• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн Вашингтон дэх амьтны хүрээлэнгийн хулсны баавгай эх орондоо буцаж ирэхээр боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 17:07:17

ХОУР ярьж байна. Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Америкийн Вашингтон дэх Смитсоны амьтны төв хүрээлэнд сүүлийн үед хулсны баавгайг сонирхох хүмүүс олширч, хөл хөдөлгөөн ихтэй байна. 3 настай хулсны баавгай Баобао эх орондоо буцах болсон учраас тухайн нутгийнхан салж ядсан сэтгэлээр үдэж байгаа нь энэ билээ. Орон нутгийн цагаар 15-нд, ХОУР-аас Америкт суугаа сэтгүүлч Лю Шяо хүн Смитсоны амьтны төв хүрээлэнгийн хулсны баавгайн ордны удирдлага болон асрагчидтай уулзаж ярилцсан юм.

Хулсны баавгай Баобаог Смитсоны амьтны төв хүрээлэнгийн амин эрдэнэ гэлцдэг. Тус хүрээлэнгийн хулсны баавгайн ордны даргын орлогч Лоре Томпсоны танилцуулснаар "Баобао гэдэг хулсны энэхүү баавгайн эх Мэй Шян Америкт байх хугацаандаа буюу 2005 онд Тай Шань гэдэг эр бамбарууш төрүүлснээс хойш дахин төрөөгүй байж байгаад 2012 онд хоёр дахь бамбаруушаа төрүүлсэн боловч тэр нь долоохон хоног амьдраад энэ хорвоог орхисон юм. Тэгэхээр Баобао мэндэлсэн нь үнэхээр гайхамшиг байлаа.

Лоре Томпсоны "Бид энэ Баобаог нэгэн гайхамшиг хэмээн ярьдаг. Энэ маань бидний олон жил хүсэн хүлээсэн бамбарууш юм. Тай Шань 2005 онд төрсөн. Харин Баобао 2013 онд төрсөн. Энэ хоёр бамбарууш олон жилийн зайтай төрсөн болохоор олон ч мэргэжилтэн Мэй Шянг дахиж төрөхгүй гэж үзэж байсан юм. Баобао мэндэлж тэдний таамаглал буруу байсныг мэдрүүлсэн даа" гэжээ.

Баобао ийм их хувь тавилангаар мэндэлсэн болохоор Вашингтоны олон нийтийн хайр энхрийллийг ихээр татсан болов уу гэж тус амьтны хүрээлэнгийн зүгээс Хятадаас Америкт суугаа элчин сайдын яам, Америкаас Хятадад суугаа элчин сайдын яамдтай хамтран интернет сүлжээгээр бамбаруушинд нэр өгөх ажиллагааг зохион явуулж, даян дэлхийн анхаарлыг татсан ба шалгаруулалтын дүнд тухайн үед Америкаас Хятадад сууж байсан элчин сайд Лүө Жяхүйгийн өгсөн "Баобао" гэдэг нэр олны дэмжлэгийг авснаар бамбарууш тийнхүү Баобао нэртэй болсон юм.

Баобао бамбаруушны асрагч Марти Деари "Баобао маань эрх танхи зангүй, харин ч маш чадварлаг, гэхдээ жаахан омголон байдаг л даа" хэмээн сэтгэл хөдлөн хэлж байсан юм.

Марти Деари "Баобао бие даасан, өөрийнхөөрөө зантай. Хар нялхаасаа л модонд авирах дуртай. Эх нь ч адилхан, бид ч адилхан модноос нь буулгаж авах гэж үнэхээр цөхрөнгөө бардаг. Тэр өөрийнхөөрөө л байх дуртай, бид заримдаа энэ үнэхээр муур шиг юмаа гэлцдэг. Зүгээр суухгүй, мөн олонтойгоо байдаггүй болохоор хаяа нэг ирээд ноолохоор нь бид үнэхээр их баярладаг юм" гэжээ.

Марти Деаригийн танилцуулснаар сүүлийн үед хулсны баавгайн ордны мэргэжилтнүүд Баобаог нисэх онгоцны бүхээгт суулгах дасгал хийлгэж байгаа юм байна. "Баобао маань бие дааж сурснаараа аргагүй амархан дасаж байна даа, дэндүү их дасаад онгоцны бүхээгээс гарах дургүй болчихвий гэж санаа зовох юм" гээд Марти Деари инээмсэглэж байлаа.

Баобаог хар багаас нь эх оронд нь буцаах бэлтгэл хийсэн тухайгаа тус хүрээлэнгийн хулсны баавгайн ордны даргын орлогч Лоре Томпсон ийн хуучилсан юм.

Лоре Томпсон "Баобаог хар нялхаас нь бид дасгал хийлгэж, эх оронд нь буцаах бэлтгэл хийлгэж байлаа. Бид үндсэн мэдлэгтэй болгосон. Жишээ нь өөрийн бие эрхтнээ таних, цус авах, ЭХО зэргийг мэддэг болгосон. Эх орондоо буцсаны дараа хээл тогтох үед сурсан эдгээр зүйлс нь хэрэг болох юм" гэжээ.

Харийн нутагт төрсөн хулсны баавгайнуудыг 4 настай болохоос нь өмнө эх оронд нь буцаадгийг хүмүүс мэддэг боловч их олон хүн Баобаог явуулах дургүй байгаагаа илэрхийллээ хэмээн Лоре Томпсон ярьж байлаа.

Багшилж байгаад тэтгэвэртээ гарсан 75 настай хатагтай Потемкин хулсны баавгайг их шохоорхдог ажээ. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ "би өдөр болгон цагаан ордон уруу утсаар ярьж, Баобаог эндээ байлгах талаар Хятад улсын даргатай ярихыг Америкийн ерөнхийлөгчөөс шаардаж байна" гэжээ.

Энэ асуудалтай холбогдуулан Лоре Томпсон хэлэхдээ "Баобао маань өсөж том болж байгаа болохоор өөрийн гэсэн амьдралтай байх шаардлагатай. Эх орондоо буцаж ханьтай болж, үржиж төлжин, удам угсаагаа залгах ёстой. Вашингтонд байгаад байх юм бол гав ганцаараа өтөлнө шүү дээ" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе