​П:Мягмардорж: Судлаачийн үүднээс харахад Хятад улс 2030-2035 оны хооронд дэлхийн номер нэг эдийн засагтай улс болно

2019-10-01 20:11:03
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр болж байгаа үеэр, сэтгүүлч Б.Ганболд саяхан Улаанбаатар хотноо Монгол улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийгэм Судлалын тэнхимийн ахлах багш, профессор П.Мягмардоржтой ярилцлаа.

- БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр тохиож байна. Тус улсын хөгжлийн онцлог, шинэ зорилтуудын тухай?

- 1949 оны 10 сарын 1-нд буюу одоогоос 70 жилийн өмнө БНХАУ байгуулагдсан. Мэдээж энэ улсын түүх 1949 оноос эхлээгүй. 2000-3000 жилийн өмнөөс Хөх мөрөн, Шар мөрний сав газраас үүсэж бий болсон дэлхийн томоохон суурьшмал соёл иргэншлүүдийн нэг мөн юм. Энэ улсын түүхэн хөгжлийг тодорхой хэдэн үе шатуудад хувааж авч үзэх байх. Тухайлбал 1949-өөс 1970-аад оныг хүртэлх буюу Мао Зэдуны эрин үе, дараа нь 1978 оноос Дэн Сяопин даргын нээлттэй Хятадын бодлого явуулж байсан үе, Хүйтэн дайны дараах 1990-ээд оны Зян Зэминь даргын үе, 2000 оны шинэ хөгжлийн үе буюу Ху Жинтао дарга, тэгээд 2013 оноос Ши Жиньпин даргын үе гэж авч үзэх байх. Энэ улсын хөгжлийн онцлогийг аваад үзэхээр уламжлал, өмнөх улс төрчдийн гаргаж байсан шийдвэрийг үнэлж цэгнээд маш сайн хадгалж явдаг юм. Тэр нь ч эртний Хятадын төр барих философи сэтгэлгээтэй нь холбоотой болов уу. Дэн Сяопин даргын үед Мао даргын эхлүүлсэн шинэчлэл, өөрчлөлтийн бодлогыг заримыг нь засаад үргэлжлүүлээд явсан түүх харагддаг. Тэгэхээр Хятадын төрийн бодлого бол уламжлалаа маш сайн хадгалдаг, залгамж чанараа сайн авч явдаг. Мөн төлөвлөгөөгөө урт хугацаанд тавьдаг. Өнөөдөр Ши Жиньпин даргын төлөвлөгөөг харахад 2050 он хүртэл Хятад ямар стратегитай хөгжих юм гэдэг төлөвлөгөөтэй байна.

- БНХАУ-ын хөгжлийн одоогийн дүр зургийг та судлаачийн хувьд ямраар харж байна вэ?

-Ер нь 1990-ээд он Хүйтэн дайны дараа АНУ дэлхийн цорын ганц, улс төр, цэрэг стратеги, соёлын том хүч болж үлдсэн. Тэр АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлж байсан судлаачид Хятад улсыг онцгойлж авч үзэж, гол өрсөлдөгч байх юм гэдгийг тооцож байгаагүй юм. Тэгэхэд маш богинохон хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засги. БНХАУ-ын эдийн засаг хүчирхэгжихэд нөлөөлсөн маш олон хүчин зүйл байдаг. Ху Жинтао даргын үеэс эхлээд Хятадын эдийн засгийг үйлдвэрлэгч улс болгох гэдэг зорилгоо биелүүлсэн юм. Анх Дэн Сяопин даргын үед Хятадын эдийн засгийн бодлого хүмүүсээ хооллох, орон сууцтай байлгах, хувцастай байлгах байсан. Маш энгийн, тодорхой зорилго. Эдийн засгийн макро зорилго тавьчихдаг, Тэр зорилгоо биелүүлсэн. Өнөөдөр Ши Жиньпин даргын үеийн БНХАУ бол өөрөө хэрэглэгч улс болоод хувирчихлаа. Дээр нь үйлдвэрлэгч гэхээсээ илүү шинжлэх ухаан, технологийн өндөр том хөрөнгө оруулалтуудыг Хятадын томоохон компаниуд хийж байна. Tencent, Alibaba гэх мэтчилэн хөрөнгө оруулагчид IT салбарт өрсөлдөгч болоод гараад ирлээ. Сансрын уудмыг эзэмших томоохон гүрэн бол Хятад боллоо гэх мэтчилэн. Үүн дээр "Бүс ба Зам" бодлого Хятадын ирээдүйн томоохон стратеги юм. Евроазийн орон зайд, тэнгисийн орон зайд маш том политикийн тоглогч болж гарч ирж байгаа юм.

- Тэгвэл ирээдүйн хөгжлийн хувьд?

- Эдийн засгийн хөгжил болоод цэрэг, улс төр, соёлын нөлөө, зөөлөн хүчний бодлого гээд их олон зүйлээр Хятадын ирээдүйг харж болно. Саяхан Дэлхийн Банкнаас гарсан мэдээллээс харахад 2019, 2020, 2021 онд Хятадын эдийн засаг зургаагаас дээш хувьтай өсч байна. Энэ том зах зээл зургаан хувиар өснө гэдэг бол эдийн засгийн маш том өсөлт юм. Ху Жинтао даргын үед ажлын байр бий болгож, ард иргэдээ ажилтай орлоготой болгох байлаа. Тэр зорилгоо биелүүлчихлээ. Ши Жиньпин даргын дотоод эдийн засагтаа дундаж давхаргынхныг 200-500 сая бий болгох зорилго тавьчихлаа. Энэ бол дэлхийн нийт дундаж давхаргынхны тал нь Хятадад бий болно гэсэн үг. Мэдээж Хятадын тэрбумтнууд өсч байна, гэхдээ аливаа орны эдийн засгийн тогтвортой байдал дундаж давхаргынхнаасаа хамаардаг. Мөн гадагшаа хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг Африк, Латин Америкийн орнуудад олгож байна. Дээр нь Юанийг своп хэлэлцээрийн дагуу доллартой өрсөлдөхүйц гадаад гүйлгээний валют болгохоор зорьж байгаа. Энэ зорилтуудыг Ши Жиньпин даргын засаглалын үед, 2050 он гэхэд биелүүлнэ гэсэн тодорхой зорилго тавьчихлаа. Хятадын сүүлийн 10, 20 жилийн эдийн засгийн өсөлтийг харахад тавьсан зорилгоо хугацаандаа буюу, хугацаанаасаа өмнө биелүүлж байгаа харагддаг. Судлаачийн үүднээс харахад Хятад улс 2030-2035 оны хооронд дэлхийн номер нэг эдийн засагтай улс болно. Үүнийг бас Америкийн судлаачид ч бичээд байна. Нэг хүнд ногдох эдийн засгийн өсөлтөө бол биелүүлчих байх.

- БНХАУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны түүхэн харилцаа, одоо үеийг яривал?

- 1949 оны 10 сарын 16-нд БНМАУ, БНХАУ-ын хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харилцан элчин сайдын яамдаа нээсэн. Эхэн үед хоёр улсын харилцаа их өндөр түвшинд байсан. Мэдээж маш олон том бүтээн байгуулалтын ажлуудыг хятад хүмүүсийн ажилч хичээнгүй байдлаар бүтсэн. Мөн хоёр улс хилийн маргааныг шийдэж чадсан. Аливаа хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурь харилцааг 1950-1960 оны эхэн үед тавьчихсан байсан. 1994 онд Монгол Улс, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааны үндсэн суурь гэрээг байгуулснаар хоёр талын харилцаа шинэ түвшинд гарсан юм. Эндээс хоёр тал худалдаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт гэх мэтчилэн олон салбарт хамтын ажиллагааг өндөр түвшинд хэрэгжүүлсэн. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаанд эзэлж байгаа хувь хэмжээг аваад үзвэл тоогоор харагдана. Өнөөдөр Хятад улс бол Монголын хувьд нэг гол түнш, хөрш улс, худалдаа эдийн засгийн том харилцагч улс юм. Ер нь манай улс Хятад улстай харилцах харилцаагаа 10, 20, 30-н жилээр бодоод, гаргаж ирэх хэрэгтэй. Харилцан итгэлцсэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг прагматик харилцаа руу орох ёстой. Хятадын эдийн засаг өсч байна. Дэлхий Хятадаас хамааралтай болж байгаа энэ үед бид Хятадгүй хөгжинө гэж ярих нь хийсвэр зүйл юм.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчилсан. Энэ онд тус улсын төрийн зөвлөлийн дарга Ван И айлчиллаа. Монгол улсаас ч төр, засгийн дээд хэмжээний албан тушаалтнууд Хятад улсад айлчилж байна. Энэ харилцан айлчлалууд, цаашдын хамтын ажиллагааны тухайд гэвэл?

- Хоёр талын дээд хэмжээний айлчлалууд тогтмолжиж байна. Дээд хэмжээний айлчлалууд, дунд түвшний гэх мэт айлчлалууд хийж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа ямар орчин бүтэцтэй байх талаар тодорхой болгох хэрэгтэй. Хоёр талын харилцан айлчлалууд цаашдаа үргэлжилнэ. Үүнд бол манай улсад суугаа Хятадын элчин сайдын яам, БНХАУ-д суугаа манай элчин сайдын яамны зүгээс өөр өөрсдийнхөө хувь нэмрийг тодорхой үйл ажиллагааны хүрээнд оруулж байна. Өнөөдөр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, хоёр тал дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд соёлын өдөрлөгүүд, эдийн засгийн нээлттэй өдөрлөгүүд их хийгдэж байна. Энэ нь хоёр талын харилцаа тодорхой түвшинд, өндөр хэмжээнд идэвхтэй явж байгаагийн илрэл гэж хардаг.

- Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Б.Ганболд

Их уншсан

холбоотой мэдээ