• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар тэнгэрийн савсалга дахь "Тэнгэр уул"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-26 19:11:05

Энэ нутгийг зорих тухай нэлээд хэд хоногийн өмнөөс сонсоод "ямар газар бол" хэмээн сэтгэлдээ төсөөлж, басхүү чамгүй мэдээлэл ч шүүрдэж үзлээ. Уншсан, сонссоноо нийлүүлээд овоохон ч төсөөлөлтэй болов. "Торгоны зам", "Хашийн хот", "Усан үзмийн орон" гэдгээрээ, түүнчлэн "Ханас нуур", "Тяньчы буюу Тэнгэр нуур", Мөнх цаст "Тэнгэр уул" гээд байгалийн үзэсгэлэн төгсөөрөө алдаршсан газруудаар нь энэ нутгийг бага сага мэддэг болсон ч аливаа шинэ газрыг таньж мэдэж, өөрийнхөөрөө мэдэрч ойлгоход бодит байдал, нэлээдгүй цаг хугацаа хэрэгтэй нь мэдээж. Харин миний хувьд Монгол улсаас Бээжинд ирээд, Бээжингээс Шинжаан Уйгарын нутагт хөл тавих ховорхон сайхан боломж гарсан нь энэ юм. Бид 10-р сарын 12-17-ны өдрүүдэд Шинжааныг зорьж Такишикен, Баркөл боомтын тухай сурвалжлахын зэрэгцээ, нутгийн дуу хөгжимтэй танилцах даалгавартай.


Бид дөрөвт "патиар"-аа татуулах боломж аялалын төгсгөлд л олдов

Үүнийг бичигч миний тухайд Монгол улсын нийслэл УБ-аас Дундад улсын төв Бээжин хотноо байх ХОУР-д мэргэжилтнээр ажиллахаар ирснээс хойш яг 3 сарын босгон дээр "Боомт хотуудын аялал" цуврал сурвалжилгын багт багтан Шинжаан нутгийн золбоолог хүү Пүрэвжав, Шилийн голын уугуул Цогзолмаа эгч, казак хөөрхөн охин Алма нарынхаа хамт Дорно Өрнийг холбосон "Торгоны зам" Шинжаан тийш хүлгийн жолоо заллаа. 4 цаг шахуу нисч Өрөмч хотын "Ди-Өбао" нисэх онгоцны буудалд өдрийн 12.30 цагт газардлаа. Маршрутын маань хамгийн эхний цэг нь Такишикэн буюу Тэгшхэн боомт. Энд хүрэхийн тулд Бээжингээс Өрөмч, Өрөмчөөс Алтай аймаг руу онгоцоор хүрч, тэндээс цааш машинаар явах ёстой аж. Алтай руу 17.30-д нисэх учраас тэндээ нислэгээ хүлээхээр шийдэн Шинжаан нутгийн "Плов"-ыг анхлан амталлаа.


Анхлан амталсан алдарт "плов"

Биднийг Бээжингээс явахад толгойтой болгон л "их хүйтэн цастай байгаа өвлийн хувцас, гутлаа аваарай" гэснийг ч хэлэх үү. Өвлийн хүрэм, гутал бас бус зүйл базаасан чемодан маань чамгүй хүнд. Гэхдээ эдгээр хувцаснуудыг чемоданаас гаргаж "салхи үзүүлсэнгүй" байсаар ирсэнсэн. Үнэндээ бол биднийг намрын налгар сайхан өдрүүд тосч, өмсөж яваа хувцас минь хүртэл зузаадаж байсан шүү. Ингээд бид Өрөмчөөс Алтай аймаг руу нислээ. Онгоцны цонхоор тэртээ доор хөвөх цагаан үүлсийг харж явах тэрхэн зуур үүлсийг цоолоод л гараад ирэв үү гэлтэй нүд сэтгэлийг баясгасан мөнх цаст шовх өндөр уулс нүдний өмнө, бүр дэргэд тодрон гарч ирэхүйд сэтгэл ер бусын ихээр хөдөлж, дуу алдахгүй байж чадсангүй. Ингээд төд удалгүй цастай өндөр сүрлэг уулсын дундах Алтай хотод буулаа. Бид энд хоноод маргааш боомт руу явна.


10000 метрийн өндөрт нисэх онгоцны цонхоор харагдах "ТЭНГЭР УУЛ"

Энэ бол Шинжааны бэлгэдэл "Тэнгэр уул" аж. Байгаль экологийн өөрчлөлтөд унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн Шинжааны "Тэнгэр уул" нь Монгол Улсын баруун хязгаар, ижий аавын минь төрж өссөн Говь-Алтай аймгийн нутагтай залгадаг хилийн бүсэд оршдог юм.


