Монгол Улсын хятад судлалд хүчин зүтгэсэн эмэгтэй профессор

2018-09-29 16:38:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол Улсын иргэн доктор, профессор Л.Маналжав гэх эгэл даруухан, эрдэм билэгтэй, оюунлаг багштай уулзаж ярилцсандаа сэтгүүлч бид олзуурхан баярласан юм. 

Монгол Улсын хятад судлалд хүчин зүтгэсэн эмэгтэй профессор

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод ажиллаж байхдаа манай Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг "Монгол Улс дахь Хятад Судлаач" ярилцлагын хүрээнд нэлээд хэдэн эрдэмтэн судлаачаас ярилцлага авахад судлаачид маань "Маналжав багшаас эхлээд авахгүй яасан юм бэ" гэж гайхаж байсан. Тухайн үед Маналжав багш маань Бээжинд ажиллаж байсан болохоор холбоо барьж чадахгүй байсан. Харин энэ зун аз тааран уулзаж ярилцсан юм.

Академич Бэсүд овогтой Шадавын Лувсанвандангийн ууган охин Маналжав 1938 оны 09-р сарын 16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо төржээ. Л.Маналжав 1946 оноос Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцаж, 1954 онд наймдугаар ангийн сурагч байхдаа 10-р ангийн төгсөлтийн улсын шалгалт өгч амжилттай тэнцжээ. БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын шугамаар Хятад улсын их дээд сургуульд орохын тулд дунд сургуулиа урьдчилан дүүргэсэн гэдэг.

50-иад онд дэлхий дахин Хятад улсыг их сонирхож эхэлсэн цаг үед Монгол Улсын Засгийн газраас 1952 оноос оюутан бэлтгэж эхлэв. Эхний үед 2-3 оюутан явуулдаг байсан ховорхон боломж 1954 онд Л.Маналжавт тохиож, БНХАУ-ын Бээжин Их Сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид хоёр жил сурч, үргэлжлүүлэн Бээжин Их Сургуулийн Хятад хэл, утга зохиолын ангид таван жил суралцаж, 1961 онд амжилттай дүүргэсэн байна.

Монгол Улсын хятад судлалд хүчин зүтгэсэн эмэгтэй профессор

- Хэлээс өөр мэрэгжил сурах сонирхол огт байгаагүй. Намайг арван нэг хоёртой байхад л аав маань орос хэл, ангил хэл үзүүлж эхэлсэн. Орос номыг надтай хамт уншаад тайлбар хийж өгөөд орхидог. Би түүнийг нь үргэлжлүүлэн толь бичиг эргүүлэн уншиж дуусгадаг байсан. Хувийн журмаар багаасаа аавын найзууд байсан том эрдэмтэн багш нарынхаа гэрт хүрч заалгадаг байлаа. Ингэж хэл сурах сонирхлын дагуу хятад хэлний мэргэжил сонгосон. Мэргэжлээ сонгоход ч аавын нөлөө их байсан. Aав минь Хятад улсыг хөгжсөн хүчирхэг орон болно. Бас эртний соёлтой гэж харж байсан хэмээн Л.Маналжав гуай хэрхэн хятад хэл сурч судалж эхэлсэн тухайгаа дурслаа.

