​П.Бямбахорол: - Тодорхой салбарын мэргэжлийн судлаач болон Хятад судлаачид хамтран ажиллах шаардлага урган гарч байна

2018-09-30 09:21:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарт ажиллаж буй залуу судлаач П.Бямбахоролтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын харилцааны хүрээлэнгийн тухай товч танилцуулахгүй юу? Өөрийнхөө тухай болон ажлынхаа талаар?

Сайн байна уу? Олон улсын харилцааны хүрээлэн олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил дагнан хийдэг. Хятад, Орос, Япон судлал, Европ судлал зэрэг олон салбар чиглэлээр мэргэшсэн дотоод, гадаадад нэр хүндтэй судлаачид ажиллаж байна. Миний хувьд Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарт орж ажиллаад төдийлөн удаагүй. Миний үндсэн мэргэжил бол сурвалж бичиг, эх бичиг судлал, тийм учраас хятад судлалын салбар руу харьцангуй сүүлд орж ажилласан гэж хэлж болно. Оюутан байхдаа сурвалж бичиг судлахад чухал шаардлагатай манж болон хятад бичгийн хэлтэй танилцаж, хичээл сонсож, хятад хэл, ханз үсэг, хятадын түүх соёлын тухай үндсэн ойлголтыг авсан юм. 2009 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр Монголын Их Сургуулийн докторантурт элсэн орсноор хятад хэлийг илүү гүнзгийрүүлэн үзэх боломж гарч байлаа. Өвөр Монголд очих миний хувьд сонирхолтой байсан. Монгол хэлний олон нутгийн аялгуу байдаг. Мөн хятад, монгол хэл соёлын харилцаа холбоо, хэрэглээ онцлог зэргийг амьдрал дээр ойлгох боломжтой санагдаж байлаа. Одоо Хятад, Монголын түүх соёл, харилцаанд холбогдох сурвалж бичиг, Хятадын уламжлалт үзэл санааны суурь болсон Күнзийн сургаалын тухай, тэр нь өнөөгийн хятад улсын улс төр, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа тухай илүү сонирхон судалж байна.

П.Бямбахорол: - Тодорхой салбарын мэргэжлийн судлаач болон Хятад судлаачид хамтран ажиллах шаардлага урган гарч байна

- Хятад улсын ямар мэдээлэлд анхаарал хандуулж байна? Хамгийн сүүлд ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

Сүүлийн үед Хятадын түүх соёлын уламжлал, орчин үеийн БНХАУ-ын хөгжил дэвшилд хэрхэн нөлөөлж байгаа тухай сонирхож байна. Хамгийн сүүлд манай хүрээлэнгээс гаргадаг “Рax mongolica” эрдэм шинжилгээний сэтгүүлд Хятад үндэстний соёл, сэт­гэл­гээний онцлогийг ойлгох, тайлбарлахад зайлшгүй авч үзэх зүйлсийн нэг нь Хятадын боловсролын уламжлал, тэр нь Күнзийн сургаалтай шууд холбоотой. Өнөөгийн БНХАУ ч гэсэн оюун санааны хувьд өөрсдийн нийтлэг нэгдмэл байдалд томоохон нөлөө үзүүлсээр ирсэн Күнзийн сургаалаа идэвхтэй судалсаар байгаа нь XXI зууны социалист БНХАУ социализмаасаа татгалзах гэж байгаа хэрэг огт биш. Харин түүхийн урт хугацааг даван туулж ирсэн үзэл санаагаа нийгэм журамтай уялдуулан хөгжүүлж байна. Энэ бол сүүлийн үед идэвхтэй яригдаж байгаа “Хятадын онцлогтой социализм” гэдгийн бас нэгэн онцлог нь болох тухай дурдсан өгүүлэл нийтлүүлж байна.

- Хятад хэлийг анх сурч байхад хүндрэлтэй зүйл байсан уу? Өвөр Монголын Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ?

Хятад хэл, бичиг бол урт удаан түүхтэй. Тиймээс маш гүн утга агуулгатай байдаг. Хятад хэл анх сурч байхад хятад бичиг буюу ханз үсгийн утга санааг ойлгож тогтоох л хамгийн хэцүү санагдаж байсан. Одоо ч мөн адил хэцүү санагддаг. Би Өвөр Монголын Их Сургуульд хэрэглээний хэл шинжлэл буюу цахим хэл шинжлэлийн чиглэлээр доктор хамгаалсан. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Өвөр Монголын Их Сургуульд сурч байхдаа 2011 онд танай Солонго сэтгүүлийн редактороор нэг жил ажиллаж байсан юм. Тэр үед Солонго сэтгүүлийн редакцад Хурцаа зэрэг монгол кирил бичгийг сайн эзэмшсэн орчуулагчид ажиллаж байв. Солонго сэтгүүл бол Монгол, Хятад улсын харилцаанд бас нэгэн чухал гүүр болж байгаа сэтгүүл гэдгийг хэлмээр байна.

- Хятад, Монгол хоёр орны өнөөгийн харилцааны тухай?

