Л. Дуурсах: Өвөр Монголын ахан дүүстэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна

2018-09-29 16:27:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхий ертөнц тасралтгүй хөгжиж, бидний амьдралд технологийн хэрэгцээ ихсэх тусам ногоон байгаль үгүй болсоор л байна. Тиймээс эх дэлхийгээ хайрлаж, эко бүтээгдэхүүнийг бүтээж ажил амьдралдаа байгалийн багахан хэсгийг ч болов бий болгож ашиглах шаардлагатайг хүмүүс хэдийнээ ойлгож ухаарч эхэлсэн. Тэдний нэг нь Эко боловсрол-Эко хөгжил ГҮТББ-ын тэргүүн, МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” Л.Дуурсах билээ. Түүнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Л. Дуурсах: Өвөр Монголын ахан дүүстэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэж байна! Юун тэргүүнд бидний урилгыг маш шулуухан хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн, сайн явж ирэв үү? Лувсандорж овогтой Дуурсах би 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав маань автын ослоор нас барсан тул айлын том хүүгийн үүргийг гүйцэтгэж, дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд суралцалгүй, их эрт ажилд орсон.

-Танай "Эко боловсрол-Эко хөгжил"-ийн төвтөй эхлээд танилцмаар байна?

Манай "Эко боловсрол-Эко хөгжил"-ийн төв нь Төрийн бус байгууллага. Чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулан, компани, аж ахуйн нэгж, ард иргэд, Засгийн газар гурвыг хооронд нь холбож өгдөг үүрэгтэй байгууллага. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уламжлалт технологийг дэвшилтэт технологитой уялдуулан хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг байгаль экологид ээлтэй хөгжүүлэхэд "Мэдлэг, мэдээлэл түгээх, нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоогоор" дамжуулан нийт ард иргэдэд сурталчлан таниулах, дэмжих хөгжүүлэх бүх төрлийн үйл ажиллагааг цогцлоосон бодлогын байгууллага юм. “Эко боловсрол-Эко хөгжил” ГҮТББ нь үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллагууд, компани, хувь хүмүүст болон шинэ санаа гарган төслөө дэмжүүлэх замаар хандсан бизнес эхлүүлэгчдэд гарааны хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх, байгальд ээлтэй эко төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэгдсэн юм. Манай байгууллагын давуу тал гэвэл хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар гэхчлэн чиглэл чиглэлийн 2000 гаруй эрдэмтэн судлаачдын 25 жилийн турш хийсэн судалгаан дээр суурилан гаргасан "Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн шинэчилсэн аргачлалаар хөгжүүлэх бодлого" бидэнд байна. Үүний дагуу үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесменүүд, аж ахуй эрхэлдэг малчид, газар тариаланчдыг удирдан энэ бодлогыг даган мөрдөх юм бол наймхан жилийн дотор Монгол Улсад ядуу хүн байхгүй бүгд өндөр цалинтай хүн болно гэдэгт найдаж байна. Дэлхийн мөнгийг ашиглах боломж Монгол Улсад байна. Нэг эрдэмтэн нь жижигхэн судалгаанд хорь, гуч, дөч, нэг насыг зориулдаг. Жишээлэхэд говийн бэлчээрийн судалгаа хийхэд, говьд очоод майхнаа бариад таана хөмөл өдөрт хэдэн сантиметрт ургаж байгаа гэх мэт эрдэмтэд маш их цаг зарцуулсан судалгааг нийлүүлэн ийм хөгжлийн бодлого гаргасан.

Л. Дуурсах: Өвөр Монголын ахан дүүстэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна

- Энэ хөгжлийн бодлого тань хэр хэрэгжиж байгаа вэ?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын УИХ-аас ийм ажлыг Засгийн газрын оролцоогүйгээр бие дааж хэрэгжүүлэх боломжтой хуулийн заалтыг гаргасан. Мэдээж энэ хуулийг гаргахгүй бол хийж чадахгүй үргэлжлэх л байх. Хуулиа дагаад журам заалтууд эхлэн гарч бүрдэж байна. Хууль дүрэм нь гарсан нөхцөлд Өвөр Монголын ахан дүүстэй, судалгааг хийсэн эрдэмтэн, аж ахуйн нэгжийг холбон ажил хэрэг болгоход саад болох зүйл байхгүй болно. Хятад, Япон, Солонгос, Герман, Арабын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа Хятад улсын Өвөр Монголын ахан дүүстэйгээ хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид том мөнгөтэй ирэх албагүй. Манай байгууллагын гишүүн болсон тохиолдолд гадаад дотоодын хүний эрх ашгийг 100 хувь тавь заран жилээр хамгаалах боломж бүрдэж байна. Дахиад хэлэхэд манай байгууллага чинь Монгол Улсын хамгийн шилдэг эрдэмтэн зохион бүтээгч, инженерийг цуглуулж олон жил судалгаа хийж ажилласан туршлагатай, хөдөө аж ахуй, барилгын материал, машин механизм, тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл, арьс шир, ноос ноолуур хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг ч хамарч ажилладаг.

- Та “Бяцхан тархи”, “Их тархи”, “Супер тархи” зэрэг электрон толь бичгийг бүтээсэн төдийгүй Монголд анх удаа дижитал уншигч бүхий “Англи хэлний ярьдаг ном”-ыг зохиож, Монгол Улсынхаа гадаад хэлний хөгжилд шинэ дэвшлийг авчирч байсан юм байна. Энэ тухайгаа яривал?

90-өөд оны дунд үед гадаадад сурдаг оюутнууд маань цаасан толь хэрэглэдэг байлаа. Багшийнхаа лекцийг ойлгохын тулд цаасан толь эргүүлсээр байгаад хоцорчихдог байсан. Африкийн оюутнууд хүртэл өөрийн төрөлх хэлтэй электрон толь хэрэглээд байхад бид яагаад болохгүй гэж гэсэн бодлоор бүтээсэн. Миний электрон толь ч яг цаг үеэ олж гарсан болохоор хүмүүс ч сайхан хүлээж авсан. Монголын олон мянган хүүхэд миний бүтээсэн электрон толийг хэрэглэж, хятад, англи, орос, герман зэрэг гадаад хэлийг сурсан. Одоо хүртэл оюутнууд электрон толиор хичээлээ сурч байна. 100 мянган хүүхэд оюутнууд хэрэглэсэн дөрвөн бүтээлээрээ оюуны хөрөнгө оруулалт оруулсныг төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Шилдэг Зохион бүтээгч”, “Хөдөлмөрийн Хүндэт медаль” зэргээр шагнасан.

Л. Дуурсах: Өвөр Монголын ахан дүүстэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна

2011 онд МУИС эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны анхны монгол хүндэт доктор цолыг хүртэв. Энэхүү том цолыг Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Л.Дуурсах надад Монголын анхдагч хүндэт доктороор өргөмжлөн олгосон нь миний олон улсын болон дэлхийн хэмжээний бүтээл туурвих эхлэл болсон.

- Та хөдөө аж ахуйн судалгаа хийж байгаад гэнэт яагаад электрон толийг  хийх болсон бэ?

Би зохион бүтээгч хүн. Зохион бүтээгч гэдэг маань юманд баригдахгүй, хөдөө аж ахуйн зүйл, гар утас, компьютер, онгоц, барилга эмнэлгийн хэрэгсэл гээд бүхнийг зохион бүтээх чадвартай байдаг.

- Таныг зохион бүтээгч болоход хэн нөлөөлсөн бэ?

1978 онд намайг 12 настай байхад аав маань Хүүхдийн ордонд залуу зохион бүтээгчийн дугуйланд оруулсан. Тэнд нисдэг онгоц, усан онгоц, машины загварыг зохион бүтээж сурсан. Тэр дугуйлан надад их юм өгсөн. Зохион бүтээгч хүнд багш хүн, сургуульд баригдахгүй, өөрийн ухаан хөдөлмөр хоёроороо хийж бүтээдэг. Би их дээд сургууль төгсөөгүй, хүмүүсийн хийж чадахгүй зүйлийг би хийх ёстой гэж боддог. Зохион бүтээгч хүн нэгээс наймдугаар ангид нь толгойд нь юмны аргыг зааж өгөхөд цаашаа өөрөө ухаанаа олоод явчихна. үн ухааны ном сайн уншина, матмeтик, хими, физик, геометрийн ном бас сайн үзэх хэрэгтэй.

