• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БИД ХАМТДАА МЭДЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

CRI       (GMT+08:00) 2014-12-12 18:30:25

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийг тохиолдуулан Хятадын Олон улсын радиогиос зохион явуулсан "Бид Хамтдаа" уралдаан амжилттай өндөрлөлөө. Аяны богцоо задлаж, уралдааны дүнгээ тайлагнах цаг болжээ.

2014.08.10 - 2014.11.01-нд зохион явуулсан "Бид хамтдаа" мэдлэгийн уралдаанд маань 1000 гаруй сонсогч хариулт ирүүлсэн билээ. Уралдааныг радио богино долгионоос гадна веб сайт, олон нийтийн цахим сүлжээ зэргийг ашиглан "текст, фото, аудио, видео" 4 хэлбэрээр түгээснээр Монгол улсын сонсогчдоос гадна Хятад улс дахь монгол оюутнууд, монгол үндэстнүүдийг уралдаанд идэвхтэй оролцуулж чадсан нь том олз байв. Оролцсогчдыг насны бүлгээр ангилахад, 70-аас дээших хувь нь оюутан сурагчид байсан нь радио сонсогчдын нас улам бүр залуужиж байгааг харуулсаны зэрэгцээ радиог шинэ медиаг хослуулах нь зайлшгүй хэрэгцээт бөгөөд үр дүнтэй хэлбэр гэдгийг дахин нотолсон юм.

АНХНЫ СОНСОГЧИД - ХОРЧИНЫ ДУУ ХООЛОЙ

Уралдаан эхлээд удаагүй байхад Өвөрмонголын Хорчины дуу хоолой радиогийн мэргэжил нэгт 100 гаруй сэтгүүлчтэй "Сэтгүүлзүй ба шинэ мэдээллийн хэрэгсэл" сургалтанд оролцож, тэдэнд "Бид Хамтдаа" мэдлэгийн уралдааны нэвтрүүлгийг сонсгох боломж тохиосон билээ. Анхны сонсогч - шүүгчдийн маань нэвтрүүлэгт өгсөн нухацтай үнэлгээ, бурам шиг урам нь бидэнд олдошгүй үнэтэй санагдсаныг хэлэх зүйтэй. Аргагүй л ясны сэтгүүлчид дээ. "Бид хамтдаа аялж байна" нэвтрүүлгийг сонсоод, нэвтрүүлгийн бүтэц , зохиомж, хэрэглэсэн ая, чимээ, хүний яриа бүгдийг нэгд нэгэнгүй тэмдэглэж авснаа үзүүлж байсан юм шүү.

ШИНЭ МЕДИА ОЛОН ОРОЛЦОГЧИЙГ ТАТАВ

Анхны сонсогчдын сонорын шалгуурыг даваад нэвтрүүлгүүд маань даль жигүүрээ дэлгэн Хятад дахь газар газрын монголчууд руу "нислээ". БНХАУ дахь Монгол оюутны холбооны залуус маань Бээжин, Шанхай, Ляонин, Гирин, Өвөрмонгол гээд Хятадын 11 хот, мужаас нэвтрүүлэг сонсчээ. Техник технологийн өндөр хөгжил, шинэ мэдээллийн хэрэгслүүдийн хурд хүчний гайхамшиг бидэнд дахин мэдрэгдэх шиг болов. Нэвтрүүлгүүдийг уламжлалт богино долгион болон интернет радиогоор дамжуулснаас гадна видео хэлбэрт оруулан Facebook, wechat зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр түгээсэн нь аргагүй үр дүнд хүргэжээ. БНХАУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн Ариунтэнгэр уралдаанд оролцоход хялбар байсан тухай бидэнд ярьж байв.

РАДИО СОНСОГЧИД МААНЬ УЛАМ ЗАЛУУЖЖЭЭ

Хэдийгээр техник технологийн хувьсал, өндөр хөгжил бидний амьдралын хором бүрт шургалж, ид шидээ үзүүлсээр байгаа боловч радиогийн үүрэг нөлөө өнөө хэр буураагүй бөгөөд өсөх ирээдүйтэй хамгийн энэрэнгүй мэдээллийн хэрэгсэл хэвээр байна. Энэрэнгүй хэмээсний учир нь радио бол мэлмийг амраагч, сонорыг цэнгүүлэгч юм. Сонсох урлагт дурлагчдын "Найрамдал клуб" маань 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш ХОУР-гоос зарласан уралдаан бүрт амжилттай оролцож ирсэн билээ. Энэ удаагийн Бид хамтдаа уралдаанд ч сонсогчийн клуб маань өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Сонсогчийн клубийн гишүүдийн нас жилээс жилд залуужиж, оюутан сурагчид радио сонсогчдын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг болсон талаар Найрамдал клубийн гүйцэтгэх захирал Цэвэгмид бидэнд ярьсан юм.

ОЮУТАН СУРАГЧДЫН ДАЛАЙ МЭТ ХҮЧ ДЭМЭЭР...

Залуу хүний хүсэл тэмүүлэл оргил үгүй тул оюуны хүч нь ч шавхагдашгүй, далай мэт байдаг ажээ. "Бид хамтдаа" уралдаанд маань Монгол улсын Үй цай бүрэн дунд сургууль, Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, Монгени цогцолбор сургууль, Сэнлизэ бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургуулийн багш оюутнууд оролцож, уралдаанд маань амь оруулан, сэтгэл оюунаараа чимэглэсэн билээ. Ялангуяа Үй цай бүрэн дунд сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Та бүхний далай мэт хүч дэмээр уралдаан маань амжилт, олз дүүрэн өндөрлөж байна. Та бүхэнд мэдлэг оюуны цэнгэлийг багахан атугай ч эдлүүлж чадсан бол бидний зорилго биелэж буй нь тэр.

ТА БҮХЭНД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе