Д. Шүрхүү: Хоёр орны харилцаанд эрдэмтэн судлаачдын шаардлага их байна

2018-09-29 16:46:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг ”Монгол Улс дахь хятад судлаач”- тай ярилцах цуврал нэвтрүүлгээр Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, доктор Д.Шүрхүүг урьлаа. Энэхүү ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

Д. Шүрхүү: Хоёр орны харилцаанд эрдэмтэн судлаачдын шаардлага их байна

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Сайн, сайн байна уу?

- Тантай уулзах болсондоо таатай байна. Таны хятад судлаач болсон түүхээс яриагаа эхлүүлбэл?

Би 1985 онд МУИС-ийн Хятад судлалын анги төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов гэдэг нь их сонин түүх байгаа юм. Наяад онд Монгол Улсад Хятад судлал тасарсан байсан. Тэр үед Монголд Орос судлал, Орос хэл судлах чиглэл их түлхүү байсан. Энэ үед Монгол, Хятадын харилцаа, дэлхий дахины уур амьсгал зөөлрөн харилцаа хэвийн болж, Хятад судлалын ангийг МУИС-д нээгээд эхэлсэн байсан.Тухайн үед би Орос хэлний ангид ороод нэг жил сурсан байсан ч Хятад судлалын ангийг сэргээж эхэлсэн доктор, профессор Чой. Лувсанжав багш миний анх элссэн Орос хэлний багшийн дээд сургууль дээр ирж, багш нараас хүүхдүүдийг асууж сураглаад, тэдний дунд миний нэр орж би Хятад судлал уруу шилжих асуудал шийдэгдсэн. Шинэ сэдэв, шинэ соёл хэлтэй танилцах сонирхол төрөөд хоёрдугаар курсээсээ Хятад судлал сурч эхэлсэн дээ.

- Хятад, Монголын харилцаа аль салбарт арай илүү хөгжиж байна гэж үздэг вэ?

1980-аад оны сүүлийн үеэс Монгол, Хятадын харилцаа хэвийн болж, аажмаар   улс төр, эдийн засаг, соёл спортын чиглэлээр харилцаа хөгжиж байсан. Аажимдаа сайн хөршийн түншийн харилцаа, стратегийн түншийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гээд бүхий л чиглэлээр хөгжөөгүй салбар алга байна. Өргөн хүрээтэй далайцтай хөгжиж байна. Яг нарийвчлан үзвэл улс төр, эдийн засаг, уул уурхай эрчим хүч, соёл хүмүүнлэгийн тал дээр түлхүү хөгжиж байгаа. Мөн батлан хамгаалах, байгаль орчин хамгаалах олон салбараар харилцаа хөгжиж байна гэж бодож байна.

- Хятадын Коммунист Намын ХIХ их хурал хуралдаж дууслаа. Хятад судлаач хүний хувьд Хятад улсад гарч байгаа өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцахгүй юу?

Ер нь Монгол Улс  нь хоёр том хөрштэй харилцдаг. Монголын гадаад харилцаа, Монгол, Хятадын харилцааны түүхээс харахад, харилцаа сайн байх гол нөхцөл болохоор тус тусын улс төр эдийн засаг эрчимтэй хөгжсөн. Найрсаг харилцаатай байвал Монгол Улсын хувьд гадаад таатай орчин гэдэг нь ойлгомжтой. Хятад улс нь 1978 оноос шинэтгэл нээлтийн бодлогыг хэрэгжүүлэн маш огцом өөрчлөлт гарлаа. 1978 оныг одоотой харьцуулахад өдөр шөнийн ялгаатай, улс төр, эдийн засаг,  шинжлэх ухаан  технологи, санхүү, валютын нөөц гээд бүхий л үзүүлэлтээр Хятад улс нь дэлхийн түвшинд гарч ирлээ. Эдийн засаг өргөжин тэлсэн, эдийн засаг нь чөлөөтэй нээлттэй байгаа нь эдийн засаг, эрчим хүч ,уул уурхайн салбараа хөгжүүлж байгаа Монгол Улсын хувьд нэн таатай боломж гэж үзэж байгаа. Тийм учир Монгол Улс нь Хятад улсын өргөжин тэлж байгаа зах зээл, эрчимтэй хөгжлийн байдалд улс төр, эдийн засгаа зохицуулж чадах юм бол Монгол Улсын хөгжилд тодорхой түлхэц болно гэж би боддог.

- Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөгжил, ”Талын зам”, ”Шинэ торгоны зам” зэрэг нэршлийг нэгтгэж ”Нэг бүс нэг зам” хэмээн тодорхойлсон. ”Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн зургаан коридор байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор юм. Та ”Нэг бүс нэг зам” буюу Ази-Европыг холбосон бүсийн хөгжлийн тухайд ямар бодолтой явдаг вэ?

Монгол Улсын эдийн засаг, стратегид дэлхийн байдал, хөрш орнуудын зах зээлийн байдал их нөлөөлж байна. Монгол Улсын гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, газрын тос, цайр, төмрийн хүдэр зэрэг нь дэлхийн зах зээл дээр унахаар Монголын том төслүүд саарах байдалтай байна. Дэд бүтцийн хувьд манай уул уурхайн салбарт төмөр зам, авто зам, логистикийг хөгжүүлэх шаардлага байна. Гэтэл бидний дэвшүүлж байгаа зорилтод энэ шаардлага хүрэхгүй байгаа. Монгол Улсад бараа бүтээгдэхүүнээ хилийн цаана гаргах, Хятад, ОХУ-аар дамжуулан далайн боомтод хүрэх, далайн боомтоор дэлхийн бусад оронд өндөр үнээр борлуулах ийм шаардлага  байна. Энэ нь Монголд хамгийн тулгам, хүндрэлтэй асуудал болно. Энэ асуудлыг шийдэхээр Монгол-Орос, Монгол-Хятадын чиглэлээр, мөн Шанхай хамтын ажиллагаанд Монгол Улс ажиглагчаар оролцлоо. Зарим нь ахиц дэвшилтэй байна, зарим нь ахиц дэвшилд хүрэхгүй байна. 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпин ”Нэг бүс нэг зам”, ”21- р зууны далайн торгоны зам” санаачилга дэвшүүллээ. Энэ үед Монгол Улс дамжин өнгөрөх тээврээ хөгжүүлэх ”Талын зам” гэх санаачилга зэрэг гарч ирсэн, ОХУ-д “Европ, Азийн эдийн засгийн холбоо” зэрэг том төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ үе бол Монгол Улсын хүсэж байсан стратегийн зорилгод нийцэж, ”Нэг бүс нэг зам” санаачилгыг их сонирхож, түүнд оролцох боломж хайж эхэлсэн юм. Ямарваа нэгэн улсын хувьд өөрийн эрх ашиг, өөрийн сонирхол байна. ”Нэг бүс нэг зам” нь таван холбоог хөгжүүлнэ гэж байгаа. Эдийн засаг, санхүү, зам тээвэр, хүмүүнлэг зэрэг таван чиглэл байна. Үүнд миний харж байгаагаар зам тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсад ашигтай. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хүчин чадал хязгаарлагдмал ”Нэг бүс нэг зам”-д өөрийн чадах чинээгээрээ, боломжоороо оролцоно гэж бодож байна. Монгол Улсын хувьд ”Монгол, Хятад, Орос эдийн засгийн коридор”-ыг Монголын ”Хөгжлийн зам” гэж томьёологдож байгаа энэ үндэстнийхээ хөтөлбөртэй холбох нь нэн тэргүүний асуудал гэж бодож байна.

- Та Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспод гишүүн төлөөлөгчөөр оролцлоо.  Дараа дараагийн экспогоор хүсэх зүйл, мөн өнгөрсөн экспог яаж дүгнэж байна вэ?

Хоёр дахь удаагийн экспод оролцоод сэтгэл өндөр байгаа зүйл бол Монгол, Хятадын олон салбарын хүмүүс нэг дор маш өндөр түвшинд, ажил хэрэгч уулзалт зохион байгуулан, харилцан бие биеэсээ сурах зүйл олон байна. Монгол Улс нь Хятад улсын зах зээлд, тэр дундаа угсаа гарал нэгтэй Өвөр Монголын олон хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ гаргахыг их хүсдэг. Энд гарц болж байгаа нь сайхан байна. Экспогоор зөвхөн үзэсгэлэн худалдаа биш, үүний зэрэгцээ форум уулзалт, хурал олон зохион байгуулагдаж, богино хугацаанд өргөн цар хүрээнд мэдээлэл солилцох нь сайн байна. Гэтэл зохион байгуулалтын хувьд жаахан дутагдалтай байна. Хүнс бусад бараа бүтээгдэхүүн эртнээс бэлтгэлтэй гэрээ хэлэлцээр хийгээд зөөж авч ирэхгүй бол тохиролцоод явдаг хил гааль дээр асуудал үүсэх жишээтэй байна. Монголын талд нэг төрлийн маш олон бараа бүтээгдэхүүнийг дэлгэж тавиад ялгахгүй байна. Ер нь экспоны учир холбогдол нь ирээдүйд чиглэсэн байх хэрэгтэй. Үзүүлж таниулах зүйл бага байна гэж бодож байна. 2019 онд болох Монгол-Хятадын экспо шат ахисан байх, эрдэмтэн судлаачдын дуу хоолойг улам өргөн цар хүрээнд гарах болов уу гэж найдаж байна.

- Монгол, Хятадын судлаачид хамтран ажилладаг байх?

Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэд, Монгол дахь хятад судлаач, Хятадын монгол судлаачид чухал үүрэг гүйцэтгэж байдаг. ”Нэг бүс нэг зам”, ”Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор” соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжиж байгаа энэ үед хятад судлалын үүрэг ч өргөжиж байна. Энэ үүрэг шаардлага эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байх. Энэ нөхцөл байдлыг яаж шийдэх вэ гэдэгтэй адилхан энэ асуудал ч Хятад улсад гарч байгаа. Монгол, Хятадын харилцааг илүү сайжруулахад хоёр орны иргэд хоорондын ойлголцол, бизнес худалдаанд сайнаар нөлөөлөхөд хоёр орны эрдэмтэн судлаачдын оролцоо маш хэрэгтэй. Мөн хоёр орны хооронд байгаль экологи, шороо шуурга, байгалийн гамшиг гэх мэтчилэн нэг улс дангаар хийж чадахгүй асуудлууд гардаг. Үүний шалтгааныг Монгол, Хятадын эрдэмтэн хамтран тэмцэх, харилцан туршлага судлах хэрэгтэй байдаг. Жишээлэхэд, Өвөр Монголд бэлчээрийн мал аж ахуйн байдал ямар асуудал, ахиц, үр дагавартай байна, Монголд ч ийм нийгмийн давхарга, бэлчээр байж байна. Мал аж ахуйгаа бид орчин үеийн шинжлэх ухаан технологиор өөрчилж шинэчлэх шаардлага тавигдаж байдаг. Эдгээр байдалд Монгол, Хятадын эрдэмтэд туршлага судлан хятад судлалыг хөгжүүлэх шаардлага их байна.

- Цаг зав гарган олон талын мэдээлэлтэй ярилцлага өгсөн танд баярлалаа!

 Танай хамт олонд баярлалаа.


Зохиогч: Ц.Урантунгалаг, Т. Буянхишиг

Найруулагч: Ц.Урантунгалаг

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Их уншсан

холбоотой мэдээ