Занарын хийн үйлдвэрлэлээ Хятад улс дэлхийд гуравт оров

Д.Хүчитбаатар 2017-08-17 17:27:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрчим хүчний салбарын  тогтолцоонд асар их нөлөө бүхий занарын хийн үйлдвэрлэлээрээ Хятад улс 2016 онд  Америк, Канадын дараа дэлхийн гурав дахь том орон болсон тухай Хятадын Үндэсний  нутаг дэвсгэр, нөөц баялгийн яамны албан тушаалтан 15-нд  мэдэгдлээ. 

Хятадын Үндэсний нутаг  дэвсгэр, нөөц баялгийн яамны Геологийн тандалт хайгуулын газрын дарга Юй Хайфэн  15-ны өдөр Бээжин хотод болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Техникийн дэвшил,  хэрэглээний эрэлт хэрэгцээний улмаас Хятад улс занарын хийн тандалт,  үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагын гол технологийг эзэмшиж, Хятадын геологийн  нөхцөлд зохицсон занарын хийн тандалт үйлдвэрлэлийн техникийн системийг  бүрдүүлсэн. 2016 онд Хятадын занарын хийн үйлдвэрлэл 7 тэрбум 882 сая шоо метрт  хүрч, Америк, Канадын дараа дэлхийд гуравт орсон гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: Олон  жилийн тандалт хайгуулын ажлаар Хятад улсын занарын хийн салбарын ажил ихээхэн  амжилт гаргаж, одоо бизнесийн зориулалттай үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн  гэжээ.  

"Занарын хийн ордын тандалт хайгуулын талаар Сычуаний хотгорт маш том  амжилт гаргалаа. Чүнчин хотын Фүлингийн занарын хийн ордын одоо илрүүлээд байгаа  занарын хийн нөөц бараг 600 тэрбум 800 сая шоо метрт хүрч, Умард Америкийг эс  тооцвол хамгийн том орд болсон бөгөөд одоо жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь  тасралтгүй нэмэгдсээр байна.” 

Занарын хий бол цэвэр  эрчим хүч юм. Америк 20-р зууны 80-аад оноос эхлэн занарын хийг нээж ашигласан  бол 21-р зууны эхээр Америкийн тус салбарын техник мэргэжил харьцангуй  боловсронгуй болж, занарын хийн хувьсгал хийж, үндсэндээ эрчим хүчний эрэлт  хэрэгцээгээ бүгдийг өөрсдөө хангасан юм. 2011 онд Хятад улсын Төрийн зөвлөл  занарын хийг Хятадын 172 дахь ашигт малтмал болгохыг батлан зөвшөөрч, үндэсний  нутаг дэвсгэр, нөөц баялгийн яам занарын хийг бие даасан ашигт малтмалын хувиар  нээж ашиглахыг дэмжиж, тусгай нөхөн олговрын бодлого боловсруулсан  байдаг.  

Уламжлалт нефтийн хийн  талаар Юй Хайфэн хэлэхдээ: Сүүлийн 5 жилийн туршид Хятад улс нийт 100 сая тонны  нөөцтэй нефтийн 10 орд, 100 тэрбум шоо метрийн нөөцтэй байгалийн хийн 13 орд  илрүүлж, төв баруун бүс, тэнгисийн усан хил дэх хотгор газраас олон жил дараалан  их хэмжээний газрын тос илрүүлж, Хятадын нефтийн эрчим хүчний тандалт, нээж  ашиглах стратеги зүүн бүсээс баруун бүс рүү аажмаар шилжсэн юм. Дараачийн шатанд  Хятад улс нефтийн хийн ордуудыг хайж ашиглах тогтолцоог улам боловсронгуй  болгоно гэжээ.  

Одоо, манай яам Гүйжөү мужийн захиргаагаар Жэн-Аний  занарын хийн тандалт хайгуулын эрхийг шилжүүлэх ажлыг хийлгэж байна. 8-р сарын  18-нд Гүйян хотод дуудлага худалдаа зарлаж, Хятад улсын нефтийн хийн ордыг  ашиглах эрхийн анхны дуудлага худалдаа  хийх болно.”

Хятадын Үндэсний нутаг дэвсгэр нөөц баялгийн яамны  Нефтийн хийн нөөц баялгийн стратегийн судалгааны төвийн эрхлэгч Ше Чэншян: Хятад  улсын нефтийн хийн эрчим хүчний тандалт, нээж ашиглах ажил нэгэнт экологийг  тэргүүлэх байранд тавьсан ногоон хөгжлийн хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ оны 7-р  сард нийтэлсэн “Байгалийн дархан цаазтай бүсэд уул уурхайг нээж ашиглах эрхийг  цэгцлэх тухай төлөвлөгөө”-ний дагуу, үндэсний зэрэглэлийн байгаль хамгаалах  бүсэд нефтийн хийн тандан ашиглалтад шалгалт хийж, 22 ордын ашиглах эрхийг  цуцлан, 6586 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг хамгаалалтад авсан  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