Монгол Улсын хятад судлалд хүчин зүтгэсэн эмэгтэй профессор

Тэрээр Бээжин Их Сургуульд суралцаж байхдаа "Хятад хэлний түүх", "Орчин цагийн хятад хэл", "Хятад хэлний нутгийн аялгуу", "Хятадын эртний утга зохиол" зэрэг хичээлийг хамгаас илүү сонирхон судалжээ. Бээжин Их Сургуулийн Хятад хэл, утга зохиолын ангийг дүүргэхдээ "Монгол, хятад хоёр хэлээр бичсэн чулууны бичээснүүдийн доторх хятад үгийн авиа" гэсэн сэдвээр дипломын ажил бичсэнийг нь залуу багш Тан Зуофань удирдсан байна. Монгол, хятад хоёр хэлээр зэрэгцүүлж бичсэн хөшөөний бичээснүүд дотроос хятад үсгийг уйгуржин үсгээр тэмдэглэснийг ялган түүвэрлэсэн нь голдуу албан тушаал, газар орны нэр байжээ.Уйгуржин монгол үсгийн галиг нь дөрвөлжин үсгийн нэгэн адил Хятадын судлалд зохих ач холбогдолтой гэдгийг баталж нотлохыг оролдсонд түүний дипломын ажлын үндсэн зорилго оршино.

Монгол-Хятад судлалыг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, доктор Д.Шүрхүү тэмдэглэсэнчлэн "Монгол-Хятадын харилцаа сайн байсан 1950- иад онд Чулууны Далай, Нямбуугийн Ишжамц, Лхамсүрэнгийн Жамсран, Чойжавын Лувсанжав, Л.Маналжав зэрэг нэлээд залуучуудыг Бээжин, Шанхай хотын нэртэй их сургууль руу илгээн сургаж байсан нь хожуу Монгол Улсын орчин цагийн хятад судлалын нэртэй төлөөлөгчид болсон түүхтэй билээ.

Судлаач Л.Маналжав Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Монголын нууц товчооны хэлний авиалбарын тогтолцоо" сэдвээр 1973 оны 06-р сарын 29-ний өдөр хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалжээ. Монгол Улсдаа "Монголын нууц товчоо" судлалаар хэл шинжлэлийн ухааны эрдмийн зэрэг хамгаалсан хамгийн анхны эмэгтэй доктор болж, монгол судлалын түүхэнд нэрээ мөнхөлжээ. Түүний эрдэм шинжилгээний удирдагчаар академич Бямбын Ринчен профессор ажилласны зэрэгцээ албан ёсны шүүмжлэгчээр нь академич Цэндийн Дамдинсүрэн, академич Амгаагийн Лувсандэндэв нар мөр зэрэгцэн хоёргүй сэтгэлээр ажилласан байдаг. Тухайн цагийн монгол судлалын өнгө аясыг тодорхойлогч их эрдэмтэд бараг л бүгд оролцсон нь түүний хамгаалсан судалгааны сэдэв ямар чухал болохыг илтгэн харуулдаг. "Монголын нууц товчоо" бол хятад дүрс үсгээр тэмдэглэгдэж үлдсэн монгол хэлний хамгийн эртний агаад хамгийн том дурсгалт бичиг мөн. "Монголын нууц товчоон"-ы авианы тогтолцоог шинжлэн судлахад эртний хятад хэл сайтар сурах зайлшгүй шаардлагатай байдаг. "Монголын нууц товчоон"-ыг судалсан гадаад, дотоодын үе үеийн эрдэмтэд эртний хятад хэлийг сайн мэддэг байсныг харуулж байгаа аж.