- Одоо яг энэ электрон толь шиг таны нэрийг гаргах ямар бүтээл бүтээж байна вэ?

Хийсэн бүтээлүүд байгаа. Манай Эко Боловсрол-Эко хөгжил ТББ-ын дэргэдэх эрдэмтэн, зохион бүтээгчдийн зөвлөлийн зүгээс олон жилийн судалгаа, туршилтуудыг үндэслэн үндэсний гамшиг болсон утаа, агаарын бохирдлыг 3-н үе шаттай, бодитоор бууруулж чадах төслийн саналыг “давхар усан цамц” бүхий пролиз буюу битүү нэрэх технологиор нүүрсэн түлшийг шатаадаг “Дабль Эко Зуух" бүтээсэн, 5 тонн нүүрсээр долоо хоног шатна. Нүүрсийг найм дахин хэмнэх боломжтой. Яривал маш их зүйл байгаа. Эр мал хөнгөлдөг цахилгаан төөнүүрийг нэрлэж болно. Эцэг малын махыг хүнсэнд хэрэглэж болдоггүй шүү дээ. Тэгвэл энэ төөнүүрээр малыг хөнгөлөхөд тэр махыг хүнсэнд хэрэглэдэг болно.

- Тэгэхээр малыг яаж хөнгөлөх ёстой юм бэ?

Хөнгөлөхдөө шинжлэх ухааны ололт дээр суурилсан иновацид оруулах ёстой. Энэ нээлтийг Нилбаатар гэдэг эрдэмтэн 40 жил туршсан. Багаж тоног төхөөрөмжийг электрон өндөр технологид хувиргах ажил дээр нь миний бие зохион бүтээгчийн зүгээс хоёр жил ажиллаад сайжруулсан. Хамгийн гол нь малын төмсгийг суга татахгүйгээр хөнгөлөх юм. Төмсгөнд хоёр төрлийн судас байдаг. Нэг нь үр тогтоодог, нөгөөх нь сэрэл өдөөдөг. Тэдгээр судсыг цахилгаан төөнүүрээр тасална гэсэн үг. Тэгэхээр мэдээж хээлтүүлэх чадваргүй болно. Маханд нь ямар нэгэн шивтэр зэрэг амт орохгүй. Ингэснээр төмсөг өөрөө шимэгдээд уураг болж бие рүүгээ тарна. Хурга, ишгэндээ төлөг шиг. Төлгөндөө нас бие гүйцсэн том эр хонь шиг тийм том биетэй болно. Энэхүү шинжлэх ухааны ололт дээр суурилсан иновацийг Монголд нэвтрүүлснээр нэг их наяд хэмжээний төгрөгийн махан ашиг улсын төсөвт орж ирэх юм. Мөн уургаар баялаг царгасаар малаа тэжээх юм бол бид жилдээ ийм хэмжээний ашиг хүртэнэ. Тэгэхээр айлаас эрэхээс авдраа уудал гэгчээр бидэнд нөөц бололцоо байна. Харамсалтай нь эрх баригчид эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсдоггүй учраас дотоодынхоо нөөц бололцоог тооцоолж чадахгүй байгаа юм. За тэгээд охин малаа царгасаар уурагжуулж, эр малаа төөнөж хөнгөлөх юм бол энэ хоёрын үр дүнд хоёр их наяд төгрөгийн хэмжээний махан ашиг Монголд орж ирэх юм.

 - Таны одоо хийж байгаа, энэ ширээн дээр өрөөстэй зүйлээсээ танилцуулаач?

Энэ Монгол Улсын Төв аймгийн Эрдэнэ суманд төлөвлөж байгаа Эко ухаалаг хотхоны байгуулалтын зураг төсөв байгаа юм. Дизайныг би өөрөө гаргаж байгаа.

- Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхныг хүсэж байна.

Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж байна.


Зохиогч: Ярилцсан: Ц.Урантунгалаг, Х.Арвинтал 

Найруулагч: Ц.Урантунгалаг 

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв 

 

Их уншсан

холбоотой мэдээ