Өрнөн хөгжиж буй Өрөмч хот

Шинжаан-Уйгурын өөртөө засах орон БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрладаг. Нийт газар нутгийн хэмжээ нь 1.66 сая хавтгай дөрвөлжин километр буюу БНХАУ-ын газар нутгийн зургааны нэг юм. Шинжаан-Уйгурын өөртөө засах орон зүүн талаараа Монгол улс, хойд, баруун хойд талаараа ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, баруун өмнөд хэсгээрээ Афганистан, Пакистан, Энэтхэг улстай хиллэдэг. Харин Хятад дотроо Хөхнуур, Ганьсу, Түвдийн өөртөө засах оронтой залгаа нутагтай. Шинжаан-Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд эрт дээр цагт энэ нутгаар их торгоны замын чиглэл дайран өнгөрдөг байж. Хятадын баруун этгээдийн захын боомт Ланжөүгээс гараад өмнөх зам нь Шинжааны Хотан Яркендаар дайрч Тэнгэр уулын даваагаар дамжиж өрнө зүгт лалын худалдааны хотуудад хүрдэг. Хойд зам нь Ланжөүгээс хойд зүгт эргэж Күньлүны хойд сугаар ороож Таримын хотгороор дайрч гардаг. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хойд хэсэгт нь Зүүнгарын тал, өмнөд хэсэгт Кашгарын тал, төв хэсэгт Такла-Макан элсэн цөл бий. Эдгээр тал газрыг 7000 метрийн өндөр "Тянь-Шань"-ий нуруу буюу "Тэнгэр уул" заагладаг. Мөн Ил буюу "Ил урсдаг ус" гэсэн Монгол үг, "Иртыш" буюу монголоор "Эрчис мөрөн" гэдэг гол урсдаг. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. "Өрөмч" гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр "Urumqi" гэж галиглах болжээ.


"Алтай" хотын алтан намар

/2016.10.13/ Маргааш өглөө нь Алтай хотод "Такишикен" боомтын дарга Нурбектэй танилцаж хамт цайлаад тэндээс машинаар боомтыг чиглэлээ. Алтайгаас дөнгөж гаруут замын яг хажууд "Алтан эмээл" гэх нэгэн сайхан дурсгалын цогцолборыг үзэж, зургаа татуулан түр саатлаа. Чингис хаан баруун тийш аян дайнд мордож явахдаа энэ газар үдэлж алжаал тайлсан юм гэнэ. Түүнийг нь билэгшээж энэхүү эмээл бүхий дурсгалыг босгожээ.


Чингис хааны "Алтан эмээл" дурсгалын цогцолбор

Жижигхээн зүйлийг ч хүний анхааралд өртөж, саатан үзэхээс өөр аргагүйгээр цогцлоон бий болгосон байх нь ганц энэ биш байсан гэдгийг аялалын дараагийн өдрүүдэд үзэж харснаас мэдэж, басхүү биширч явлаа. Алтайгаас Такишикен хүртэл 680 гаруй км. Казакийн нэгэн баатарын хөшөөнд Алма, жолооч 2 минь мөргөж хүндэтгэл үзүүлэх, шатахуун авах, замын 2 талын алтан намрын ер бусын өнгө донж бүхий моддын зургийг дурандаа буулгах гэх зэргээр зам зууртаа энэ тэрийг үзэж сонирхсоор зорьсон газартаа ирлээ.


Намрын өнгө

Алтай нутгийн минь уулс шиг өндөр хадан уулсаар хүрээлэгдсэн "Такишикен" боомтод буухад нутаг зүгийн салхи магнай сэрүүцүүлэн, үсийг минь илбэн сэвэлзүүлж, уушги цээж уужруулам намрын сэрүүн тунгалаг агаараараа угтан авлаа. Нэг л дотно сайхан мэдрэмж.


Цэвэр тохилог Такишикен боомт

Биднийг Цэнгэл нутгийн Баянбулаг гэх монгол залуу угтан авлаа. Буудалдаа орж ачаагаа орхиод Такишикены хилийн боомттой танилцаж сурвалжлахаар явлаа. Боомтын тамгын газрын дарга Ван Лижүн, Баянбулаг нар ажлаа танилцуулан биднийг Хятад-Монголын хилийн зурваст дагуулан очлоо. 4-5 хүн бичиг баримт бага сага ачаагаа шалгуулан зогсож байна. Хүн цөөтөйдээ ч тэрүү, дуу чимээ багатай байв. Такишикен цэвэрхэн тохитой боомт аж.


Хятад-Монголын хилийн дээс


"Нутгийн бараа"

Сурвалжлах багийг нутгийн хүү Пүүжээ маань ахалж яваа. Очсон газар бүр нутгийнхан болон албаныхан найрсаг дотно угтаж авч байсан нь Пүүжээ маань очих газраа зөв товлож, уулзах хүмүүстэйгээ маш сайн холбоо тогтоож чадсаных басхүү нутгийн хүүгийн зангаргаа харуулсан явдал байв. Бид бэлтгэх нэвтрүүлгээ сэдэвчилэн хувааж авсан юм. Миний хувьд Шинжаан, Уйгарын дуу хөгжмийг сурвалжилж нэвтрүүлэг бэлтгэх даалгавартай. Харин боомтын талаар тусгайлан бэлтгэх нэвтрүүлгээр хүргэнэ. Маргааш нутгийн хөгшчүүлтэй уулзаж, Шинжааны монголчуудын нэрийн хуудас гэж болох "Жангар" хайлахыг мөн нутгийн сайхан дуу хуураас сонсоно.


