А.Чойдорж: Сурах орчноо өөрөө л бий болгохгүй бол өөр хэн нэгэн бүрдүүлж өгөхгүй

2018-09-30 16:21:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

”Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын “Эрчим хүчний Диспетчерийн Үндэстний Төв”-ийн залуу инженер Адъяабазарын Чойдорж уригдан оролцлоо.

А.Чойдорж: Сурах орчноо өөрөө л бий болгохгүй бол өөр хэн нэгэн бүрдүүлж өгөхгүй

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Адъяабазарын Чойдорж гэдэг. Монгол Улсын Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 2005-2009 оны хооронд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр зэрэг хамгаалж, Монгол Улсын эрчим хүчний салбарын “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-д 2 жил ажиллаж байгаад 2010-2014 оны хооронд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ы Аж Үйлдвэрийн Их Сургуульд Цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо мэргэжлийнхээ дагуу Монгол Улсын “Эрчим хүчний Диспетчерийн Үндэстний Төв”-д ажиллаж байна.

- Хятад улсыг сонгосонд их сонирхож байна? Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

Монгол Улсын эрчим хүчний салбар нь хоёр хөрш улс болох ОХУ болон БНХАУ-тай байнгын хамтын ажиллагаа явуулж байна. ОХУ-ын эрчим хүчний системтэй 220 кВ-ын агаарын шугам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрчим хүчний системтэй Өмнөговь аймагт байрлах Оюутолгой уурхайг тэжээдэг  220 кВ-ын агаарын шугамаар тус бүр холбогддог бөгөөд цаашид Монгол Улс нь энэхүү хоёр хөрш улсын эрчим хүчний салбартай хамтарч ажиллахаар харагдаж байсан. Энэ үед олон улсын эрчим хүчний салбарт бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд зайлшгүй хэрэгтэй байсан тул БНХАУ-д суралцахаар шийдэж байсан. БНХАУ-ын эрчим хүчний систем, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлт, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байна. Иймээс 2 улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж олон төсөл хэрэгжих хандлагатай байна.

- Монгол Улсын Эрчим Хүчний Диспетчерийн үндэстний төв нь ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

2001 онд Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу "Диспетчерийн үндэсний төв" ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулаад 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Оновчтой зохицуулалт, шуурхай удирдлага, чанартай эрчим хүчийг үндэстний хэмжээнд найдвартай хангах, хянан зохицуулах эрхэм зорилгын доор “Эрчим хүчний тухай хууль”-иар олгогдсон эрчим хүчний салбарт технологийн нэгдсэн удирдлагаар ажилладаг. Монгол Улсын бүх цахилгаан станцууд 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын бүх горим, ажиллагаа диспетчерийн зохицуулалтыг хангадаг техникийн гол зохицуулалт хийдэг байгууллага бөгөөд ОХУ, БНХАУ-ын Диспетчерүүдтэй холбогдож ажилладаг шуурхай ажиллагаатай юм.

А.Чойдорж: Сурах орчноо өөрөө л бий болгохгүй бол өөр хэн нэгэн бүрдүүлж өгөхгүй

- Хятад улсад суралцаж байсан үеэс яриагаа үргэлжлүүлье. Хятад хэл сурахад хэр зэрэг хүндрэлтэй байсан бэ? Хөдөлмөр хүч, цаг их зарцуулж байв уу?

Би энэ асуултад хариулах их дуртай. Бакалавраа төгсөөд хоёр жил эрчим хүчний салбартаа ажиллаж мэргэжлээ ерөнхийдөө ойлгосон боловч хятад хэлний талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан. Эхний нэг жилд хятад хэл сурах гэж нэлээд хичээсэн, цаг зав гаргаж суудаг байсан. Аливаа зүйлийн үр дүн хэр их хичээл зүтгэл гаргаснаар үнэлэгддэг гэж боддог. Хоёр дахь жилээс мэргэжлийн хичээл эхэлж, хятад оюутнуудтай нэг ангид ороод сурахад багшийнхаа яриаг 20 хувьтай л ойлгож байсан. Тэр үед 25 оюутнаас би ганцаараа Монгол Улсын оюутан байлаа. Тэр жил бүх хичээл дээрээ унасан. Дараа жил нь доод курсийн оюутнуудтай дахин унасан хичээлээ сонгож сурахад 40-50 хувь ойлгох болсон. Хичээлийн дараа эрчим хүчний чиглэлийн мэргэжлийн номоо орчуулаад сурахад хятад хэл хурдан дээшилсэн. Хятадад анх очихдоо л маш сайн сурах хэрэгтэй гэдэг зорилготой очсон болохоор зорилго маань надад хэл сурах, мэргэжлээрээ илүү ихийг мэдэж авахад тусалж, урагш хөдлөх хүч маань болсон гэж боддог. Манай сургуулийн оюутнууд их ойр дотно нөхөрсөг, надад их сайн ханддаг байсан. Би өөрөө их нээлттэй хүн, чөлөөтэй яриа өрнүүлдэг, практик дээр 2 жил ажилласан байсан тул мэргэжлийнхээ дагуу хоорондоо санал бодлоо солилцдог байсан. Аль болох хятад хэлээ сайжруулахын тулд хятад оюутнуудтай хамт чөлөөт цагаараа сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглож, илүү их цагийг өнгөрүүлэхийг оролддог байсан. Манай сургууль Хөххотын Жинчуань дүүрэгт байрлаж байсан нь надад бас хэлний орчин илүү бүрдүүлж өгсөн. Учир нь тэнд Монгол Улсын 10 гаруй л оюутан сурч байсан.Тиймээс хятад оюутнуудтай илүү ойрхон байх боломжийг олгосон.

Сурах нөхцөлөө өөрөө л бүрдүүлэхгүй бол хүн бүрдүүлж өгнө гэж хэзээ ч байхгүй. Нэг удаа өвдөг гэмтээд ӨМӨЗО-ы Харьяат эмнэлгийн хороонд хагалгаанд орж байсан. Өвдөгний хагалгааны 7 хоногийн дараа суга таягтай нэг талдаа Хятад-Монгол толь, нөгөө талдаа Монгол-Хятад толь хавчуулаад сувилагчийн пост дээр очин сувилагч нартай хятадаар яриа өрнүүлж, хятад хэлээ сайжруулах талаар боддог байлаа. Учир нь 1 сарын хугацаанд хичээлдээ яваагүй тул сэтгэл зовоож байсан юм. Иймээс л хаана ч явсан хятад хэлээ дээшлүүлэх, мэргэжлээрээ сурч боловсрохыг эрмэлзэж байсан завгүй 4 жилийг тэнд өнгөрүүлж, судалгааны ажлаа хятад хэлээр бичээд магистрын зэргээ хамгаалаад амжилттай төгссөн.

- Хятад улсад сурах хугацаанд Хятадын ямар ямар хотоор аялж байсан бэ? Аяллын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Монгол Улсын эрчим хүчний салбарынхан ажил хэргийн шугамаар Хятад улсад их ирдэг тул орчуулагчаар би хамт явдаг байсан. Хоёр орон эрчим хүчний салбарт байнгын хамтын ажиллагаатай байдаг нь надад бусад хотоор аялах, мэргэжлийн дагуу компаниудтай холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгч байсан. Хятад улсын Бээжин, Тянжин, Ши-Ан, Чиндао, Шанхай, Наньжин, Тай-Ан зэрэг гол гол эрчим хүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг ихэнх хотуудаар явсан. Ажлын шугамаар явж орчуулга хийсэн болохоор мэргэжлийн үг хэлээ илүү ойлгодог болсон нь төгсөлтийн судалгааны ажлаа бичихэд их тус болсон.

- Хятад улсад сурч байсан дурсамжуудаасаа?

Хятад улсын Чиндао хотод ганцаараа нэг сар хагас суралцаж явсан маань их дурсамжтай. Хятад хэлийг арай удаан сураад байх шиг санагдаад өөрийнхөө хятад хэл сурах орчинг бүрдүүлэх гэж Чиндао хотын хятад хэлний сургуультай холбогдонмсар хагас хятад хэлний ганцаарчилсан сургалтад явж байсан. Сар болгон сургалтын тэтгэлгийн мөнгө гэж сургуулиас 1700 юань өгдөг бөгөөд гурван сар хуримтлуулсан 5000 гаруй юань, мөн өмнөх саруудын саруудад сар бүр 500 юанийг хадгалж хуримтлал үүсгэж байсан учраас боломжийн мөнгөтэй болж, 24 цагийн суудлын вагоноор Чиндао хотыг зорьсон. Тэр үед вокзал дээр очоод Чиндао хүрэх тасалбар авахаар хятадаар ярихад кассын хүн ойлгоод миний тасалбарыг гаргаж өгөхөд маш их баярлаж байсан. Учир нь хятад хэлийг хэдхэн сар л сурсан байсан тул энэ нь надад их урам зориг өгч билээ. Эхний жил хятад хэлээр ярихад хэлний бэлтгэлийн ангийнхан маань шоолдог байсан. Дараа нь Чиндао хотод нэг сар гаруй суралцаж ирээд хичээлдээ ороход ангийнхан шоолохоо больсон. Иймээс гадаад хэл сурахад хамгийн чухал зүйлийн нэг бол өөрийн гэсэн орчин бүрдүүлэх юм байна гэж ойлгосон. Энэхүү туршлагыг одоо англи хэл сурахад мөн ашиглаж байна. 2018 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кайп Таун хот руу ганцаараа явж,  2 сарын хугацаанд англи хэл сурч, мэргэжлийн дагуу төсөл дээр ажиллаад ирсэн. Африкийн улсад ажиллах болон сурахад аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй байсан ч гэсэн ганцаараа зориг шулуудан яваад зорьсон хэргээ бүтээгээд сайн яваад ирсэн шүү.

- Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Багаасаа цахилгаан эрчим хүчний салбарыг сонирхож байв уу? Ер нь таны багын мөрөөдөл? Мөрөөдөл тань биеллээ олсон уу?

Намайг бага байхад манайх Улаанбаатар хотоос 45 километрийн зайд орших Төв аймгийн Зуун мод хотод амьдардаг байсан. Тэр үед цахилгаан их тасардаг, телевиз үзнэ гэдэг их л хэцүү зүйл байлаа. Тухайн үед би том болоод энэхүү цахилгаан тасрах асуудлыг шийддэг хүн болно гэж бодож байсан. Их сонин нэг л мэдэхэд энэ мэргэжлийг сонгоод ажиллаад явж байна. Хүн юу хүсэж мөрөөднө тэр хүсэл хэзээ нэг цагт биелдэг байх гэж боддог. Мөрөөдөл маань биелж, дуртай ажлаа хийж, эрчим хүчний салбартаа тодорхой хувь нэмэр оруулаад явж байгаадаа баяртай байдаг. Сонгосон мэргэжил маань их гэгээлэг буянтай гэж боддог. Учир нь бид хүмүүст гэрэл гэгээг дамжуулж, гал голомтыг асаах энергийг түгээж байгаа энэхүү асар том үйл хэргийн нэг жижиг эс нь болж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.

А.Чойдорж: Сурах орчноо өөрөө л бий болгохгүй бол өөр хэн нэгэн бүрдүүлж өгөхгүй

- Таныг спорт их сонирхдог гэж дууллаа. Саяхан хөл бөмбөгийн ДАШТ тэмцээн болоод өнгөрлөө. Та аль багийг дэмжиж байв?

Тийм ээ, спортод их сонирхолтой. Би 2005 оноос одоог хүртэл Английн Манчестер Юнайтэд багийг дэмжсээр ирсэн. Тийм дээ ч Англи улсыг дэлхийн аварга бүрээр дэмжиж ирсэн. Монгол Улсыг дэлхийн аваргад орох хүртэл энэхүү багаа дэмжсээр байна. Англи улс энэ жил ч боломжийн амжилтыг үзүүллээ. Гэхдээ л хөгжөөн дэмжигч хүн бол дэмжсэн багаа түрүүлэхийг харахыг хүсдэг. Иймээс үүнээс ч илүү амжилтыг байгуулах боломжтой гэж бодож байгаа.

- Та Хятад улсад боловсрол эзэмшсэн хүн. Таны бодлоор Хятад улс, Монгол Улсын сургалтын ялгаа юунд байна вэ?

Мэдээж хэлний ялгаа бол асар их, ашиглах сурах бичгийн хувьд ч гэсэн арай өөр системтэй байсан. Монголд их сургуулиудын ихэнх сурах бичиг гарын авлага бол ОХУ-ын сургалтын систем дээр суурилсан байдаг бол Хятад улсын боловсролын систем арай өөр арга барилтай байсан. Хятадын их сургуулиудын багш нар оюутны бие даах чадварыг илүү хөгжүүлэх тал дээр ашигладаг юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, чи өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө сурч байгаа гэдэг ойлголтыг оюутнуудад өөрсдөөр нь ойлгуулж, хичээх, хөдөлмөрлөх дараа нь амжилт гэж сургаж байна. Хятад улс нь ажлын байр болон нийгмийн өрсөлдөөн их учир оюутнууд болон багш нарын онцлог нь монгол оюутнуудтай харьцуулбал өөр байх гэж боддог.

А.Чойдорж: Сурах орчноо өөрөө л бий болгохгүй бол өөр хэн нэгэн бүрдүүлж өгөхгүй

- Гэр бүлтэй нь танилцъя? Эхнэртэйгээ анх яаж танилцаж байв?

Эхнэр охины хамт амьдардаг. Эхнэртэйгээ Хятадад оюутан байхдаа анх танилцсан. Өвдөгөө гэмтээгээд эмнэлэгт байхад миний хятад хэлний түвшин муу байсан тул мэргэжлийн анагаах ухааны орчуулагч болон бусад туслалцаа хэрэг болсон. Тухай  үед ӨМӨЗО-ы Анагаах Ухааны Их Сургуульд Монголын оюутнууд их сурч байсан бөгөөд тэдний нэг нь манай эхнэр байсан. Мөн Хятад улсад уламжлалтын эмч мэргэжлээр төгсөөд, одоо Монгол Улсдаа мэргэжлээрээ ажиллаж байна.

- Цаг гарган бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээж байна?

Баярлалаа. Хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байгаа өнөөгийн үед эрчим хүчний салбарт залуу инженер бидний хувьд сурч мэдэх, боловсрох зүйл их байна. Иймээс эрчим хүчний чиглэлээр сурч байгаа залуус маань илүү зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байж сонгосон мэргэжлээ өндөр түвшинд эзэмшиж Монгол Улсынхаа эрчим хүчний салбарт маш том хувь нэмэр оруулна гэдэгт итгэж найдаж байна.

А.Чойдорж: Сурах орчноо өөрөө л бий болгохгүй бол өөр хэн нэгэн бүрдүүлж өгөхгүй

Зохиогч: Ярилцсан: Х.Арвинтал,Ц.Урантунлаг

Найруулагч: Х.Арвинтал

Эх сурвалж: Солонго

Их уншсан

холбоотой мэдээ