Хятад Оросын төрийн тэргүүн нар уулзжээ

Д.Хүчитбаатар 2017-11-11 11:19:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Оросын төрийн тэргүүн нар уулзжээ

10-нд Вьетнамын Дан Нанг  хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй  уулзжээ.

Ши Жиньпин: би ерөнхийлөгч тантай олон  удаа уулзаж, Хятад, Оросын харилцааг өндөр түвшинд тогтвортой хөгжүүлэн, олон  амжилт гаргалаа. Улс орныхоо язгуур ашиг сонирхлыг хамгаалахыг хоёр тал харилцан  дэмжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, стратегийн түншийн харилцаа  эрчимжлээ. Мөн ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй шинэ шинэ амжилтад хүрч,  хүмүүнлэгийн солилцоо эрчимжиж, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаа үр  ашигтай явагдаж байна. Хятад, Орос иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож,  хөгжүүлэн, харилцан хүндэтгэж, шударгаар харьцан, хамтран ажиллаж, хамтдаа ашиг  хүртсэн олон улсын харилцааны үлгэр жишээ болж чадсан. Оросын талтай хамт хоёр  орны харилцааг үргэлжлүүлэн өндөр түвшинд хөгжүүлж, улс орнуудын аюулгүй байдал,  хөгжилд түлхэц өгч, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг улам сайн  хамгаалж ажиллахад Хятадын тал бэлэн байна. Өдгөө, Хятадын онцлогтой социализмын  бүтээн байгуулалт шинэ эрин үед шилжсэн бол Орос улс ч баян хүчирхэг улс орныг  байгуулах хөгжлийн замаар тогтвортой замнаж байгаа зэрэг нь Хятад, Оросын  харилцаанд олон шинэ боломж олгож байна. Тиймээс хоёр тал үргэлжлэн эрчтэй  дэмжлэг үзүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн хоёр  талт худалдааны цар хүрээг тэлж, чанарыг дээшлүүлэн, эрчим хүч, хөрөнгө  оруулалт, дэвшилтэт технологи, сансрын болон агаарын аялал, дэд бүтцийн бүтээн  байгуулалт зэрэг салбарын том төслүүдийг сайтар хэрэгжүүлэн, “нэг бүс нэг  зам”-ын бүтээн байгуулалт, Евро-Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог  бодит үр дүнд хүргэн, Хятад Оросын жилийн арга хэмжээг харилцан идэвхтэй зохион  байгуулж, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар зөвшилцлөө  эрчимжүүлж, НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх  зохицуулалтаа нэмэгдүүлэх ёстой. АПЕК бол Ази, Номхон далайн бүсийн эдийн  засгийн хамтын ажиллагааны хамгийн чухал механизм учраас тус байгууллагын  хүрээнд Оросын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази, Номхон далайн бүсийн  чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр холбогдох, өөрчлөлт  шинэчлэлийг шинэ амжилтад хүргэж, цагтай өрсөн нээлттэй эдийн засгийг байгуулах  хэрэгтэй гэжээ. 

Хятад Оросын төрийн тэргүүн нар уулзжээ

Ши Жиньпин дарга Путинд ХКН-ын  XIX их хурлын тухай танилцуулсан бөгөөд Хятад улсын дипломат харилцааны зорилт  бол харилцан хүндэтгэсэн, голч шударга, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн  олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл  цогцыг байгуулах явдал болно гэдгийг онцолжээ. 

ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдаж, Ши Жиньпин ХКН-ын Төв  хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд Путинд баяр хүргээд,  Ши Жиньпин даргаар удирдуулсан Хятад улсын гадаад дотоод бодлого Хятадын ард  түмний халуун дэмжлэгийг авч буйг ХКН-ын XIX их хурлын ололт амжилтууд гэрчилж  байна. Хятад улстай иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг  хөгжүүлэхийг Оросын тал дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгодог. Энэ оны  зун Ши Жиньпин дарга ОХУ-д амжилттай айлчилж, хоёр орны олон салбарын  харилцаанд идэвхтэй амжилт гаргасанд баяртай байна. Хоёр тал хоёр орны төрийн  тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтуудыг хянуур хэрэгжүүлж, дээд зиндааны хэлхээ  холбоогоо нягтруулж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, агаарын аяллын  аж үйлдвэр, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  хэрэгтэй. Олон улсын болон бүс нутгийн асуудлаар Хятад улстай хамтын  ажиллагаагаа эрчимжүүлж, АПЕК зэрэг олон талт механизмын хүрээн дэх зөвшилцөл,  зохицуулалтаа нэмэгдүүлж, Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны системийн  бүтээн байгуулалтыг ахиулахад Оросын тал бэлэн байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн мөн Солонгосын хойгийн асуудал зэрэг хамтдаа  анхаарал хандуулж буй асуудлаар санал  солилцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