Монгол Улсын хятад судлалд хүчин зүтгэсэн эмэгтэй профессор

Судлаач аавынхаа гэрээсийг нандигнаж, түүний хүүхдүүд нь эрдэм номын мөр цуцалтгүй хөөж, бараг бүгд эрдмийн зэрэг цол хамгаалж, эдүгээ хүссэн салбартаа зүтгэсээр байгаа. Судлаач Л.Маналжав нь 1961-1964 онд МУИС-ийн Хэл бичгийн факультет хятад хэлний багшаар орж ажил хөдөлмөрийн их гараагаа эхлүүлжээ. 1965 оны хичээлийн жилээс МУИС-ийн хятад хэлний ангид оюутан элсүүлэхээ зогссон тул ШУА-д шилжин 1972 оныг хүртэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, 1972-1990 онд Гадаад харилцааны салбарт хятадын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, 1991-1993 онд Гадаад хэлний дээд сургуулийн захирал, 1993-4996 онд "Шинжээч 21" дээд сургууль, Монгол мэдлэгийн их сургуулийн салбарын эрхлэгч, дэд захирал, 1996-1998 онд Монголын их дээд сургуулиудын консорциумын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 1998-2003 онд МУБИС-ийн Дорно дахины судлалын тэнхимийн эрхлэгч, 2003-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл соёлын сургуулийн Азийн хэл, соёлын тэнхимийн эрхлэгч, Ази, Номхон далайн бүс судлалын төвийн эрхлэгч, багшаар, 2002 онд Тайванийн Жэньжи их сургуульд монгол хэл, эх бичиг судлал, 2006 онд Берлийн Чөлөөт их сургуульд дорно дахины судлал, 2012 онд Тайванийн Улсын номын сангийн Хятад судлалын төвд "Монголын нууц товчоон"-ы хятад орчуулгын судлалын чиглэлээр уригдан лекц уншиж, эрдэм шинжилгээний ажил хийж байсан байна.

Л.Маналжав Олон улсын монгол судлалын холбооны гишүүн, Олон улсын хятад хэлний багш нарын холбооны гишүүн, Күнзийн институтийн профессор, Зэрэгцүүлсэн хэл шинжлэл, нэр томьёоны чиглэлээр доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн байсан юм. Эдүгээ "Ш.Лувсанвандан сан"-гийн тэргүүнээр сонгогдон олон жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Профессор Л.Маналжавын хийж бүтээсэн эрдэм судлалын чамгүй их ажил, хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн 1993 онд дэд профессор, 2003 онд профессор цол хүртээсний зэрэгцээ 1999 онд "Боловсролын тэргүүний ажилтан", 2004 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005 онд "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан", 2016 онд академич Б.Ринчений нэрэмжит шагнал олгожээ.

Хэл шинжлэлийн ухааны доктор Л.Маналжав багшийн эрдэм судлалын ажлынх нь гол үндсэн чиглэл бол "Монголын нууц товчоо"-ны хэл бичиг судлал, Нангиад судлал, боловсрол судлал юм. Тэдгээрийн дотор хамгийн гол судлагдахуун нь тасралтгүй хагас зуун жил идэвхтэй хийж гүйцэтгэж байгаа "Монголын нууц товчоон судлал" яах аргагүй мөн.

"Монголын нууц товчоон"-ы хэлний судлалаар түүний хамгийн анх бичиж туурвисан эрдэм шинжилгээний чамбай өгүүлэл бол1968 онд буюу50 жилийн өмнө хэвлүүлсэн" Монголын нууц товчооны хэлний урт эгшгийн тухай асуудал" хэмээх бүтээл юм."Монголын нууц товчоон"-ы монгол үсгийг галигласан хятад дүрс үсгийн судалгаанд Монголын эрдэмтэд бодит хувь нэмрээ оруулсан юм. Эдгээр цуврал судалгаандаа тулгуурлан"Монголын нууц товчоон"-ы уг эх уйгуржин монгол бичгээр байсан бөгөөд түүнийг хятад үсгээр дам галиглан буулгасан гэсэн сонирхолтой дүгнэлтийг илүү лавшруулан судалсан байдаг.

Л.Маналжав багш хятад судлаач хүний хувьд "Хятад улсаас Ази тивд явуулж байгаа гадаад бодлого", "Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа", "Гадаад хэлийг заахад соёлтой холбож авч үзэх нь", "Монгол- Хятад хэлний толь зохиох арга зүйн асуудал", "Монгол оюутанд хятад хэл заахад авиалбар зүйн онол, практикийн ач холбогдол", "Лао Чида “ (Ногулдай) тэргүүтэн эрдэм шинжилгээний олон илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Нөр их хөдөлмөрч, бүтээлч хүнд нас жил зөвхөн тоо гэдгийг л харуулж яваа энэхүү буурайн гэрт нь хүрэхэд ширээ дүүрэн бичиг цаас өрөөстэй, судалгаа орчуулгын ажилдаа цаг наргүй ажилласаар байгаа нь илхэн харагдана. Төр засгийн тушаал шийдвэр, түмэн олныхоо итгэл найдвараар ажиллаж байсан бөгөөд наян насыг зооглож буй ч Л.Маналжав багш маань одоо хятад хэл дээрх Монголын тухай ном зохиолыг орчуулж хятад эх сурвалж дээр тулгуурлан судалгаа хийж байгаа аж.

- Хятадын түүх бичлэг гайхамшигтай. Эртний бөгөөд найдвартай он цагийг тодорхой бичиж тайлсан түүхүүд байна. Бид чинь нүүдэлчин болохоор түүнийг бичиж үлдээсэн түүх ном нь хятад хэл дээр гол төлөв байдаг. Хятад судлал нь монгол судлалд хувь нэмэр оруулж байна гэж хэлж болно. Хятад хэлийг судлах, Хятад улсыг судлах нь орчин үед хоёр том судлал болж байна. Би мэргэжлийнхээ чиглэлээр уламжлалт хятад судлалтай холбоотой хятад хэл дээрх Монголын холбоотой зүйлийг судалдаг гэж байлаа.

Бээжин Их Сургуульд олон сайхан багшаас сурсан болохоор хариуд нь олон зүйлийг хиймээр санагддаг тэрээр эртний хятад хэлийг судалсны хувьд эртний хятад хэлийг судлах орчуулах ёстой гэж боддог аж.

- Орчуулгын туршлага бага ч гэсэн "Вэнь Шинь Диао Лүн" (文心雕龙) гэсэн энэ том номыг бариад орчуулах санаатай ноцолдож байна. 50 бүлэгт номын арваад бүлгийг л орчуулж байна. Маш их суух хэрэгтэй юм байна. Номын нэрийг "Уран сэтгэлээр сийлсэн луу" гэсэн. 501 онд бүтээгдсэн маш чухал энэ номыг орчуулж монголчууддаа Дорно дахинд бас ийм мундаг юм гарч байсан гэдгийг мэдүүлэх ёстой. Дээр зуунд Ч.Чимэд, Б.Явуухулан Дорнын яруу найргийг сонирхож байсан гэв.

Сүүлийн үед "Лао Чида “ (Ногулдай), '"Уран сэтгэлээр сийлсэн луу" номын орчуулга хоёр төсөл дээр ажиллаж ном цаастай ноцолдсоор байгаа нь энэ.

Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдгээр ухаалаг эрдэмтэй, билиг авьяастай, төлөв даруу Л.Маналжав багш маань хүүхэд цагаасаа номд шүтэж, эрдэм судлалын ажилд олон жил хүч хөдөлмөрөө зориулж, үнэнч шударга, хөдөлмөрч хичээнгүй олон бүтээл туурвиж, эх орон, залуу үеэ гэсэн чин сэтгэл нь үнэхээр эрхгүй үг үйлдэл бүхний цаана илхэн байлаа.

- Орчуулах ажлыг хүн болгон хийдэг ажил биш, өөрийн хэлээ сайн мэддэг хүн орчуулна. Өөрийн юмаа өөрөө хийж байж сурна. Аливаа зүйлийг сонирхох хэрэгтэй гэж хийе, бүтээе гэсэн халуун сэтгэлтэй, Монгол Улсын шинжлэх ухаан, гадаад харилцааны салбарт ч гэсэн тодорхой хувь нэмрээ оруулж яваа үе дамжсан ардын сурган хүмүүжүүлэгч, алдартай дуун хөрвүүлэгч, туршлагатай авьяаслаг эрдэмтэн багшдаа эрүүл энх байж урт удаан насалж удаан жаргахыг хүсэн ерөөж байна.


Зохиогч: Ц.Урантунгалаг, Х. Арвинтал 

Найруулагч: Ц.Урантунгалаг 

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв 

Их уншсан

холбоотой мэдээ