Ирэх 10 жилд харилцан эрх тэгш, ашигтай байх гэсэн зарчим илүүтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна

2019-11-14 16:13:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өдрийн мэнд хүргэе, эрхэм сонсогчид оо! Өнөөдрийн манай ярилцлагын нэвтрүүлгийн Зочноор зохиолч Энхболд оролцож байна.

Сэтгүүлч: Бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Энэ өдрийг мэндийг хүргэе.

Зочин: Энэ өдрийн мэндийг танд болон танай ажилтан, нийт радио сонсогчдодоо хүргэе.

Сэтгүүлч: Энэ онд Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойн баярт зориулан та бүхэн баримтат кино бүтээсэн байсан. Ярилцлагын эхэнд энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

Зочин: Өнгөрсөн зуун жил бол МУ-ын аж үйлдвэржилтийн зуун байсан. Бидний мэдэж буйгаар бүх зүйлээ гаднаас авдаг байлаа. Өргөн хэрэглээний бараагаар МУ маш дутмаг байсан нь тавиад он хүртэл үргэлжилсэн. 1949 онд БНХАУ тунхаглагдаад хэдхэн хоногийн дараа манайхаас дипломат харилцаа тогтоох хүсэлт илгээж, БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг болсон юм. Ингээд 1955 онд анхны хэлэлцээрээ байгуулаад, манайд өргөн хэрэглээний барааны үйлдвэрүүд байгуулах зорилгоор Хятад улсаас ажилчид ирсэн байдаг.

Сэтгүүлч: Бүтээсэн киноныхоо тухай яривал?

Зочин: Бидний сая хийсэн “Нэг бүс нэг зам” баримтат кино бол бүхэлдээ тэр үеийн аж үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтад зориулагдсан. Тухайн үед хэдхэн жилийн дотор 1000 гаруй барилга, байгууламжийг МУ-д барьсан юм билээ. Улаанбаатар, аймгийн төв, хөдөө суманд, тухайлбал 1000 гаруй км зайтай Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэхэд дунд сургуулийн барилга барьсан байх жишээтэй. Хамгийн их ач холбогдолтой бүтээн байгуулалт гэвэл ногооны аж ахуй, гахайн ферм, шувуун фабрик, шаазан ваарын үйлдвэр, Сүхбаатар аймагт чүдэнзний үйлдвэр баригдсан байдаг. Үүний мөрөөр бид энэ баримтат киногоо хийсэн. Кино маань цаг хугацааны хувьд найрамдалт харилцааны 70 жилийн ойтой давхацсан төдийгүй, Хятадын талаас халуун дотноор хүлээн авсан юм.

Сэтгүүлч: Нийслэл УБ хотод хийгдсэн бүтээн байгуулалтаас дурдвал?

Зочин: Шаазан ваарын үйлдвэр, Налайх дүүрэгт шилний үйлдвэр байгуулагдсанаар бэлэн болсон бүтээгдэхүүн хийх, савлах боломжтой болсон. Мөн олон зам, гүүр баригдсан. Томоохон гол, мөрнүүд зуны цагт үерлэвэл хөдөлгөөн бүтэн сараар хүртэл хаагдах тохиолдол гардаг байсан. Үүнийг зогсоохын тулд тээвэрлэлтийг тогтмолжуулах үүднээс Сэлэнгэ мөрөн, Туул, Идэрийн гол дээр маш богино хугацаанд олон гүүр байгуулсан. Мөн Энхтайваны гүүрийг төмөр замын дээгүүр барьж, зүүн тийшээ Баянзүрхийн товчооны гүүр, баруун талд Сонсголонгийн гүүрийг барьж өгсөн юм.

Сэтгүүлч: Баримтат кино учир бүтээхийн өмнө маш их эрэл хайгуул, судалгаа, шинжилгээ хийгдсэн байх. Таны ажигласнаар эдгээр түүхэн жилүүдэд хоёр улсын харилцаанд гарсан томоохон өөрчлөлт, хөгжил дэвшил юу байв?

Зочин: Киноныхоо зохиолыг бичихийн тулд миний хувьд 3 сар судалгааны ажил хийсэн. Архивын материал, ном, зохиолоос зохих хэмжээнд уншиж мэдсэний үндсэн дээр зохиолоо бичсэн байгаа. Зохиол бичигдсэний дараа кино баг маань ажлаа шуурхай хийж гүйцэтгэсэн юм. 1990 оноос үндсэндээ хоёр талын харилцаа сэргэсэн. Харилцаагаа хэвийн болгох, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр явж байгаад 2000 оноос хойш засгийн газрын түвшинд харилцаа улам хөгжиж эхэлсэн. Томоохон бүтээн байгуулалтууд сүүлийн үед маш их хийгдсэнийг бид харж байгаа.

Сэтгүүлч: Киноны хувьд хоёр хүн хүүрнэж байгаа байдлаар, олон жилийн дараа энд ирж, эргэн санаж байгаа маягаар хийгдсэн байсан?

Зочин: Тэр 2 баатрыг яагаад сонгосон бэ гэхээр кино маань хуурай тоочилт, тоо баримт ихтэй, хөндий өгүүлэмжтэй болох гээд байсан учраас тухайн үедээ гар бие оролцож байсан хүмүүс дээр тулгуурлан хийх нь зөв гэж бодсон юм. Тэр нь энэ киног амьдруулах амин судас болсон.

Сэтгүүлч: Уран бүтээлч хүний хувьд хоёр улсын харилцаа, хандлагыг цаашид ямраар төсөөлж байна? Мөн энэ чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна вэ?

Зочин: Дараагийн ажил гэвэл цайны зам чиглэлээр уран сайхны кино зохиол бичүүлэх саналыг Хятадын талаас надад тавьсан. Одоогоор судалгааны ажилдаа ороод явж байна. Нөгөө талаас дараагийн 10 жилийн харилцааны тухайд гэвэл харилцан тэгш ашигтай байх гэсэн зарчим илүүтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид өөрсдийгөө хөгжүүлэх, санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болох хэрэгтэй. Хятад улсын даргын ярьснаар МУ-д дамжин өнгөрүүлэх эрчим хүчний зам, хурдны зам, хурдны төмөр зам, хийн хоолойн зам, нефть тээврийн гэсэн иж бүрэн 5 замын асуудал яригдаж байгаа юм билээ. Эдгээр нь бүгд ОУХБ-ын гишүүн орнуудад мөрдөгддөг гэрээ, конвенц, эрх, үүргээр зохицуулагдах учир бидэнд ч мөн маш том давуу талууд бий болно гэдгийг хэлмээр байна.

Сэтгүүлч: Хятад хүнээс суралцвал зохих зан чанар гэвэл?

Зочин: Хятад хүмүүстэй харилцаад, хамтран ажиллах явцдаа миний анзаарсан зүйл бол тууштай зан, ажил хэрэгч байдал байсан. Энэ чанар урт хугацааны, том ажилд үргэлжлэхээрээ бидэнд харагдаж байгаа төгс сайн ажил болдог юм билээ. Үүнийг бид анзаарч, анхаарч, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Сэтгүүлч: Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе. Бидэнтэй ярилцаж, үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажил, уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Зочин: Намайг нэвтрүүлэгтээ урьж, оролцуулсанд баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

/Сэтгүүлч: Г.Мөнхтунгалаг/

Их уншсан

холбоотой мэдээ