• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны Гадаад харилцааны сайд хэлэлцээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2017-02-20 18:38:02

Хятадын ГХЯ-ны сайд Ван И 2-р сарын 20-нд Хятадад айлчилж буй Монгол улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилтай хэлэлцээ хийсэн бөгөөд хамт сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ван И хэлэхдээ: Монголын тал Хятадын амин чухал сонирхлыг хүндэтгэж байгаагаа дахин нотолж байгаад Хятадын тал баяртай байна. Монголын талтай хамт дээд давхаргын харилцаагаа сайн төлөвлөж, хоёр орны стратегийн харилцаа холбоог эрчимжүүлэн, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, боловсрол зэрэг салбарын хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, олон салбарын харилцаа холбоог эрчимжүүлэн, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад, Монголын харилцааг эрүүлээр хөгжүүлэх замд оруулах ёстой гэжээ.

Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар Монгол улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил 19-нд Хятадад хүрэлцэн ирж, ГХЯ-ны сайд болсны дараах Хятадад хийх анхны айлчлалаа эхлүүлжээ.

Ноднин жилийн 11-р сард, Далай лам Монголд айлчилсан нь Хятад, Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн юм. Үүний дараа, Монголын тал гүнээ бодолцсоны дараа Далай ламыг дахин айлчлуулахгүй байх зэрэг асуудлаар ил тод амлалт өгсөн юм. Ц.Мөнх-Оргилын энэ удаагийн айлчлалыг хоёр орны харилцааг сайжруулахын төлөө авсан үнэн бодит арга хэмжээ гэж үзэж байгаа тул уг айлчлалд хүмүүс анхаарлаа хандуулж байна.

20-ны үдээс өмнө, Хятад, Монголын ГХЯ-ны сайд нар хоёр цаг хэлэлцээ хийжээ. Үүний дараа хамтдаа сэтгүүлчтэй уулзах үедээ Ван И: "Хятад Монголын харилцааны шинэ гарааг дахин эхлүүлье" гэж шууд хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ноднин жил Хятад Монголын харилцаанд ээдрээ гарсан. Үүний дараа Монголын тал цаг тухайд нь нааштай, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын талд хариу өгсөн юм. Саяын хэлэлцээнд, Монголын тал Хятадын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэхээ дахин нотолсон юм. Хятад Монголын харилцааны шинэ гараа дахин эхэлж байна. Бид үүнд баяртай байна гэжээ.

Хятад улстай урт хугацаанд тогтвортой, эрх тэгш харилцан ашигтай хөгжлийг баримтлах нь Монголын гадаад бодолгын гол зорилт гэж Ц.Мөнх-Оргил онцлов.

Тэрээр: "Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний чиглэл бол Хятад улстай урт хугацаанд тогтвортой найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бодлого юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд гарсан амжилтыг Монгол улс сайшааж байна. Хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэгязгуур эрх ашгийг хүндэтгэж, хоёр орны ард түмний өөрөө сонгосон хөгжлийг замыг хүндэтгэж ирсэн юм. Монгол улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, хойшид ч энэ бодлогыг баримтална" гэжээ.

Монгол улсад тулгарч буй эдийн засгийн бэрхшээлтэй холбогдуулан Хятад улс чадлын хирээр туслалцаа үзүүлнэ гэдгээ Ван И илэрхийлэв. Тэрээр хоёр тал хэлэлцээгээр дамжин хоёр орны дээд хэмжээний солилцоо, олон салбар дахь хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн үйл хэргээр хамтран ажиллах зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрснийг танилцуулав.

Тэрээр хэлэхдээ, "Монгол улсад одоо тулгарч буй эдийн засгийн хүндрэлд туслалцаа үзүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллага Монгол улсад туслалцаа үзүүлэхийг дэмжихийн зэрэгцээ валютын своп гэрээг сунгах, Монгол улс уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорлох зэрэгт туслалцаа үзүүлэн, буцалтгүй тусламж, зээл олгох ажлыг түргэтгэх болно. Хятад улс үргэлжлэн транзит тээвэр, далайн гарц зэрэг салбарт Монгол улсад шаардлагатай тусламж үзүүлэх болно. Хоёр тал хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны тохижуулалт, мал аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг ардын амьжиргааг сайжруулах шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна" гэжээ.

Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилга нь бүс нутгийг дэд бүтцээр холбох, Монголын эдийн засгийн хөгжилд чухал боломжийг хангаж байна хэмээн Ц.Мөнх-Оргил онцлов. Тэрээр: Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5-р сард Хятадад айлчлан "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцон, Монголын "Талын зам" хөгжлийн стратегийг "Нэг бүс нэг зам" санаачилгатай холбохыг хүсэн хүлээж байна гэлээ.

Өдгөө Хятад, Монгол хоёр тал нийтлэг ойлголтод хүрч, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг Монголын "Талын зам" хөгжлийн стратегитай холбох тухай Засгийн газар хоорондын баримт бичигт эртхэн гарын үсэг зурах болно. Сайд Ван И: "'Нэг бүс нэг зам' санаачилга нь өдгөө дэлхий дахинд хамгийн их сайшаагдаж буй олон улсын хамтын ажиллагааны үзэл баримтлал болж, нухацтай ахиж байна. Хятадын талын Нэг бүс нэг зам санаачилгыг хэрэгжүүлэхийн чухал нэгэн зам шугам бол олон улсын хөгжлийн стратеги хоорондын холболтыг ахиулж, түүнээс хамтын ажиллагааны шинэ салбарыг тэлж, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, харилцан ашигтай, хамт ашиг хүртэх явдал юм. Хятад, Монголын хувьд энэхүү гэрээнд гарын үсэг зурах нь хоёр тал болон тус бүс нутагт идэвхтэй эерэг дохио өгч, Монгол улс 'Нэг бүс нэг зам'-ын бүтээн байгуулалтын ахиц дахь хамтын ажиллагааны чухал түнш болохыг харуулах юм" гэлээ.

Ц.Мөнх-Оргил Монголын тал болон ОУВС зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тохиролцсон анхны тусламжийн хэлэлцээрүүдийг танилцуулсан бөгөөд Монголын талд урт хугацааны турш дэмжлэг үзүүлж, энэ удаа мөн зохих арга хэмжээ авахаар зэхэж буйд талархал илэрхийлэв.

Тэрээр хэлэхдээ, "Энэ айлчлалын үр дүнд би сэтгэл ханхлуун байна. Бид ирээдүйд Хятадын талтай хамт тохиролцсон идэвхтэй нийтлэг ойлголтуудаа хэрэгжүүлнэ. Хэд хоногийн дараа, Монгол улсын иргэд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Сар шинэ ирж буй энэ үед Хятадын ард түмэнд өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье" гэжээ.

Мөн өдрийн хэлэлцээний явцад хоёр орны ГХЯ-ны сайд нар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцож, уг хөтөлбөрийг нухацтай хэрэгжүүлэх нь тус хонгилыг найрамдлын, хамтын ажиллагааны, хамтдаа ашиг хүртэх холбоос болгож, 3 орны ард иргэдэд үр өгөөж хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлийг ахиулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе