​Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

2018-09-29 17:12:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цахим Хөххотын өргөн зах зээлд “Янзаган голын охин” буюу Хүүбулаг нэртэй бүсгүй “Тансаг өргөө” монгол ресторанд онлайн үйлчилгээ үзүүлдэг . Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэгдлийг харахад үнэлгээ сайтай байгааг нь анзаарсан юм. Ингээд бүтээлч, хөдөлмөрч энэ бүсгүйтэй ярилцаж, түүний ажил амьдралтай танилцахаар болзож билээ.


- Сайн байна уу? Тантай танилцахад таатай байна. Өөрийгөө бидэнд танилцуулна уу?

- Сайн байна уу? Намайг Жамбалын Хүүбулаг гэдэг. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баян-Хуа сумын Тансаг багийн уугуул. Одоогоор багийнхаа нэрээр нэрлэсэн “Тансаг өргөө” хоолны газрыг Хөххотод ажиллуулж байгаа хувийн бизнес эрхлэгч хүн.

- “Тансаг өргөө”-тэй танилцъя. “Тансаг” нэр яаж мэндэлсэн бэ?

- Би хоол хүнсний бизнес хийгээд ажиллуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Анх 2016 онд найзуудтайгаа хамтарч “Баян Монгол” монгол хоолны ресторан ажиллуулсан. Ийнхүү яваандаа ажлын туршлага хуримтлуулж, цаг нийгмийн нөхцөл байдлыг мэдээд ирэхээрээ өөрөө бие дааж бизнес хийхээр болсон. Ингээд л 2016 оны 12 дугаар сард энэхүү “Тансаг өргөө” рестораныг ажиллуулах болсон юм.

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Хүүбулаг "Тансаг өргөө"-ндөө

“Тансаг” нэрийн тухайд бол хүн, нутаг хоёр хүйн холбоотой гэж би ойлгодог. Нутгаа их санана. Хүний газарт нутгийнхаа нэрийг өргөж явах ёстой гэсэн бодлоосоо энэ нэрийг өгсөн. Нутгийнхаа уугуул зан заншил, амьдрал үйлдвэрлэлийн өв соёлыг хүмүүст уламжилж таниулж явах нь бидний үүрэг гэж боддог. Жишээ нь гэхэд "Ээжийн чанасан цай", "Данхтай, будаатай цай"-г маань олон хүн зорьж ирнэ. “Яг л ээжийнхээ чанасан цайг уугаад сууж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрдөг” хэмээн хүмүүс үнэлдэг. Өрөм, шар тос хийж самарсан цай гэдэг хүний хүч тамирыг их сайн нөхнө. Хүмүүс дахин дахин ирж ууна. Ирэх бүрдээ л сэтгэл хангалуун буцдаг тийм увдистай. Энэ нь ч надад их урам өгдөг.

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

"Тансаг өргөө"

- “Тансаг өргөө” ер нь өөр юугаараа бусдаас онцлог вэ?

- Бид Үзэмчин нутгаасаа мах зөөдөг. Үзэмчин хонины мах амттай гэдгээрээ алдартай шүү дээ. Тийм болохоор тээврийн зардал их байлаа ч гэсэн амт шимт, аюулгүй байдал, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ гэх зэрэг бүх талаас бодож нутгаасаа мах зөөдөг. Дээрээс нь тогооч маань Монгол Улсаас урин авч ирсэн мэргэжлийн тогооч. Хоол маш сайхан хийнэ. Тэгээд л манай байнгын үйлчлүүлэгч олон болсон.

Махны чанарыг батлах нь үйлчилгээнээс илүү чухал гэж би өөрөө ойлгодог. “Тансаг өргөө” маань жижигхэн л дээ. Тэгээд ч байнгын үйлчлүүлэгчид олонтой байдаг болохоор бараг л өөрөө өөртөө үйлчилдэг. Тиймээс манайд их нарийн стандартчилсан үйлчилгээний шаардлага байдаггүй. Хүссэн хоолыг нь амттай, цэвэрхэн, эрүүл хийгээд өгөх нь чухал.

- Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ? Яагаад хоолны газар ажиллуулах болсон бэ?

- Би 2014 онд аялал жуулчлалын журмаар анх Монгол Улсад очиж байсан. Тэр үед хоол хүнс нь надад маш их таалагдсан. Цэвэрхэн, өнгө үзэмж сайтай, төрөл зүйл олон. Мэдээж амтыг нь хэлэхийн аргагүй сайхан байдаг. Тэгээд энэ хоолны соёлыг Өвөр Монголдоо хийж болох юм байна гэдэг санаа төрсөн.

Мэргэжлийн хувьд Монгол анагаах ухааны мэргэжлээр сурсан эмч хүн. Энэ маань ч бас хоолны газар ажиллуулах болсонтой холбоотой. Радиогийн “Эрүүл мэндийн тавцан” нэвтрүүлэгт ажиллаж, сонсогчдод эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг байлаа. Хүн гэдэг ажил хийх тусмаа аливаа бүхний учир утгыг олж, аажмаар өөртөө тохирсон ажлаа сонгодог юм байна. Ажлынхаа явцад хүнд эрүүл мэнд гэдэг хэчнээн чухал байдгийг ойлгосон. Хүний ихэнх өвчин эмгэг хоол хүнснээс болдог гэдгийг мэдсэн. Яаж энэ их хотын хүмүүсийг байгалийн эко цэвэр хоол хүнс хангаж тус болох вэ гэж бодох болсон. Энэ бодол маань ч хоолны газар ажиллуулах шийдэлд маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Хүүбулаг Монгол Улсад

- Бие дааж бизнес эрхлэх, тэр тусмаа энэ их хотын зах зээлд өөрөө ажил амьдралаа босгоно гэдэг мөн хэцүү л байдаг байх. “Би яах гэж энэ замыг сонгов” гэж бодох үе байсан уу? Та сэтгэлээр унасан үедээ сэтгэл санаагаа хэрхэн тайвшруулдаг  вэ?

- Би сэтгэл санаа хямарсан үед өөрөө өөрийгөө тайвшруулж чаддаг. Бачимдаж гачигдах үедээ сайн сайхан зүйлийг бодно. Нуулгүй хэлэхэд хүнд хэцүү цагтаа би Эзэн Чингис хааныг их боддог. Тийм том үйлийг бүтээсэн ямар агуу хүн бэ!. Гэтэл бид ийм жижигхэн зүйлээс болон шантарч байдаг гэж бодохоор бүх зүйл хялбархан болох шиг санагддаг. Монголд очих бүрдээ би Чингис хааны морьтой хөшөөнд очиж мөргөж даатгадаг. Мөн морьтой хөшөөний загварыг нь авчраад ширээн дээрээ тавьсан. Өглөө болгон харж эрч хүч авдаг даа. Жижигхэн зүйл дээр ороогдоод байдаггүй. Өөрийгөө чөлөөтэй байлгадаг. Хүн явдал учрыг уужуу тайван бодож байх хэрэгтэй. Ингэж байж амьдралдаа эрч хүчтэй байж чадна. Би огт шантарч байгаагүй.

- Таныг Монгол Улсад бас үйл ажиллагаа явуулдаг гэж сонслоо. Ер нь бизнесийн салбарт уу, эсвэл?

- Голдуу буяны ажиллагаа явуулдаг. Монгол Улсын иргэн Д.Наранцогт гэдэг ахын санаачлан байгуулсан “Эх дэлхийгээ аваръя” холбоонд би гишүүнээр орсон. Одоогоор 76 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү холбоо маань байгаль дэлхийгээ ногооруулах, мод тарих, хандивын арга хэмжээ зохиох зэрэг зорилготой сайн дурынхны холбоо байгаа. Мөн Өвөр Монголоос олон хүн хандивын аянд нэгддэг. Жишээлбэл өнгөрсөн жил Монголд гарсан их түймрийн гамшигт зориулж маш их хэмжээний хандивын мөнгө цуглуулсан. Энэхүү үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, өгөөж баян хангайг хайрлан хамгаалах, дүрэлзсэн галын аюулаас гэтэлгэх их үйлсэд сайн дурын санаачилга гарган амь нас, эрүүл мэндээ умартан зүтгэсэн” гэж Өвөр Монголын арван иргэнд талархлын бичиг хүртээсэн.

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

“Эх дэлхийгээ аваръя” холбоо

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Талархлын бичиг хүртсэн Өвөр Монголчууд

- Яагаад энэ холбоонд орохоор болсон бэ?

- Наранцогт ах маань угаасаа буяны үйл ажиллагаа явуулдаг, зохион байгуулагч нэгэн байсан. Өөртэй нь адилхан үзэл бодолтой хүмүүсийг хамтатган нэгтгээд гай гамшиг гарсан газарт “тусалъя, тэтгэе” гэж уриалан сайн дураараа санал нэгдсэн хүмүүсийг нэгтгэдэг. Наранцогт ахын буянтай сэтгэл надад их нөлөөлж, өөрөө ч гэсэн тэр сайхан буянтай аянд нэгдэхээр шийдсэн. Өнгөрсөн жил бид мөн нэг хэсэг хувцас, эд зүйлсийг Замын-Үүдээр дамжуулан Монгол Улсад явуулсан. “Эх дэлхийгээ аваръя” холбооныхон маань олон удаа уулзалт зохион байгуулж байсан. Энэ оны 06 дугаар сард Монгол Улсын Дорноговь аймгийн Хамарын хийдийг сэлбэн засах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Хүүбулаг/дунд/ найзуудын хамт

- Хүний зан ааш, сэтгэл санаа гэр бүлийн хүмүүжилтэй их холбоотой гэдэг. Таны гэр бүлийн орчин?

- Манайх ам бүл олуулаа. Аав ээж маань найман охин төрүүлсэн. Хүү хүсэж намайг “Хүүбулаг” гэж нэрлэсэн гэдэг. Булаг шиг олон хүүтэй болог гэсэн ерөөл бололтой. Тэгээд миний доор нэг хүү төрсөн. Дүү бид хоёр үнэхээр сэтгэл нэгтэй. Ажил үйлсийн тал дээр ч гэсэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бид эгч дүү олуулаа учир бие биедээ туслан, нэг нэгийгээ өөд нь татаж амьдардаг. Миний буяны ажил хийх дуртай байдаг нь мөн үүнтэй холбоотой байж болох юм. Хүн гэдэг ер нь бие биедээ тустай амьдрах учиртай гэж би ойлгодог доо. 

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Эгч дүү есүүлээ

- Зарим аав ээжүүдийн хувьд хүүхэд нь албан байгууллагад ажилд орох нь тэргүүн дээд сонголт болдог. Ингэхэд өөрийн ухаан, хөдөлмөрөөрөө аж амьдралаа авч яваа таны хувьд ажил хөдөлмөр гэдгийг яаж ойлгодог вэ? Хөдөлмөрөөс аз жаргалыг хэрхэн мэдэрдэг вэ?

- Би ер нь ажил хийх дуртай хүн. Ажил хийхээрээ ажлаасаа урам авдаг. Зүгээр сууж чаддаггүй. Хүний зүгээр суухыг ч харж чаддаггүй. Аав ээж маань багаас минь ингэж захиж сургадаг байсан. “Хурдан ажлаа хий. Залуу хүмүүс зуны цагт их унтаж болохгүй. Залуу хүн залхуурч унтахаар цус чинь агшина” гэж загнадаг байсан. Цэрэг шиг л сургадаг байсан даа. Тэр нөлөөгөөр би өөрөө ажлаас их урам авч чаддаг болсон байх. Хэн ч байлаа гэсэн адилхан хөдөлмөрч байх ёстой. Хөдөлмөрөөр хүний ой ухаан тэлэгддэг гэж би ойлгодог.

Ж.Хүүбулаг: - Хөдөлмөр хүний оюун ухааныг тэлдэг

Хөдөлмөрч бүсгүй Хүүбулаг

- Таны бага насны мөрөөдөл? Таны анхны мөрөөдөл биелсэн үү?

- Би мөрөөдлөөсөө огт өөрөөр амьдарч байгаа. Бага байхдаа хөтлөгч, нэвтрүүлэгч болно гэж боддог байлаа. Ерөөсөө хэл ам хурц хүүхэд байсан. Өвөө маань намайг “Хэл амаараа хоолоо олж идэх хүн” гэдэг байсан. Хэсэг хугацаанд мөн энэ салбарт ажиллаж үзсэн л дээ. Дөрвөн найзтайгаа хамтарч “Таван мөс” нэртэй соёлын наадмыг жил болгон зохиодог байлаа. Энэ наадам маань одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа.

Ахлах сургуулиа төгсөөд Япон явахаар шийдээд нэг хэсэгтээ япон хэл нэлээд сайн сурсан. Гэхдээ мөнгө төгрөгний шаардлагаас болоод аав ээждээ амьдралын дарамт өгөхгүйн тулд энэхүү мөрөөдлөө орхисон.

- Нууц биш бол ирээдүйн ажлын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

- Энэ жилийн намраас дүүтэйгээ хамтарч “Тансаг” нэрээрээ Үзэмчин хонины мах борлуулахаар төлөвлөж байгаа. Эхлээд хошууны төвдөө махны дэлгүүрээ ажиллуулж, хажуугаар нь цахим дэлгүүр ажиллуулна. Махны дэлгүүрээ бүртгүүлээд байгаа. Махнаас гадна цагаан идээ, мах тосны бүтээгдэхүүн борлуулах эрх авсан.

- Танд ажил үйлсийн өндөр амжилт хүсье. Их ажлын хажуугаар цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. 


Найруулагч: С.УРЬХАН

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Их уншсан

холбоотой мэдээ