​Д.Энхтуяа: “Нэг бүс нэг зам” төсөл монголын ард түмэнд өндөр өгөөжтэй

2019-09-27 09:17:08
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр дөхөж байгаа үеэр, сэтгүүлч Г.Сүрэн 9 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо МУ-ын “Нэг бүс нэг зам” Хэвлэл Мэдээллийн Ассоциацийн ерөнхийлөгч, “TВ2” телевизийн ерөнхий захирал, хатагтай Д.Энхтуяатай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе.

-Та бүхэнд мөн өдрийн мэндийг хүргэе.

-Тун удахгүй Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж байна. Та сэтгэгдлээ хуваалцаач.

-2019 онд түүхэн жил тохиож байна. Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой нэгэн зэрэг тохиож байна. Энэ утгаараа хоёр улсын төрийн тэргүүн нар энэхүү ойг маш өргөн утгаар авч үзэж, тэмдэглэн өнгөрүүлж байна. Зөвхөн төр засгаас гадна, эдийн засаг, худалдаа, соёл, урлаг, спорт гээд Монгол, Хятадын харилцаанд ахиц орсон сайхан он жил тохиож буйг тэмдэглүүштэй.

-“ТВ2” телевизийн хувьд Хятад улсын “CCTV” болон “Боловсрол” телевизтэй хамтран ажилладаг онцлогтой. Үйл ажиллагаагаа танилцуулбал?



-2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар хоёр улсын урлаг, соёл, спортын салбарт өргөн ахиц гарсан гэж би үздэг. Тухайн үед Хятадын түүх, урлаг, соёл, орчин үеийн амьдралыг харуулсан уран сайхны 25 киног Монголын үзэгчдэд хүргэх бэлэглэлийн үйл ажиллагаа болсон. Үүнээс хойш манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа телевизүүдээр Хятадын соёлыг харуулсан уран сайхны олон ангит кинонууд цацагдаж, үүгээр дамжуулан Монголын үзэгчид хөрш улсынхаа тухай мэдлэг, ойлголттой болж байна. Би ч гэсэн энэ олон ангит киног анхлан үзэж, надад их таалагдаж байсан. Хятадын олон ангит кинонуудыг гаргах юмсан гэсэн хүсэлтэй байсан. Ингээд олон ангит киног дэлгэцнээ гаргах болсон. “ТВ2” телевиз “CCTV”-ээс өдөр тутмын мэдээ мэдээллээ авч, Хятадын Олон Улсын Радиотой хамтран ажиллаж, олон талын хамтын ажиллагаа хийж байна. Үүнээс гадна, олон улсад мэдээгээ цацдаг “Синьхуа” агентлагтай хамтын ажиллагаа эхлүүлсэн. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин Сайдын Яам биднийг ихэд дэмжин, урт хугацааны, сайн хамтын ажиллагааг бүрдүүлэн ажиллаж байна.

-“ТВ2” телевизийн хувьд 70 жилийн ойг угтан ямар ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа вэ?

-Өнгөрсөн оноос бид 70 жилийн ойд зориулан БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар байгуулагдсан барилга байгууламж МУ-д хэчнээн байдаг талаар “Нэг бүс нэг зам: Өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн баримтат киног бэлтгэсэн. Тун удахгүй нээлтээ хийнэ. Уг баримтат кинонд хоёр орны найрамдалт харилцаа ямар өнө эртнээс эхэлсэн, хэчнээн бүтээн байгуулалт хийгдсэн тухай өгүүлнэ. Барагцаа судалгаагаар МУ-ын нутагт 1500 гаруй барилга байгууламж бий гэсэн тоо байдаг. МУ-ын сум суурин газруудад Хятадын тусламжаар бүтээгүй байгууламж бараг байхгүйтэй ижил. Энэ бүх түүхийг тус кинонд үзүүлэх болно.

-Телевиз бол бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс өөрийн гэсэн онцлогтой байгууллага байдаг. Энэхүү салбарын хувьд хоёр орны соёлын харилцан солилцоог түгээх нь хэр ач холбогдолтой вэ?

-Миний бодлоор, стратегийн түншлэлтэй мөнхийн хөрш орон гэж бид ярьдаг боловч, Хятад орны тухай, хятад хүн, бүтээн байгуулалтын тухай бид төдийлөн мэддэггүй. Энэхүү соёлыг хоёр орны ард түмэнд ойртуулах, найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа хамгийн чухал учир, бид энэхүү хувь нэмрийг оруулж байна гэж боддог.

Баримтат кино арваад хоногийн дараа нээлтээ хийнэ. Хятадын Боловсрол телевизтэй хамтраад, Хятадын боловсролын системийн тухай цуврал нэвтрүүлэг хийхээр дараагийн төсөлдөө ороод байна. Хятад улсад манай маш олон залуус суралцдаг, зорих оюутны тоо ихэсч байна. Үүнтэй холбогдуулан Хятадын их дээд сургуулиуд хэрхэн элсэлтээ авдаг, ямар журам мөрддөг гэхчлэн монгол залууст зориулсан мэдээлэл өгөх төсөл эхлүүллээ. 2020 он хүртэл энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгөн ажиллахаар зорьж байна. “CCTV” телевизийн хувьд бид толгой байгууллага болох “China Media Group”-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд “Нэг бүс нэг зам” хэвлэл мэдээллийн нийгэмлэгийн удирдах зөвлөлд миний бие сонгогдсон. “Нэг бүс нэг зам” эдийн засгийн төслөөр дамжуулан, МУ-ын хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэж би үздэг. Тиймээс төслийн ач холбогдол, үйл явцын талаар Монголын ард түмэнд хүргэх нь бидний үүрэг.

-Та өөрийн тэргүүлдэг “Нэг бүс нэг зам” Хэвлэл Мэдээллийн Ассоциацийн тухай дэлгэрүүлбэл?

-Энэхүү байгууллага нь зөвхөн “ТВ2” телевизээр зогсохгүй, Монголын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хоёр улсын хамтын ажиллагаанд өргөнөөр оролцуулах зорилготой байгуулагдсан. Одоогоор 7 хоногт 3 удаагийн давтамжтай, 5 өдрийн давталттайгаар энэхүү төслийн хүрээн дэх дэлхий дахины бүтээн байгуулалтыг шуурхай орчуулан мэдээлж байна. Хятад улс маш хурдацтай хөгжиж байна. Энэхүү хөгжлөөс бусад улсууд, ялангуяа хөрш Монгол улс суралцах, хөгжих ёстой гэсэн зорилтыг тавьдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлснээр “Хамтдаа хөгжиж, хамтдаа хожно” гэсэн уриалгын дагуу “Нэг бүс нэг зам” төсөл нь Монголын ард түмэнд өндөр өгөөжтэй хэмээн итгэдэг.

-“ТВ2” телевизийн хувьд цаашдын үйл ажиллагаа, зорилтуудаа хэрхэн харж байна вэ? Хятад улстай цаашид хамтран ажиллах ямар ямар боломжууд гарч ирэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд маш амжилттайгаар 2-3 төслийг дуусгалаа. Цаашид улам эрчтэй ажиллах байх гэж найдаж байна. Манай телевиз Хятад улсаас гадна, Их Британийн “Премьер” корпораци, Германы “Дойче Велле”, ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ мэтчилэн бид гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, суралцах гэхээсээ илүүтэй, нэг тавцан дээр контент бүтээн, харилцан солилцож ажиллахыг зорьдог. Монголынхоо үүх түүх, өв соёлоо дэлхийн тавцанд нэг эгнээнд гаргах нь бидний амбицтай ажиллаж байна. Малчин айлд камер тавиад л, нэг өглөөнөөс орой хүртэл ажиллуулахад Монгол орны өв соёл, гайхамшгийг харуулж чадна. Бид илүү том гэхээсээ илүү энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй байх. Нүүдэлчдын соёл, малчны ахуйг дэлхийд таниулмаар байна.

-Хөрш орны хувьд Хятадын соёлоос телевизээр дамжуулан Монголын үзэгчдэд хүргэх нь ямар үр дүн, ач холбогдолтой вэ?

-Өнө эртний түүхээр холбогдсон манай хоёр улс эртний “Торгоны зам”-ын түүхэн жим дагуу уялдаатай. Хятад улсын шаазан, цаасан хэвлэл, урлал зэрэг эртний эдлэлийг монголчууд өргөн уудам тал, элсэн цөлийг гатлан малчин ард түмэндээ түгээн хэрэглэж байсан. Энэ бүх түүх соёлын зүйлсийг Монголын үзэгчид талархан хүлээн авдаг.

-Ярилцсан танд баярлалаа.

/Сэтгүүлч Г.Сүрэн/

Их уншсан

холбоотой мэдээ