Европ, Японы чөлөөт худалдааны гэрээний зөвшөөрлийг түргэтгэнэ

2018-04-22 17:07:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Европын комисс 18-нд Европын зөвлөлд хандан “Европын холбоо, Японы эдийн засгийн түншлэлийн гэрээ”-ний төслийг өргө барьсан бөгөөд энэ нь Европын холбоо тус гэрээний зөвшөөрлийн процессыг эхлүүлснийг харууллаа. Европын комиссын дэд дарга Юрки Катайнен: 2019 онд энэ удаагийн Европын комиссын үүрэгт ажлын хугацаа дуусахаас өмнө гэрээ албан ёсоор хүчинтэй болохыг хүсэж байна гэжээ. Энэ тухай ХОУР-гоос Европын холбоонд суугаа сэтгүүлч Ши Жинхун мэдээлж байна.

Европын холбоо Япон 2013 онд чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээг эхлүүлсэн боловч хожим нь гэрээ хэлэлцээ нэг үе доголдсон юм. АНУ-ын ерөнхийлөгч Трамп албан тушаалаа авснаас хойш АНУ-ын хэрэгжүүлсэн худалдаа, эдийн засгийн багц бодлого Европ, Японы чөлөөт худалдааны хэлэлцээ түргэсэхэд түлхэц болжээ. 2017 оны 7-р сарын 6-нд Брюссельд Европ, Японы дээд хэмжээний чуулга уулзалт болж, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Туск, Европын комиссын дарга Юнкер, Японы ерөнхий сайд Абе нар хамтран мэдэгдэл хийж, хоёр тал Европ, Японы эдийн засгийн түншлэлийн гэрээний тухай зарчмын тохиролцоонд хүрснээ зарласан юм. Өнгөрсөн оны 12-р сард хоёр талын гэрээ хэлэлцээ дуусаж, улмаар тус гэрээнд зөвшөөрөл олгох үйл явцыг эхлүүлэх боломжийг нээсэн билээ.

18-нд Францын Страсбургт Европын комиссын Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн үйл хэрэг хариуцсан дэд дарга Юрки Катайнен Европын парламентад хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Европ, Японы эдийн засгийн түншлэлийн гэрээ Европын зөвлөл, Европын парламентын зөвшөөрлийг авсны дараа албан ёсоор хүчинтэй болно гэжээ.

“Энэ бол Европын холбооны хувьд өнөөг хүртэл гэрээ хийж тохиролцсон хамгийн том хоёр талт гэрээ юм. Бид хамтдаа 600 сая хүн амыг хамарсан чөлөөт худалдааны бүс байгуулах бөгөөд энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3 хувьтай тэнцэнэ. Бид Европын компаниудын жил бүр төлөх 1 тэрбум еврогийн гаалийн тарифын ихэнхийг хүчингүй болгож, дүрэм журмыг нь хялбарчилна. Энэ гэрээ хоёр талд зах зээлийн асар их боломжийг нээх болно.”

Энэ гэрээ бүх талаар хэрэгжвэл, Японы тал Европын холбооноос импортлох бараа бүтээгдэхүүний гаалийн тарифын 97 хувийг чөлөөлж, Европын холбооны экспортод жил бүр 1 тэрбум евро хэмнэж өгөх болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр жишээлэхэд, Япон улс өдгөө Европын холбооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын дөрөв дэх том зах зээл, хойшид Европын холбооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 85 хувь нь Японы зах зээлд татваргүй орох зөвшөөрөлтэй болох бөгөөд хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний гаалийн тариф ихээр багасах юм. Жишээ нь, Япон улсын одоо Европын холбооноос импортолж буй бяслагийн гаалийн тариф 29.8, үзмийн дарсанд ногдуулсан тариф 15 хувь байгаа ба гэрээ хэрэгжсэний дараа эдгээр гаалийн татварыг бүгдийг цуцлах юм. Үхрийн махны хувьд, гэрээг 15 жил хэрэгжүүлсний эцэст үхрийн махны гаалийн тариф одоогийн 38.5 хувиас 9 хувь хүртэл буурах юм. Японы талаас авч үзвэл, Европын холбоо одоо Японы автомашинаас 10 хувийн гаалийн татвар, автомашины сэлбэгээс 3 хувийн гаалийн татвар авч байна. Харин тус гэрээ хэрэгжсэний дараа эдгээр гаалийн тариф бүгд хүчингүй болно.

Европ, Япон хоёр тал гаалийн тарифын бус хүндрэлийг багасгахын төлөө ажиллаж байна. Автомашины хувьд, Европын холбоо, Японы аль аль нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах олон улсын стандартыг хэрэгжүүлнэ. Энэ нь, Европын холбооны автомашин Японы зах зээлд ороход хяналт шинжилгээ, гэрчилгээ авах шаардлагагүй болно гэсэн үг. Мөн энэ гэрээ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээнд хандан бодит зорилт тавьсан Европын холбооны гарын үсэг зурсан чөлөөт худалдааны анхны гэрээ болох юм. Европын холбоо, Япон энэ 7-р сард гэрээг албан ёсоор үзэглэж, ирэх оны 3-р сараас албан ёсоор хэрэгжүүлэх зорилготой байна гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Европын комисс мөн өдөр Европын холбоо, Сингапурын байгуулсан худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Европын зөвлөлд хянан хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Саяхан Трампын засгийн газар импортын ган, хөнгөн цагаанаас гаалийн өндөр тариф авна гэж зарласныг бодолцон, Европын холбоо одоо “Европын холбоо ба Япон”, “Европын холбоо ба Сингапур”-ын чөлөөт худалдааны хоёр төслийн зөвшөөрлийг түргэтгэж байгаа нь зохих хэмжээнд улс төрийн шинж чанартай болжээ. Энэ тухай Юрки Катайнен ингэж ярьсан байна.

“Бусад улс чөлөөт худалдаанд эргэлзэж байхад Европ холбоо нээлттэй, шударга, дүрэм журамд суурилсан худалдааны төлөө гуйвшгүй зүтгэж буйг эдгээр гэрээ харууллаа. Япон, Сингапурын хамт бид хүчтэй мэдэгдэл хийсэн. Худалдааг нээлттэй байлгах, ДХБ-ын журмын дагуу худалдааны систем байгуулах нь давхар амжилтад хүрэх алхам юм.”

Европын комиссын Худалдааны комиссар Сесилиа Малмстром мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн хуралд чөлөөт худалдааны тус хоёр гэрээнд өндөр үнэлгээ өгчээ.

“Даяарчлал, дэлхийн худалдааны системийг нээлттэй байлгах, мөн дүрэм журмаар үндэс болгох талаар Япон, Сингапурын аль аль нь найз, хамтын ажиллагааны түнш, холбоотон юм. Бид бол олон талт үзлийг хамгаалах, олон улсын байгууллагыг баталгаажуулах хамтын ажиллагааны хүчирхэг түнш. Иймээс Япон, Сингапур бол бидний цогцлоон бүтээж буй харилцан бие биенээ сонирхсон найзын холбооны нэг хэсэг. Ийм үед энэ бол маш чухал юм.”

Их уншсан

холбоотой мэдээ