1949 оны 10-р сарын 16-нд Хятад, Монгол албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байна. Хоёр тал 1994 оноос эхлэн Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2003 онд найрсаг харилцаагаа харилцан итгэсэн түншлэлийн түвшинд хүргэж улмаар 2011 оноос стратегийн түншлэлийн харилцааны гэрээ байгуулан, улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн бүхий л салбарт идэвхтэй харилцаж байна. Найрсаг хамтын ажиллагаа гүнзгийрэх тусам эдийн засаг болон орон нутаг дахь хамтын ажиллагаа илүү идэвхжих шинжтэй болж ирэв. Мөн өнөөгийн харилцаа амжилттай хөгжиж байгаагийн үр дүнд манай хоёр улсын харилцаанд тулгардаг зарим үл ойлголцох асуудлууд ч үндсэндээ цэгцэрсэн гэж хэлж болох юм.

- Хятад, Монгол хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн талаар юу гэж бодож байна вэ?

Хоёр орны харилцаа гэрэл гэгээтэй, амжилттай хөгжиж байгаа цаашдаа ч ийм байна гэдэгт итгэлтэй байгаа. 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал” зэрэг албан ёсны гэрээ хэлэлцээрийн дагуу Хятад, Монгол хоёр улсын харилцааг хөгжлийн шинэ үе шатанд хүргэж, хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлсон байдаг. Талуудын хамтын хүчин чармайлтаар “Хамтарсан тунхаглал”-ын үзэл санаа хэрэгжиж, улс төр, эдийн засаг, байгаль экологи, боловсрол, соёлын гээд хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Мэдээж хэрэг Монгол Улс хил залгаа хоёр том хөрштэйгөө найрсаг сайн харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал. Ялангуяа Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн нөөц бололцоонд уялдуулан худалдаа, аялал жуулчлал гэх мэт салбар чиглэл тус тусын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх хэрэгцээ бий. Үүнд тодорхой салбарын нарийн мэргэжлийн судлаач болон хятад судлаач нар хамтран ажиллах шаардлага урган гарч ирж байна гэж бодогддог.

П.Бямбахорол: - Тодорхой салбарын мэргэжлийн судлаач болон Хятад судлаачид хамтран ажиллах шаардлага урган гарч байна

- Монгол улсын ахмад хятад судлаачид болон залуу судлаачдын онцлог ялгаа юу вэ?

Ер нь Монгол Улсын хятад судлал бол эртний түүхтэй, энэ чиглэлийн нэртэй эрдэмтэд, зохиол бүтээл ч маш их. Манай улс орчин үеийн шинжлэх ухааны түвшинд хятад судлалын мэргэжилтнийг гадаадад болон дотоодод бэлтгэсээр ирсэн байдаг. Ахмад үеийн судлаачдын хувьд улс төр, нийгмийн өөрчлөлтийн дунд судалгааны ажилдаа үнэнчээр хандаж, түүхэн болон орчин үеийн бүхий л сэдвийг хамарсан судалгаагаа дор бүрнээ хийж, олон сайхан бүтээл туурвисаар ирсэн. Залуу үеийн судлаачдын хувьд голдуу БНХАУ-д очиж суралцсан байдаг. Ахмад болон залуу үеийн судлаачдын өмнө илүү нягт хамтран ажиллаж, хятад судлалыг өөр бусад нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбар ухаануудтай уялдуулан тэдгээрийн уулзварт асуудлыг авч үзэх, хэд хэдэн талаас зэрэг авч үзэн шийдвэрлэх шаардлага бий болж байна гэж санагддаг.

- Таныг хятад кино орчуулсан гэж сонссон, энэ тухайгаа ярихгүй юу?

Тийм. Би 2015, 2016 онд Монгол Улсад хэрэгжиж байгаа Торгоны замын кино төсөлд кино орчуулагчаар ажилласан юм. Миний хувьд кино орчуулж үзье, киноны хэл найруулга, дуу оруулалт яаж бүтдэг тухай их сонирхдог байсан учир тэр ажилд их дуртай. Сонирхуулахад би зарим шилдэг кино, тэр дундаа жилдээ ганц болдог Оскарын кино наадмаас best picture буюу шилдэг найруулга шагналыг авсан кинонуудыг цуглуулдаг. Энэ талаар нэлээд сонирхдог. Тэр үед Хятадын тусгаар тогтнолын түүх, соёлын хувьсгалын түүхийг харуулсан “Пяо Шуай”, “Эгэл ертөнц”, мөн орчин үеийн хятадын эрүүл мэнд, эмнэлгийн салбарын тухай гардаг “Залуу эмч нар” гэх мэт олон ангит кино орчуулах ажилд оролцож, орчуулгын кино, телевизийн салбарын ажилтай танилцаж, их зүйлийг мэдэж авсандаа баяртай байдаг.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.


Зохиогч: Ярилцсан: Б.Ариухан,Ч.Цэлмүүн

Найруулагч: Б.АРИУХАН

Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Их уншсан

холбоотой мэдээ