Шинжаан нутгийн золбоолог хүү Пүүжээ

/2016.10.14/ Өглөө эртлэн бослоо. Хотын их дуу чимээнээс хол нам гүм, цэвэр цэнгэг агаарт тавтай сайхан амарсан байв. Өглөөний цайгаа уучихаад Баянбулагийн аав ээжийн амьдран суугаа Цэнгэлийг зорилоо. Такишикенаас 80 км. Их тохилог амьдрах Баян-Улаан гуайд ааруул өрөм, бидний хэлдгээр "ориг" сүүтэй цай ууж, Урианхай нутгийн дуу хуураас сонсож, хууч хөөрч өнжив. Баянбулагийн аав, ээж Цэнгэлийн уугуул гэнэ. Ээж Дарьсүрэн нь уртын дууг их сайхан дуулахын зэрэгцээ, сайхан ерөөл хэлчихдэг аж.


Монгол ёс заншлаа умартаагүй урианхай Баян-Уул гуайнд

Оройхондоо уртын дууг сайн мэддэг, сайхан дуулдаг гэх нэгэн настныг зорилоо. "Энэ муу зүрк жаахан болохгүй байна, оо" гэсээр угтах Сүхбат гуай 83-тай, яриа хэл сэргэлэн, уртын болон богинын дуунуудыг хачин сайхан дуулна. Мөн биднийг ирсэн сургаар туульч Баттөр гэх залуу ирж хуучлан, товшуураа цохин туулиа хайлж сонсголоо.


"Үүр цайтал дуулсан ч чадах" өндөр настан Сүхбат гуай


Урианхай туульч Баттөр туулиа хайлж буй нь

Шинжааны монголчууд Тэнгэр уулын орчмоор тархан суурьшсан нь нэн элбэг. Өдгөө тус өөртөө засах оронд амьдарч байгаа монгол үндэстний 180 мянга гаруй төлөөлөл Баянгол, Бортал, Ил тэгэс, Хар-ус, Ховогсайраар нутагладаг.


Хами хотын боомтын албаныхан

/2016.10.15/ Өнөөдөр бид машинаар Өрөмчийг зорьж, Өрөмчөөс хурдан галт тэргээр Хами-д хүрч Баркөл дахь боомтыг сурвалжлах юм. Шинжааны зам торох юмгүй сайхан болохоор 530 км газрыг дороо л туулж Өрөмч хотод ирлээ. Хотыг ойр зуур үзэж сонирхож нэг өдрийг өнгөрөөгөөд маргааш нь Хами-г зорилоо. Тэнд хүрэхэд боомтын гадаад сурталчилгаа хариуцсан дарга гэх өндөр царайлаг Уйгар хүүхэн угтаж авлаа. Хамигийн Лао-емяо боомт Монгол улсын Говь-Алтай аймагтай хиллэдэг, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Хамигаас 4-5 цагийн газар байдаг. Бидний томилолт дуусах дөхөж буцахын өмнө ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний аман болон соёлын өвийн санд бүртгүүлсэн Шинжааны Уйгар үндэстний Мукамын болон түүхийн музейг нь үзэж, басхүү үе үеийн нүүдэлчдийн суурьшин тухалсан энэ сонин газрын тухай мэдлэг мэдээллээ зузаалж авсан юм.


Уйгарын соёлын их өв-"Мукам"-ын музей


Музейн үзмэр бүхий хөгжмийн зэмсгүүд

Ийнхүү бид Бээжингээс гарч Шинжааны Өрөмч-Алтай-Такишикен-Цэнгэл-Хами гэсэн чиглэлээр нисэх онгоц, хурдан галт тэрэг, машин хөлөглөн 7000 мянга гаруй км замыг туулж, ганзага дүүрэн мэдээлэл, гайхалтай мартагдашгүй сайхан дурсамж өвөртлөн харих нь ээ. Шинэ цагийг угтах Шинжаан аадрын өмнөх ажин түжин байдал шиг, хасаг монгол зоныхоо баялаг ардын дуу хөгжим шиг аядуу намуухан оршиж, амьдралын илч дулаанаа түгээсээр байна. Торгоны замын тоост бодлуудаа эмхлэн "Монгол хүмүүнээ сэтгэл сайхан, манайд дахиад ирээрэй" гэж дуулах настны ерөөлийг сэтгэлдээ оршоон, "Ай хө байнаа л гэдэг чинь ямар сайхан сэтгэл юм аа хө" гэж дуулах Шинжааны монголчуудын дэлгэр уужим сэтгэлийг бишрэн шагшиж нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

 

МҮОНР-оос ХОУР-д суугаа мэргэжилтэн Г.Болор
2016.10.25

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе