​Хөрш зэргэлдээ улс орны хамтын ажиллагаа бол улс, дүүрэг, эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой

2019-09-28 11:26:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дидломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан, сэтгүүлч Г.Мөнхтунгалаг 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай уулзаж дараахь ярилцлагыг авсан юм.

Хөт: Сайн байна уу? Өнөөдөр энэхүү эрдмийн өргөөний үйл ажиллагаатай давхцан тантай ярилцах болсондоо таатай байна. Танд өдрийн мэнд хүргэе.

Зочин: Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе.

Хөт: Юуны өмнө энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жил, мөн Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил гэсэн түүхэн ойн баярууд тохиож байна. Энэ тухай таны сэтгэгдлийг сонсохоос яриагаа эхлье.

Зочин: Манай улс эрт дээр үеэс урд хөрш БНХАУ, хойд хөрш ОХУ гэх энэхүү хоёр их гүрэнтэй хиллэж ирсэн. Нийслэлийн захын 3 дүүргийн нэг болох Налайх дүүрэг нь 40 мянган хүн амтай. Боловсрол, соёл, урлаг зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, олон алдартан, суутан төрсөн, анхны гүний уурхай бий болсон гээд 100 гаруй жилийн турш нийслэлийг илч дөлөөрөө хангаж ирсэн дүүрэг юмаа. Манай дүүрэг мөн УБ хотруу түүхий нүүрс явуулах үйл ажиллагааны эхлэл нь болж байсан. Энэ нь Хятад улстай салшгүй уялдаа холбоотой юм.

Ах, дүү хотууд, зэргэлдээ хөрш улс орны хоорондын хамтын ажиллагаа бол эдийн засаг, нийгэм, улс, дүүргийн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой. Эрүүл мэнд, боловсрол, ХАА, газар тариалан, аялал жуулчлал, зам тээвэр гэх мэт бүхий л дэд бүтцийн салбарт хийсэн, бүтээсэн хоёр талын хамтын ажиллагаа бий. Ингээд бид байнгын ах дүү хотууд болсон байна. Өнөөдөр Налайх дүүргийн нэгдүгээр ангийн 980 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгсэл гардуулж буй энэхүү сайхан их үйлс мөн хоёр улсын найрамдалт харилцааны 70 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Энэ олон бяцхан хүүхдэд тусламжийн гараа сунгасан явдалд талархал илэрхийлээд, хувийн зүгээс болон дүүргийнхээ нийт ард иргэдийн өмнөөс БНХАУ-ын ард иргэдэд 70 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.

Хөт: Налайх дүүргийн Хятад улстай харилцах харилцаа бусад дүүргүүдээс харьцангуй илүү байдаг тухай сонсож байсан. Тэгэхээр Хятад улсаас танай дүүрэгт үзүүлж байсан тусламж, дэмжлэг болон хоёр талын хамтын ажиллагааны талаар танилцуулбал?

Зочин: Манай дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг, Эрээн, Хөх хотууд, Шилийн гол аймагтай ах дүү хот болж, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн сүүлийн хоёр жилд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмж, мэс заслын аппарат бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсон. Түүнчлэн Хятад улсын тусламж, дэмжлэгээр бидний олон жил ярьсан Улиастайн уулзвараас Чойрын уулзвар хүртэлх 20.9км автозамыг олон улсын стандартанд нийцсэн, зүүн аймгуудыг холбосон замыг шинэчилэх, бүтээн байгуулж байна. Нэмж хэлэхэд 70 жилийн өмнө анх баригдаж байсан замыг мөн Хятад улсын хөрөнгө оруулалтаар хийж байсан юм.

Энэ мэтчилэн олон салбарт тухайлбал, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж банйа, ЖДҮ-г хөгжүүлэх, үйлдвэр технологийн парк, барилгын бөөний худалдааны төв, тээврийн ложистик төв байгуулах зэрэг ажлууд БНХАУ-ын ААНэгжүүд болон тус улсын хөрөнгө оруулалтаар манай дүүрэгт хэрэгжиж байна. Хийсэн ажлуудын маань үр дүн эхнээсээ гарч, ард иргэдийн ажиллах, сурч боловсрох, аюулгүй орчинд амьдрах энэ боломжууд нь хөгжсөөр байгаа юм.

Хөт: Цаашид хоёр талын хийхээр төлөвлөсөн ажлууд, хамтын ажиллагаа юу байгаа вэ? Засаг даргын хувьд дүүргийнхээ ирээдүйн хөгжил, дэвшлийг ямар байхаар харж байна вэ?

Зочин: Бид цаашдын найрамдалт харилцаагаа илүү уялдаатай болгох, нийгэм, эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, аялал жуулчлал, газар тариалан, хүлэмжийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хамтран ажилласаар байна. 2025 он гэхэд Налайх дүүргийн маань 40 мянган иргэн 65 мянга болж өсөх төлөвтэй байна. Энэ ч утгаараа хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд, олон салбарт маш олон амжилт гарах үндэслэл бидний түүхэн ойн замналаас харагдаж буй юм.

Хөт: 70 жилийн турш хоёр тал найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай байж ирлээ. Тэгэхээр таны бодлоор Хятад улсаас болон тус улсын ард иргэдээс манай улс, манай ард иргэд суралцах, хамтын ажиллагаагаар мэдэж авах зүйлс юу байдаг бол?

Зочин: Одоогоор сургуулийн сургалтын бодлого, багш, ажилчдын чадавх, эмнэлгийн ажилчдын мэдлэг, чадвар, оношилгоо, ногоон байгууламж, байгал экологийн тал дээр хөрс, агаарын бохирдолоос хэрхэн салах, хотжилтын асуудал гээд олон зүйл дээр манайх Хятад улсаас туршлага судалж байна. Мөн тохижилт, үйлчилгээ, ногоон байгууламжийн чиглэлд холбогдох мэргэжилтнүүд Хятадын Хөх хот, Хайлаар зэрэг боомт хотуудад очиж, их зүйлийг сурч ирсэн байгаа. Түүнчлэн Зүүн Үзэмчин хошуунд манай спортын тамирчид очиж үнэгүй дасгал сургуулилт хийдэг бол тус хотын тамирчид манай нутагт ирж чөлөөт бөх, хөнгөн атлетик, байт харваа гэх мэт спортын төрлүүдээр дасгал, сургуулилт хийж байна. Энэ мэтээр бид харилцан туршлага судалж, хамтран ажиллаж, мэргэжлийн багуудийг бий болгож, хоёр талын хамтын ажиллагааны 80, 90, 100 жилийн бат суурийг бүтээх болно гэж үзэж байна.

Хөт: Баярлалаа, энэ хүргээд ярилцлагаа өндөрлье. Та бүхний цаашдын ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт, улс оронд оруулах хувь нэмэрт өндөр амжилт хүсье.

Зочин: Баярлалаа. Та бүхнийг манай дүүрэгт хүрэлцэн ирж, түүүхэн ойг сурвалжлан, хамтын ажиллагааг дүгнэж, бусдад таниулж байгаад баяртай байна. Нийт сонсогч болон дүүргийнхээ иргэд, Хятад улсын нийт ард иргэдэд түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

/Сэтгүүлч: Г.Мөнхтунгалаг/

Их уншсан

холбоотой мэдээ