​Ж.Баярбаатар: Судалгаа хийсвэр зүйл биш

2018-09-30 16:29:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бид энэ удаагийн зочноор Монгол Улсын хятад судлаач, “АСЕАН, Хятад судлалын төв”-ийн гүйцэтгэх захирал, “Замбуулин” сэтгүүлийн эрхлэгч Ж.Баярбаатарыг урин хөөрөлдсөн юм.

Ж.Баярбаатар: Судалгаа хийсвэр зүйл биш

- Та өөрийгөө, мөн сэтгүүлийнхээ тухай бидэнд танилцуулаач. Сэтгүүлийн нэр “Замбуулин” их сайхан нэр. Бидний амьдарч байгаа дэлхийг, дээр нь амьдарч буй хүнтэй нь хамтатган хэлж байгаа юм шиг санагдлаа?

- Намайг Жамбалдоржийн Баярбаатар гэдэг. Олон улсын харилцааны ажилтан, хятад судлаач мэргэжилтэй. “Замбуулин” сэтгүүл төрсөн түүх бол 2013 оноос эхэлнэ. Тэр жил би Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байсан юм. Тухайн үед ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Ж.Баясах судалгааны төв байгуулах талаар анх санаачилга гарган, бидэнд санал тавьсныг хүлээн авч, өнөөг хүртэл тус төвийн хятад судлаач, гүйцэтгэх захирал, “Замбуулин” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байна. Манай төвийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Ж.Баясах, гишүүнээр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын Зөвлөх, доктор Я.Ганбаатар, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал, доктор М.Чимэдцэеэ нарын Монголын урдаа барьдаг, нэр хүндтэй хятад судлаачид багтдаг. Тэд бүгд миний хүндэлж, хайрлаж явдаг багш нар. Тус судалгааны төв 2013 оны 12 дугаар сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нээлтийн ёслолд манай улсын ГХЯ, БСШУЯ, Монгол дахь Хятадын ЭСЯ, Тайванийн төлөөлөгчийн газар, АНУ-ын ЭСЯ, Хятадын банк, Монголын Хятад судлалын салбарын их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид уригдан оролцож байлаа. Судалгааны төв байгуулагдсан өдрөөсөө эхлэн “Замбуулин” сэтгүүлээ тогтмол гаргахаар төлөвлөсөн ч санхүү, зохион байгуулалтын зарим асуудлаас шалтгаалан, 2016 онд анхны дугаараа гаргасан. Одоо манай төвийн болон сэтгүүлийн үйл ажиллагаа тогтворжиж, тусдаа байртай болсон төдийгүй дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, нийтлэл, ярилцлагын тодорхой талбар болон хөгжиж буйд баяртай байдаг.

- Хятад судлаач болсон түүхээсээ сонирхуулбал?

- Хятад судлалтай хувь заяагаа холбоно гэж бодож явсангүй. Харин хятад хэл сонирхон, сурч эхэлсэн үе маань “хятад хүнтэй бизнес хийхэд ихээхэн давуу талтай” гэсэн шаардлагаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл анх цэвэр эдийн засгийн зорилгоор хятад хэл сурч эхэлсэн. Хятад хэлийг сурна гэдэг хүссэн хүсээгүй хятад соёл, түүх, тус улсын нөхцөл байдлыг давхар анхаарч, судлахад хөтөлсөн. Хятад хэлийг сураад гүнзгийрээд ирэхээр хүрээ нь улам тэлээд, давуу талыг нь олж харна гэсэн үг. Улмаар зөвхөн бизнесийн зорилгоор хятад хэл, соёлтой холбоотой ажил хийх үү, эсвэл хоёр талын харилцаа, эх орондоо хэрэгтэй судалгааны чиглэлээр явах уу? гэдэгт сонголт хийх шаардлага гарсан. Ингээд багш нарынхаа зөвлөмжийг аваад хятад судлаач болох чиглэлийг сонгосон. Гол чиглүүлсэн хүн маань, хятад судлаач, доктор Ж.Баясах багш минь юм. Хятад судлаач болох сонирхолтой байлаа гээд шууд хятад судлаач болно гэж байхгүй. Би өөрөө тийм мундаг судлаач биш, одоог хүртэл суралцаад судлаад явж байгаа хүн. Харин цаашид ахмад сайн судлаач нарынхаа итгэлийг алдахгүй залгамж халаа нь болно гэдэгт итгэлтэй байдаг. Хятад судлаач болно гэдэг нь өөрөө том мэдлэг шаардсан ажил. Хятадын түүх таван мянган жилээс дээш настай. Ганц түүхэн талаас нь судлахад нэг битгий хэл нэлээд хэдэн зуун судлаачийн нэг насны амьдрал хүрэхгүй болов уу. Харин миний хувьд Хятад дахь монгол угсаатан, Хятадын орчин үеийн улс төр, нийгэм, эдийн засаг, Монгол-Хятадын харилцаанд одоо тулгамдаж буй асуудлыг түлхүү судалдаг.

- Хоёр улсын төрийн харилцаа заавал иргэдийн харилцаан дээр тогтдог гэж хүмүүс хэлдэг. Хятад судлаачид, эрдэм шинжилгээний салбарынхан хоёр орны ард иргэдийн хоорондох холбоосонд ямар ач холбогдол гаргаж чадах бол? Цаашлаад ард түмнээсээ дээш төр, гүрний харилцаанд ямар том ач холбогдол үзүүлнэ гэж та ойлгодог вэ?

- Иргэдийн түвшинд гэдэг нь нийгмийн сэтгэл зүйн түвшинг заасан ойлголт. Нийгмийн сэтгэл зүйн түвшинд хүмүүсийн авч байгаа мэдээлэл,хийж буй анализ, хариу үйлдэл нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэлзүйн түвшинд олон нийт мэдээллийг аваад бодитой дүгнэлт хийх нь эргэлзээтэй. Харин мэргэжлийн судлаачид мэргэжлийн түвшинд анализ хийгээд бодитой саналыг төр хийгээд олон нийтэд хүргэдгээрээ ялгагдах ёстой. Зарим хүмүүс мэдээллийг өөртөө ашигтай байдлаар эргүүлдэг, олон нийт тэрийг нь дагаад найгаад байдаг. Хоёр улсын харилцаанд ийм жишээ цөөнгүй бий. Харин хятад судлаачдын хувьд асуудлыг тогтолцоотойгоор, бодитоор харж, бодит мэдээлэл түгээх нь нийгэмд оруулж буй хувь нэмэр байх. Энэ бол судалгааны байгууллагуудын гол үүрэг байх ёстой болов уу. Судалгаа гэдэг нь зөвхөн цаасан дээр буудаг, хийсвэр зүйл биш. Судлаач судалгааны ажил хийгээд, үр дүн нь ямар нэгэн сэтгүүл дээр хэвлэгдлээ. Хэвлэгдсэн бүтээлийг тухайн салбарын хэдхэн хүн уншлаа, ганц хоёр нь иш татаж ашиглалаа. Ингээд сэтгүүлээ хаагаад, номын санд хагалах биш юм. Харин тэр хүний судалгаа нийгэмд бодитой үр дүн авч ирж байх ёстой гэж үзэж байна. Ингэхгүй бол судлаачид гэхээр яг юу хийгээд, яагаад яваад байдгийг олон нийт мэддэггүй, эсвэл ойшоодоггүй. Тэр хэрээр шүүмжлэлтэй хандах явдал бий.

- Таны судалгааны чиглэл юу вэ? Таны бодлоор Хятад, Монголын харилцаа сүүлийн үед аль салбарт илүү хөгжиж байна?

- Орчин үеийн Хятадын улс төр, эдийн засаг, нийгэм гэдэг талаас нь бид судалгаагаа гүнзгийрүүлээд явж байна. Орчин үед Хятад улс юу болоод байна? Хятад улс яагаад маш хурдтай, үсрэнгүй хөгжөөд байна? Үүнд Хятадын үе үеийн улс төрчдийн хэрэгжүүлж буй бодлого хэрхэн нөлөөлж байна? Хятадын их хөгжлийн нууц юунд байна? зэрэг олон асуулт шийдлээ хүлээж байна. Хятадууд өмнө юмыг дуурайж хийдэг байсан бол одоо өөрөө хийнэ, Хятадад бүтээнэ гэсэн бодлого хэрэгжүүлж байна. Орчин үеийн улс төр нь юу болоод байна? Хэдэн бүлэг фракцад хуваагдсан бэ? Ши Жиньпиний дараа ямар хүмүүс гарч ирэх вэ? Тэд ямар бодлого баримтлах вэ? Эсвэл хуучнаа үргэлжлүүлэх үү? Тэр бодлого бүс нутаг, дэлхий дахин, хамгийн гол нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг талаас нь зайлшгүй анхаарах ёстой. Өнгөрсөн зууны 90-ээд онд манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр хоёр улсын харилцаа өргөжин, нээлттэй болсон. Хүйтэн дайны үед Монголын хятад судлаачид бас их мундаг байсан гэж бид ойлгодог. Хаалттай нийгэм хэрнээ гүнзгий сайн судалдаг байжээ. Магадгүй энэ нь тухайн үед төр, засгийн дэмжлэг сайн байсантай холбоотой байх. Харин сүүлийн үед судлаачдын үүрэг, хандлага өөр болсон. Судалгаа хийнэ гэдэг өөрөө санхүү, мөнгөтэй шууд холбоотой асуудал. Судлаач бичих үзэг, компьютер, интернеттэй байгаад болчих асуудал биш. Наад зах нь тухайн газарт очих хэрэгтэй. Жишээ нь би Хятадыг судлах юм бол наад зах нь тэнд удаан хугацаанд амьдарч үзсэн байх хэрэгтэй. Хятад хүний амьдрал, сэтгэл зүй, амьдралын хэв маягийг нь ойлгож байж тэр хүний судалгааны үр дүн бодитой гарна. Тиймээс тогтмол санхүүжилт шаардлагатай. Сэтгүүл хэвлэх, хуралд оролцох, өөртэйгөө санал бодол зөрөөтэй эсвэл адилхан хүнтэй уулзах гээд л бүх зүйлд мөнгө зарцуулж байдаг. Манай хятад судлаачдын гол хүндрэл бол санхүүгийн асуудал. Санхүүжилт тогтвортой сайн байдаггүй учраас сайн судалгаа хийхэд бас хэцүү.

- Та ХКН-ын XIX хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Замбуулин” сэтгүүлийн дараагийн дугаартаа оруулахаар буйг дуулсан. Энэ тухайгаа тодруулбал?

- Хятадын талаар бодитой, цаг үеэсээ хоцроогүй мэдээллийг нийгэмд хүргэх нь бидний нэг үүрэг. Сошиал сүлжээнд үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл тардаг. Үүнээс хүмүүс янз бүрийн ойлголт аваад байна. Харин бид Хятадын талаар бодитой мэдээллийг, боловсруулсан хэлбэрээр хүмүүст хүргэнэ. ХКН-ын XIX хурлын талаарх судалгааг бид хийж байна. Хятадын дарга Ши Жиньпиний 3 цагийн илтгэл нь Хятадын дараагийн таван жилийн бодлогыг шууд тодорхойлсон агуулгатай, улс төрийн чухал баримт бичиг. Түүнийг бүрэн эхээр нь орчуулаад “Замбуулин” сэтгүүлд нийтлэхэд бэлэн болсон. Ирэх таван жилийн хөгжлийн бодлого гэдэг утгаараа үзэл санаа, бодлого нь хуучрахгүй учраас судалгааны ач холбогдолтой. Саяхан болж өнгөрсөн “Хоёр чуулган”-ы үйл явц, гаргасан шийдвэр, түүний үр дагавар, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг тусгасан мэдээллийг оруулна. Мөн Хятадын улс төрийн тогтолцооны талаарх мэдээлэл ч үүнд хамаарна. Хятадыг ямар хүч удирдаж байна? ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн зөвлөл, Шүүх, Прокурорын байгууллагуудын харилцан уялдаа, бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулна. Иймэрхүү агуулгаар “Замбуулин” сэтгүүлийн дараагийн дугаар гарахад бэлэн болоод байна.

Ж.Баярбаатар: Судалгаа хийсвэр зүйл биш

- Та Монголд бэлтгэгдсэн Хятад судлаач. Хятад хэлийг сурахад хэцүү байсан уу? Танд өөрийн гэсэн сурах арга барил байдаг уу?

- Би одоо ч өөрийгөө хятадаар сайн ярьдаг гэж хэлж чадахгүй. Гадаад хэл ер нь амаргүй. Дуудлага хөгөөсөө эхлээд ханз үсгийн бичилт, тэр бүгд их хэцүү. Одоо ч ном уншина, мэдээ үзнэ, хятад хэлээ сайжруулсаар л явж байна. Би их сургуулиасаа хятад хэлийг үзэж эхэлсэн. Тухайн цагт хятад хэлний орчин ховор, одоогийнх шиг чөлөөтэй биш байсан. Дараа нь Хятадад ажиллах боломж тохиож тодорхой хэмжээнд хятад хэлний дадлага хийж, мэргэжлээ дээшлүүлэх боломж гарсан.

- Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас олон оюутнууд Хятад улсад суралцах боллоо. Энэ тухай таны бодол?

- Жил бүр 200 гаруй хүн Хятадын талын тэтгэлгээр тус улсад сурч байна. Сургалтын чанар бол нэгдүгээр асуудал. Нэгд, элсэлтийн шалгалтыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Яг явъя, суръя гэсэн хүүхдүүд уг тэтгэлэгт хамрагдах нь ховор. Хоёрт, Хятад хэл бол хэцүү хэл, ялангуяа академик түвшинд эзэмшинэ гэдэг бүр хэцүү. Дөрөв, таван жил сураад дөнгөж хятад хэлээ гадарлах төдий болтол төгсөх цаг болчихдог. Сургуульд орчихоод өчнөөн жил хятад хэлтэйгээ зууралдсаар байгаад үндсэн мэргэжлээ эзэмшиж чадалгүй төгсөх хүүхдүүд олон. Үндсэндээ сонгосон мэргэжлээ бүрэн эзэмшсэн оюутнууд ховор байдаг. Хэлээ сайн сурах хэрэгтэй. Хэлээ сайн сурахын тулд хичээх ёстой. Консулын шугамаар бид оюутнуудтай уулзаж, бодит байдалтай танилцаж байсан. Ний нуугүй хэлэхэд оюутан, сургуулийн захиргаа аль аль талдаа асуудалтай байдаг. Сургуулийн талд зөвлөхөд монгол оюутнуудад хатуу хандаж, дүрэм журмаа ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь дараагийн хүүхдүүдэд сэрэмж болно. Залуу хүүхэд алдана, ононо. Тэр хүүхэд хариуцлагаа ухамсарлах ёстой. Гэвч зарим тохиолдолд тухайн оюутан үлгэн салган суралцах, сургуулийн захиргаа “толгойг нь илээд” байлгаад байдаг, бүр төгсгөдөг. Иймд цаашид Хятадад суралцагчдын тоог шууд утгаар нь нэмэх биш харин ч багасгах, чанарыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийг байгалийн шинжлэх ухаан, техник технологи зэрэг нарийн мэргэжил рүү илүү ойртуулах ёстой болов уу.

- Хятадын орчин үеийн иргэдийн амьдрал, улс төр, түүх, янз янзын чиглэл уруу судлаад байна. Таны бодлоор Хятадыг аль талаас нь илүү судлах хэрэгтэй вэ? Хятад судлал Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

- Хятад судлалын хүрээ өргөн. Улс төрийг судлалаа гэхэд ахиад л улс төр дотроо төрөлжих шаардлагатай. Тиймээс ерөнхийд нь судлах, ерөнхийд нь анализ хийх болдог. Түүх, утга уран зохиол, харилцаа, улс төр гэх мэтээр бүх чиглэлд судалгаа сайн хийх хэрэгтэй ч хамгийн гол нь орчин үе талаас нь түлхүү судлах шаардлагатай. Манай олон судлаач Хятадын түүх, соёл, урлаг, уран зохиолыг голчлон судалдаг. Тэр талын зохиол бүтээл ч чамлахааргүй бий. Урт хугацаанд дурдсан чиглэлийн судалгаа хэрэг болно. Гэхдээ орчин үед бид илүү прагматик, яг одоо амьдралд хэрэгтэй, магадгүй төр, засгийн бодлого, шийдвэрт үндэслэл болохуйц тийм судалгааны ажилд төвлөрөх шаардлагатай.

- Хятад судлалын салбар дахь амжилт бүтээлээсээ хуваалцана уу. Таны дараагийн төлөвлөгөө юу байна?

- Хятадын судлалын чиглэлээр зарим төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монголд хятад судлалын 20, 30-н төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн байдаг ч яг бодитой үйл ажиллагаа явуулдаг нь маш цөөн. Цаашид хятад судлалыг орчин үетэй хөл нийлүүлье, судалгааны объектоо тодорхой болгоё, уянгын халилаас салж, прагматик үр дүнд хүргэе гэсэн зорилгоор бид “Орчин үеийн хятад судлалын төв”-ийг дэргэдээ байгуулсан. Энэ нь агуулга болоод хэлбэрийн хувьд орчин үеийн Хятадыг судална гэсэн шууд санаа. Тус төв хятад судлалыг хөгжүүлэх, хятад судлалтай холбоотой асуудлаар төр, олон нийтэд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилготой хэмээн тодотгож болно. Бид албан ёсны оффистой, вэбсайт, сэтгүүлээрээ өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж байна. Энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил гэвэл вэбсайтдаа Монголын хятад судлаачдын 90 оноос хойших бүтээлүүдийг төвлөрүүлэн, мэдээллийн санд нэгтгэн нийтийн хэрэглээнд оруулах төсөл байна. Тухайлбал судлаач, оюутан, сонирхсон хэн бүхэн тухайн судлаачийн судалгааны ажлын үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг тодорхой үнэ хөлсөөр манай вэбсайтаас татаж авч ашиглана гэсэн үг. Бид тухайн судлаачидтай гэрээ байгуулж, оюуны бүтээлийг нь ашиглах бөгөөд өгүүлэл, нийтлэл нь татагдах бүрд тухайн судлаачийн дансанд тодорхой хэмжээний төлбөр шууд орж байх юм. Нөгөө талаар сүүлийн үед Хятадын улс төр, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааны талаар гарсан чанартай бүтээлийг монгол хэл рүү орчуулахаар ажиллаж байна.

- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

- Та бүхэнд бас баярлалаа, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.


Зохиогч: Х.АРВИНТАЛ, С.УРЬХАН

Найруулагч: Х.АРВИНТАЛ

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Их уншсан

холбоотой мэдээ