​С.Ганбат: Хятад хүмүүсийн найрсаг, дөлгөөн зан чанар нь үнэхээр гайхалтай

2018-09-30 16:11:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын “Монсудар” ХХК-ийн редактор С.Ганбат уригдан оролцлоо.

С.Ганбат: Хятад хүмүүсийн найрсаг, дөлгөөн зан чанар нь үнэхээр гайхалтай

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Миний бие Улаанбаатар хотод төрж өссөн. Өдгөө мөн төрсөн газраа ажиллаж амьдарч байна. Жирийн нэг сэхээтний хүү байна. Чөлөөт цагаараа хөл бөмбөг үзэх дуртай. Бас амралтын өдрөөр байгалийн сайханд аялж зугаална. Бага байхдаа зун цагийг хөдөө нутагт өнгөрөөдөг байсан. Тиймээс хөдөө орон нутгийн амьдрал ахуй, нүүдэлчдийн ёс заншлын талаар нэлээд их ойлголт авч өссөн. Энэ нь өдгөө миний ажилд ихээхэн тус болдог. Дэлхийд хосгүй нүүдэлчин монгол амьдрал, соёлыг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлах нь зөвхөн монголчуудын үүрэг гэлтгүй, цаашлаад дэлхий нийтийн үүрэг хариуцлага мөн.

- Гадаадын их дээд сургуулиудаар магистр, бакалаврт сурдаг монголын оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Таныг ч бас хятад улсад магистр хамгаалсан гэж дуулсан. хятад улсад сурч байсан дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцвал?

Хятад улсыг сонгох нь их амархан байлаа. Учир нь манай улс ердөө хоёрхон хөрштэй. Хоёулаа агуу их гүрнүүд. Бас Монголтой түүх, соёлын маш өргөн харилцаа, уялдаа холбоотой явсаар ирсэн. Миний эцэг эх Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотод дээд боловсрол эзэмшиж ирээд Монгол Улсын хөгжил дэвшилд эрвийх дэрвийхээр хөдөлмөрлөж, чадлын хэрээр хувь нэмэр оруулан, энх тайван цагийн бүтээн байгуулалтад хөлс хүчээ зориулсан. Эцэг эхтэйгээ нэгэн адил хойд хөршийн мужийн төв Эрхүү хот буюу өмнөд хөршийн Өөртөө Засах Орны төв Хөххотод суралцах болсон нь их сонин, ижил хувь заяа байлаа. Хөххотод суралцах нь Монгол ахан дүүстэйгээ учран золгох, тэдний ахуй амьдралтай танилцах маш их боломж, бололцоог нээж өгсөн. Энэ нь Хятадын бусад мужуудад байхгүй онцлог шинж юм. Яахын аргагүй “соронзон орны хуулийн” дагуу буюу элэг нэгтнээ гэж тэмүүлэх сэтгэл миний дотор, Өвөр Монголын найзын дотор, бид бүгдийн дотор урган гардаг. Бид ч үүнийг бүрэн мэдэрч, ижилсдэг юм. Хятад найзууд ч мөн бий. Тэд мөн ялгаагүй. Хүний ёсоор анд бололцож, өнөөг хүртэл нөхөрлөцгөөж явна. Хятад хүмүүсийн найрсаг, дөлгөөн зан чанар нь үнэхээр гайхалтай.

С.Ганбат: Хятад хүмүүсийн найрсаг, дөлгөөн зан чанар нь үнэхээр гайхалтай

- Таны ажилтай танилцъя. “Монсудар” хэвлэлийн компани нь ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

“Монсудар” гэх хэвлэлийн компанид ажиллаж байна. Энэ компани нь АДМОН группийн нэгэн охин компани бөгөөд группийн хэмжээнд Интерном сүлжээ дэлгүүр, Адмон хэвлэлийн үйлдвэр зэрэг байгууллагууд бий. “Монсудар” ХХК нь хэвлэн нийтлэх үндсэн чиглэлтэй бөгөөд орчуулгын ном гаргах ажлыг хариуцдаг. Би түүх, социологи, философи, улс төрийн шинжлэх ухаан, газарзүй зэрэг салбар ухааны орчуулгын номын хянан засварлах (редактор) ажил гүйцэтгэдэг. Монголын өргөн олон уншигчдад зориулан дэлхий нийтэд зартай зохиолчдын олноо алдаршсан бүтээлүүдийг орчуулцгааж байна.

- Хятад улсад суралцаж байсан үеэс яриагаа үргэлжлүүлье. Хятад хэл сурах явцад ханз, хөг цээжлэхээс эхлээд хичээл зүтгэл их шаарддаг учир амархан шантардаг гэж олон хүнээс сонссон. Танд ер нь хэр зэрэг хүндрэлтэй байсан бэ?

2008 онд би анх БНХАУ-д хөл тавьж байсан. Шууд л Хөххотод яваад очсон. Маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Өвөр Монголын Их Сургууль биднийг маш халуун дотно хүлээж авч байлаа. Оюутан цагийн нэг сайхан дурсамж болон үлджээ. Сурахад үнэхээр хүнд гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Хятад хэл нь дэлхийн бусад хэлүүдээс их өвөрмөц. Ханз гэдэг нь утгат зураг ашигладаг. Авиа нь мөн хөг гэж 4 төрлийн дээш доош унасан өргөлттэй. Энэ хоёр зүйл бол үнэхээрийн хэцүү. 2008-2009 онд би хэлний бэлтгэлд нэг жил суралцахад үнэхээр их хичээгээд байхад дөнгөж өдөр тутмын яриа сурсан. Хэрэв англи хэл, эсвэл франц, япон хэл байсан бол нэг жилийн хугацаанд маш өндөр түвшинд гарах байсан нь маргаангүй. Энд багш нар үнэхээр их дэмжиж, сургуулийн зүгээс зүйл бүрээр тусалж дэмжиж байсныг зориуд тэмдэглэн хэлье.

С.Ганбат: Хятад хүмүүсийн найрсаг, дөлгөөн зан чанар нь үнэхээр гайхалтай

- Хятад улсад сурах хугацаанд хятадын ямар ямар хотоор аялж байсан бэ? Аяллын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Сурах хугацаанд Бээжин, Шанхайгаас аваад Си-Ань, Таншань, Лянь Юньган, Тяньжин, Ши Жяжуань, Чэндэ, Сужоу, Ханжоу, Нинбо, Шюйжоу, Жэнжоу, Лоян, Кайфэн, Жинань, Гуанжоу, Шэньжэнь, Жухай, Хонконг, Макао зэрэг Хятадын нэлээд хэдэн хотоор аялж үзсэн. Хятадын хотуудаар аялахад туйлын таатай, тухтай, аюулгүй, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох түүх дурсгалын газруудыг маш өндөр хэмжээнд сэргээн босгож, хөгжүүлсэн байдаг нь тун их таалагддаг. Түүхч хүний хувьд хятад оронд түүхийн үнэт дурсгалууд найдвартай гарт байгааг хараад сэтгэл их өег, амар тайван болдог. Мөн сонирхуулж хэлэхэд Өвөр Монголын Их Сургуулиас 2010 онд бидний магистрантур, докторантур оюутнуудыг Өвөр Монголын төв нутаг буюу Шилийнгол, Баарин, Хишигтэн, Ар Хорчин, Улаанхад зэрэг газруудаар аялуулж, нутаг орны хөгжил дэвшил, зан заншил, ахуй амьдралтай өргөнөөр биечлэн танилцуулж байсан нь тун тодхон санагдаж байна. Энэ ажил миний сэтгэлд маш сайхан дурсамж үлдээсэн бөгөөд хамтдаа аялж явсан багш нараа, мөн оюутнуудаа их санаж байна.

- Таныг спорт их сонирхдог гэж дууллаа. мөн чөлөөт цагаараа хөл бөмбөг үзэх дуртай гэж дээр ярилаа. саяхан хөл бөмбөгийн дашт тэмцээн болсон. Та аль багийг дэмжиж байв?

Тийм ээ, хөлбөмбөгт их дуртай. 7 хоногийн амралтын өдрийн орой нэг тоглолт үзэж, толгойгоо сэргээж, урам зориг авдаг. Саяхан өнгөрсөн ДАШТ-ийг тун чиг шимтэн үзэж, сэтгэлээ баясган, маш сайхан байлаа. Би урьдчилсан таамаглал дэвшүүлсэн, нэлээн сайн таасан. Миний түрүүлнэ гэж бооцоо тавьсан Франц улсын шигшээ баг түрүүлсэнд баяртай байна. Аль нэг улсын шигшээг дэмжээгүй. Айлын хүүхдүүдийг юунд нь ялгах билээ. Хоорондоо сайхан наадаж тогло гэж бодсон. Үнэнийг хэлэхэд хөл бөмбөгийн шигшээ багуудаас Монгол Улсын шигшээгээ л дэмждэг. Харин дэлхийд зартай клубуудаас “Ливерпүүл” багийг дэмждэг. Ливерпүүл клубд монгол хүн тоглоосой, улмаар гоол оруулаасай гэж мөрөөдөж явдаг.

- Та хятад улсад боловсрол эзэмшсэн хүн. Таны бодлоор хятад улс, монгол улсын сургалтын ялгаа юунд байна вэ?

Хятад, Монгол 2 улсыг хооронд нь харьцуулах гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй харьцуулах нь жаахан учир дутагдалтай. Гэхдээ миний дотор Хятадад үзэж харснаа байнга харьцуулдаг. Хятадуудаас авах юм юу байна, ямар давуу тал, ололттой зүйлс байна вэ гээд өөрийн эрхгүй, үргэлж өлөн нүдэлдэг. Энэ ч аргагүй биз ээ. Хуулийн хүрээнд хятад улсын боловсролын тогтолцоо нь Монгол Улсынхаас нэлээд өөр. Учир нь Монгол Улсынх бол ЗХУ-ын тогтолцоог хуулбарласан, өөрийн болгосон чанартай. Хятад нь өөрийн гэсэн боловсролын тогтолцоо хөгжүүлснийг дэлхий даяар мэдэж байгаа. Хятад оюутнууд их дарамтын дор суралцдаг нь ихээхэн өвөрмөц. Нэг талаар бидэнд энэ их содон. Яагаад гэвэл бид багадаа ингэж их шахалтад байгаагүй.

- Гэр бүлээ танилцуулаач?

Эхнэр, нэг охинтой. Эхнэр маань ДЦС-4 ажилладаг. Усны инженерээр сүүлийн 6 жил ажиллаж байна. Манай охин энэ жил 8 настай, бага сургуулийн 3-р ангид элсэн орно. Их хөөрхөн, цовоо сэргэлэн охин бий.

- Цаг гарган бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа.


Зохиогч: Х.Арвинтал

Найруулагч: Х.Арвинтал

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Их уншсан

холбоотой мэдээ