 5 нас хүрэлгүй эндэж, 60 орчим сая хүүхэд боловсрол эзэмшихгүй байна. Сая өндөрлөсөн НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний хурлаар 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Бид амлалтаа үйл ажиллагаа болгож, хүн бүр сэтгэл ханамжтай, хамт хөгжиж, нэр хүндтэй гэрэлт ирээдүйг цогцлоон байгуулах хэрэгтэй.
-Адил талаа нэгтгэж, онцлогоо хадгалах соёлын солилцоог ахиулах хэрэгтэй. Хүн төрөлхтний соёлын олон талт чанар дэлхийг олон өнгөтэй болгож, солилцоог бий болгож, солилцоо нь уялдаа холбоог бий болгож, уялдаа холбооноос хөгжил дэвшил үүсдэг.
Соёл хамт оршин тогтноход адил талаа нэгтгэж, онцлогоо хадгалах үзэл санаа шаарддаг. Олон талт байдалд харилцан хүндэтгэж, харилцан суралцаж, эв найртай зэрэгцэн оршвол дэлхий ертөнц баялаг өнгөтэй, хөгжилтэй байж чадна. Өөр өөр соёл өөр өөр үндэстний оюун ухаан, хувь нэмрийг агуулж, дээд доод, сайн муугийн ялгалгүй байдаг. Соёл хоорондоо ялгаварлан гадуурхаж болохгүй. Солилцоо хийхэд орлуулж болохгүй. Хүн төрөлхтний түүх бол өөр өөр соёл харилцан солилцоо хийж, харилцан суралцаж, харилцан уялдсан аугаа том зураг юм. Бид төрөл бүрийн соёлыг хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан суралцаж, бүх соёлыг авч, бүх соёлыг хадгалан, хүн төрөлхтний соёлын хөгжлийг урагшлуулах хэрэгтэй.
-Байгаль, ногоон хөгжлөө хайрласан экологийн систем бий болгох ёстой. Хүн төрөлхтөн байгалийг ашиглаж, байгалийг өөрчилж болох хэдий ч эцсийн бүлэгт өөрөө байгалийн нэг хэсэг учраас байгаль дэлхийгээ заавал хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө байгалиас дээгүүр тавьж болохгүй. Бид аж үйлдвэрийн хөгжлөөс бий болсон зөрчлийг сайтар зохицуулж, хүн байгалийн зохицлоор зорилт болгож, дэлхийг тогтвортой хөгжүүлж, хүн төрөлхтнийг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй.
Экологийн соёлын байгуулалт хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн экологийн бүтээн байгуулалтын замыг хамт эрэлхийлж, эх байгалиа хүндэтгэж, байгалийн жам ёсыг дагаж, байгаль хамгаалах ухамсрыг бат суулгаж, ногоон, нүүрстөрөгчийн давхар исэл бага, нөхөн сэргээгдэх, тогтвортой хөгжлийн замаар урагшлахыг баримтлах ёстой. Энэ талаар Хятад улс үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хувь нэмрээ оруулна. Түүнчлэн хөгжсөн орнууд түүхэн хариуцлага үүрч, бохир хийн гаргалтаа багасгах амлалтаа бодитоор биелүүлж, хөгжиж буй орон бохир хийн гаргалтаа багасгах, цаг уурын өөрчлөлттэй зохицоход нь туслахыг шаардаж байна.
Эрхэм дарга, найз нөхөд өө.
Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө Хятадын 1.3 тэрбум хүн ард хичээн зүтгэж байна. Хятадын ард түмний мөрөөдөл, хүн төрөлхтний мөрөөдөлтэй салшгүй холбоотой. Хятадын мөрөөдлийг биелүүлнэ гэдэг олон улсын энх тайван, олон улсын дэг журам, хүн төрөлхтний ойлголцол, дэмжлэг, тусламжтай салшгүй холбоотой юм. Хятадын ард түмэн мөрөөдлөө биелүүлэх нь олон оронд боломж нээж, дэлхийн энх тайван, хөгжлийг урагшлуулах болно.
Хятад улс хэзээд дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч байж, энх тайван, хөгжлийн замаар замнаж, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөж, өөрөө яаж ч хөгжсөн Хятад улс хэзээд жанжлахгүй, түрэмгийлэхгүй, хүчний хүрээгээ тэлэхгүй байх болно.
Хятад улс дэлхийн хөгжилд үргэлж хувь нэмрээ оруулж, хамтын хөгжлийн замаар хэлбэрэлтгүй урагшилж, харилцан ашигтай, хамт амжилтад хүрэх нээлттэй стратегийг хэрэгжүүлж, хөгжлийн туршлага, боломжоо дэлхийн олон оронтой хуваалцан, Хятадын хөгжлийн "машин"-д суухыг олон оронд урьж, хамт хөгжих болно.
Хятад улс олон улсын дэг журмыг хэзээд хамгаалж, хамтын ажиллагаа, хөгжлийн замаар замнана. Хятад улс НҮБ-ын үндсэн дүрэмд гарын үсэг зурсан анхны орон. НҮБ-ын үндсэн дүрмийн ерөнхий зорилго, зарчмаар гол болгосон олон улсын дэг журам, олон улсын системийг үргэлж хамгаална. Хятад улс хөгжиж буй олон оронтой хамт байж, хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын олон улсын засаглалын систем дэх төлөөлөл үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг цуцалтгүй дэмжинэ. НҮБ-ын хүрээн дэх Хятадын өгөх санал хэзээд хөгжиж буй оронд харьяалагдах болно.
НҮБ-ын ажлыг дэмжиж, олон талт хамтын ажиллагааны салбарыг урагшлуулж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахын төлөө Хятад улс 10 жилийн хугацаатай, нийт 1 тэрбум ам.долларын хэмжээ бүхий БНХАУ-НҮБ-ын энх тайван, хөгжлийн сан байгуулахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна. Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах чадавхын бэлтгэл шинэ механизмд элсэж, эн тэргүүнд энхийг сахиулах байнгын бэлтгэлтэй сэргийлэх хүчин байгуулахаар шийдвэрлэж, 8000 хүний бие бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах бэлтгэл анги байгуулахаа мэдэгдэж байна. Ирэх 5 жилд, Хятад улс Африкийн холбоонд нийт 100 сая ам.долларын цэрэг дайны буцалтгүй тусламж үзүүлж, Африкийн цэрэг арми, хямралыг зохицуулах шуурхай армийн бүтээн байгуулалтыг дэмжихээ мэдэгдэж байна.
Эрхэм дарга, найз нөхөд өө.
НҮБ шинэ арван жилээ угтан авсан энэ боломжийг ашиглан бид улам нягтарч, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх шинэ түнш болж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг нэгэн үзүүрт сэтгэлээр бүрдүүлэх ёстой. Энх тайвныг эрхэмлэж, хэзээд дайтахгүй байх үзлийг хүмүүсийн сэтгэлийн гүнд ургуулж, хөгжил цэцэглэл, шударга ёсыг бодит амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Та бүхэнд баярлалаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |