Ш.Алтанчимэг: Хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаардаг аав ээжүүд хятад хэлний сургууль сонгодог

2019-10-02 19:53:40
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Шэн Лижэ" бол Монгол улсад хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анхны дунд сургуулиудын нэг юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр, сэтгүүлч Б.Цэцэгсүрэн “Шэн Лижэ” сургуулийн захирал Ш.Алтанчимэгтэй уулзаж, дунд сургуулийн хятад хэлний боловсрол, хятад хэлний онцлог монгол хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, энэ салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа зэрэг сонирхолтой сэдвийг хөндөн ярилцсанаа хүргэж байна.

-“Шэн Лижэ” сургууль нь 20 орчим жил хэлээр нь дамжуулан хятад соёлыг монголын хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлж яваа. Чухам яагаад хятад хэлийг сонгов? Энэ хугацаанд олон өөрчлөлтүүд бий болсныг та сайн мэдэх хүмүүсийн нэг болов уу. Энэ талаар яриагаа эхлүүлье!

-Юуны түрүүнд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэндийг хүргэе. “Шэн Лижэ” сургууль нь 19 дэх жилийн түүхийг бичжээ. Анх 2 хятад, 3 монгол багштай бага сургууль байлаа. 2004 оноос бүрэн дунд сургууль буюу 1-12 дугаар ангийг хичээллүүлэх эрхээ авсан. Өнөөдөр 200 гаруй суралцагч, 40 гаруй багш ажилчидтай хамт олон болжээ. Үүнээс 10 нь хятад багш. Чухам яагаад хятад хэлийг сонгосон гэхээр нэгдүгээрт бид хоёр том гүрний дунд оршдог, мөн БНХАУ монголын гадаад худалдааны 60 гаруй хувийг эзэлдэгтэй холбоотой. Сүүлийн 10-аад жилийн ажиглалтаар хятад хэл суралцагчдын тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Ялангуяа магистр, докторын түвшинд. Урьд нь монголын залуус хятад хэл, анагаах ухааны чиглэлээр сонгон суралцдаг байсан бол өнөөдөр эх орондоо хэлийг нь үзэж судлаад уул уурхай, цахилгааны инженерчлэл, төмөр зам гэх мэт нарийн мэргэжлүүдээр суралцдаг болжээ. Энэ нь ЕБС-ийн түвшинд энэ хэл зайлшгүй байх ёстойг илтгэж байгаа юм.

-Хятад, монгол дунд сургуулийн боловсролын ялгаа нь юу вэ?

-Их ялгаа бий. Манай сургуулийн хүүхдүүд хэлний дадлага хийхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Линьхэ хотын “Монгол Үндэсний Дунд Сургууль”-д очиж суралцдаг. Ингээд хүүхдүүд өөр боловсролын тогтолцоо руу орох хэрэг гардаг. Сүүлийн жилүүдэд БНХАУ боловсролдоо их хөрөнгө оруулалт хийж байна. Сургууль бүрт химийн, физикийн, биологийн, түүхийн гээд бүх төрлийн ШУ-ны хичээлүүдийн хэрэглэгдэхүүний тусгай лабораториудтай. Яг л музей шиг. Манай сургуулийн бүх хичээл хятад хэл дээр орохгүй ч хэл соёлын хичээлүүд зайлшгүй энэ хэл дээр явагдана. Эцэг эхчүүдийн бидэнд өгдөг урам юу байдаг гэхээр хүүхдүүд нь маш сайн тогтож сууж сурч байгаа явдал гэдэг. Мөн хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарч байгаа учраас танай сургуульд өглөө гэдэг. Энэ итгэлийг дааж явахыг хичээдэг дээ.

-Таны бодлоор монголчуудын БНХАУ-ын их, дээд сургуульд суралцах нь эрс нэмэгдэж байгаагийн учир нь юу вэ? Урд хөрш маань боловсролын салбартаа хөрөнгө оруулалтыг их хийдэг боллоо гэж та дурдсан. Дэлгэрүүлбэл?

-Хөрш орнуудын хамтын ажиллагаа гэдэг хэзээд салшгүй нягт холбогдсон зүйл юм. Сүүлийн жилүүдэд бүх салбарт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд монголын зах зээлд хүч түрэн орж ирэх болсон. Тиймээс боловсон хүчний шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Өмнө нь хоёр орны хамтрагч байгууллага хооронд орчуулагч, инженерийн ажлыг өвөрмонголчууд хийж өгдөг байсан бол одоо монголчууд өөрсдөө хэлийг нь сурч, нарийн мэргэжлээ БНХАУ-д эзэмшээд дээрх компаниудад амжилттай ажиллаж байна. Энэ нь эргээд ЕБС-д хятад хэлний сууриа маш сайн тавьсантай холбоотой. Учир нь хятад хэлний түвшин нь HSK 4 дэсээс дээш байж их дээд сургуульд элсэх боломж нь бүрддэг.

Сонирхолтой түүх сөхвөл, өмнө нь захын наймаачид хүүхдүүдээ орчуулагч хийлгэхээр биднийг зорин ирдэг байсан. Хятад руу наймаанд явахад хэрэгтэй гэж шүү дээ. Харин одоо Хятадад уул уурхай, төмөр зам, нисэхийн чиглэлээр сургана гэж хэдийн мэргэжлээ сонгоод тусгайлан зорьж ирдэг болсон. 9, 10 дугаар ангиас нь хүүхэд ямар хичээлдээ сонирхолтой байна, сайн байна, авьяастай байна вэ гэдэг дээр үндэслэн сонгодог. Бид ч энэ тал дээр зөвлөгөө мэдээллийг өгч тэдэнтэй ажилладаг. Тэдгээр хүүхдүүдийн эцсийн зорилго нь БНХАУ-д суралцах л байдаг учраас манай сургуулийг зорин ирдэг.

-Танай сургууль болон БНХАУ-ын сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаар сонирхуулбал? Цаашилбал төгсөгчдийн дараагийн түвшний боловсролыг урд хөршид эзэмшихэд та бүхний оролцоо байдаг уу?

-2004 онд Хятадын зүүн өмнөд мужийн сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Зам хол, нутгийн аялга нь цэвэр хятад хэл сурах зорилготой нийцээгүй зэрэг бэршээлүүд үүссэн учраас бид Өвөр Монголын Эзнээ хошуу, Алшаа, Баяннуур аймгуудын аялга их нийцэмжтэй, Монгол улсад ойрхон, соёл, ёс заншил нь төстэй, мөн монгол хэл нь алдагдах гээд байгаа өвөрмонгол хүүхдүүд, хятад хэл сурах зорилготой монгол хүүхдүүд хамтдаа суралцах нь хэн хэндээ тустай зэрэг давуу талууд ажиглагдсан. Өмнө нь солилцооны хөтөлбөр 1 жилийн хугацаатай байсан бол одоо 2-4 сар болж багассан. Бага насны хүүхдүүд гэрээ санах асуудалтай тул хамрагдаж чадахгүй, том ангийнхны хувьд үндсэн хичээлүүд орхигдох талтай байсан учраас ийнхүү улирлын шинж чанартай солилцооны хөтөлбөрийг 10-аад жилийн хугацаанд хэрэгжүүлж байна даа. Солилцооны хөтөлбөрт үндсэн хичээлүүд багтсан учраас хоцрогдлын асуудал шийдэгдэж хүүхдүүд маань, эцэг эхчүүд жил бүр хамрагдах сонирхолтой болсон.

-Таны туршлагаар энэ салбарт өмнөд хөрш маань хэр нээлттэй, ээлтэй хандаж байна гэж үздэг вэ?

-2006 онд үзэглэсэн БНХАУ-ын ЗГ болон манай Боловсролын Яам хоорондын санамж бичигт сайн дурын багш нарыг Монгол улсад ажиллуулах тухай заасан. Ингээд бид зөвхөн хятад хэл заахаас гадна Хятадын соёл уламжлалыг ойлгуулж мэдрүүлэх тал дээр ажиллах чадвартай буюу дуулах, бүжиглэх, спортын авьяас гэх мэт чадварууд дээр үндэслэн багшийг сонгон шалгаруулж ажиллуулдаг болсон. Хятад дуу хөгжмөөс эхлэн технологийн хичээл дээр бууз, банш чимхэх аргыг зааж байх жишээтэй. МУ-д хятад хэлний сургалт явуулж байгаа хувийн хэвшил, их дээд болон дунд сургуулиуд хятад хэлний багш нараа дээрх сайн дурын холбооноос авдаг. Эдгээр багш нар хятад хэлийг гадны хүмүүст заахад маш сайн бэлтгэгдсэн байдаг.

-“Шэн Лижэ” сургуулийн ирээдүйн тухай? Ойрын жилүүдэд юун дээр төвлөрөх бол, ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Боловсролын тогтолцоогоороо хүүхэд хөгжлийн асуудлыг маш сайн шийдэх ёстой. Хүүхдийг олон шинжлэх ухааны хичээлүүдээр шахахдаа биш, өөрөө өөрийгөө илэрхийлэх чадварыг нь дээшлүүлэх, мэдэхгүйн айдсаа даван туулах чадварт суралцуулах гэх мэт хүүхэд хөгжлийн асуудлуудад түлхүү анхаарах хэрэгтэй. Энэ зарчмаар бид академик хөтөлбөр санаачлаад боловсруулалтын шатан дээр явж байна. Өөрөөр хэлбэл хятад хэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, амьдралын туршлагатай хүүхдүүдийг бэлтгэн гаргахыг зорьж ажиллана.

-Танай сургуулиас БНХАУ-д их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа хүүхдүүд хэр байна?

-Сүүлийн 3 жилийн хугацаанд 3 хүүхэд сурч байна. Магистр, докторын зэрэгт бас хэд хэдэн хүн бий. Хэл шинжлэлийн чиглэлээр бид багш нараа дэмжин суралцуулдаг.

-Та үйл ажиллагаагаараа, ажлаараа дамжуулан Хятад хүмүүстэй их ойр хүн. Тэднээс суралцах хамгийн чухал чанар юу вэ?

-Дайламтгай, зочломтгой ард түмэн. Мөн энэ л зүйлд Монголчууд маань суралцвал улс эх орон маань хөгжинө дөө гэж боддог ганцхан зүйл байдаг. Энэ бол үйлчилгээний байгууллагууд маань өглөө эрт онгойх явдал. Хүмүүс маань эрт босоод сурчихвал хөгжил ирнэ ээ. Энэ бол их гүрнээс авах хамгийн том зүйл.

-Ярилцсанд баярлалаа.

/сэтгүүлч Б.Цэцэгсүрэн/

Их уншсан

холбоотой мэдээ