• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан хэрэм-Ба Дайлин...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 15:17:07

     РЕД: "Цагаан хэрэм дээр гараагүй бол, Чамингийн гудамжаар алхаагүй бол, Шарсан нугас идээгүй бол Бээжинг үзлээ гэж хэлэх хэрэггүй" Ийм нэгэн үг хэзээ ч юм бүү мэд хүмүүсийн дунд дэлгэрсэн байдаг юм. Тиймээс бид Бээжин хотоор хийх "Цагаан хэрэм, Чамингийн гудамж, Шарсан нугас" холбоо гурван аяллын эхний хэсэг болох "Түмэн газрын цагаан хэрэм"-ээр хийх аялалд таныг урьж байна.

     РЕД:Аялалдаа мордохынхоо өмнө таныг түр саатуулж түүхийн хуудас сөхье.

     Хятадын түүхэнд анхны төр улс Сяа нь одоогоос 4 мянган жилийн өмнө үүсэн тогтсон хэдий ч МЭӨ 221 оны Цинь гүрэн хүртэл тархай бутархай явж иржээ. Түүхэнд их цагаан хэрмийг байгуулсан хэмээн тэмдэглэгдсэн Цинь-Ши хуанди тэрхүү тархай бутархай олон улс орныг нэгтгэж Хятадын нэгдсэн төр улсыг байгуулснаараа Хятадын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Цагаан хэрмийг угтаа Цинь гүрний хаан Цинь Ши-гээс хавьгүй өмнө оршиж байсан олон жижиг улс орон умардын нүүдэлчдээс хамгаалан байгуулсан юм. Цинь-Ши хуандийн байгуулсан Хятадын анхны төр улс ердөө 15 жил оршин тогтносон хэдий ч өмнө байсан өөр хоорондоо холбоогүй олон тасархай хэрмийг нэгтгэж "умрын зэрлэгүүдээс" хамгаалах нэгдсэн системийг бий болгож чаджээ. Ингэж хятадын иргэншил, нүүдэлчдийн соёл хоёрыг хооронд тусгаарласан 2 000 жилийн турш хүлээн зөвшөөрөгдсөн аугаа их хил үүссэн түүхтэй. Цагаан хэрмийг босгох, дахин янзалж сэргээх ажил олон үеийн турш үргэлжилсээр 7 300 гаруй км урт болжээ. Суурьшмал иргэн өөрийгөө хамгаалах хүчирхэг нэгдсэн систем бий болонгуут тэднийг уулгалан дайрдаг нүүдэлчид ч түүний хариуд довтолгооны систем үүсгэх шаардлагатай болсноор төв Азийн элгэн дээр Хүннү хэмээх нүүдэлчний анхны нэгдсэн хүчирхэг төр улс бий болсон юм.

      Хүннү гүрний түүх эдүгээгээс 2 000 гаруй жилийн өмнө буюу МЭӨ-209 онд Модун хэмээх ханхүү эцэг Түмэн шаньюг хороож төрийн мэдлийг гартаа авснаар эхэлдэг. Энэ бол Хятадын нэгдсэн төр улс Цинь гүрэн байгуулагдсанаас ердөө 12 жилийн дараах хэрэг юм. Хүчирхэгжсэн Модуны Хүннү гүрний байнгын аян дайн нь Цинь-Ши хуандийн байгуулсан хятадын нэгдсэн төр улс унах бас нэг шалтгаан болжээ. Цинь гүрний дараа Хятадад 400 жил оршин тогтсон Хань гүрэн үүссэн юм. Хань гүрэн унаснаар анх Цинь-Ши хуандийн нэгтгэсэн хятадын төр улс дахин задарсан түүхтэй. Ийнхүү Хань гүрний үед тарж бутарсан хятад орныг хагас мянган жилийн дараа дахин нэгтгэсэн Сүй гүрэн үүсэж 30 хүрэхгүй жил тогтсон хэдий ч түүний суурин дээр Хятадын соёл иргэншлийн эрин үеийг авчирсан Тан гүрэн 618 онд байгуулагдаж 300 жил оршин тогтсон юм.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе