Хятад улс брэнд бүтээхийг дэмжинэ
Жил бүрийн 5-р сарын 10-нд "Хятадын брэндийн өдөрлөг" болдог. Энэ жилийн өдөрлөгөөр Хятадын засгийн газрын олон яам хамтран Шанхайд Хятадын Бие даасан брэндийн яармаг, Хятадын Брэндийн хөгжлийн олон улсын чуулга уулзалт зохион байгуулжээ. "Хятад улс арга хэмжээ авч аж ахуйн нэгжүүд брэнд бүтээхийг дэмжинэ. Хятадын брэндэд туслан гадаадад гаргана" хэмээн тус яармагийн албан хүн хэлсэн байна.
Хятадын бие даасан брэндийн яармагийн үзэсгэлэнгийн талбай 25 мянган ам дөрвөлжин метр. Тус яармагт "Тун Рэнь Тан", "Гөү Бү Ли" зэрэг нэртэй брэндээс гадна Хятадын хурдны төмөр зам, Хятадад үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоц зэрэг "Хятадад үйлдвэрлэсэн" орчин үеийн брэндүүд байлаа. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жан Юун: Энэ яармагийг зохион байгуулж байгаагийн зорилго бол Хятадын бие даасан брэндийн нэр хүнд, нөлөөг өргөтгөхийн төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Энэ яармагийг зохион байгуулж байгаагийн гол зорилго бол хангамжийн бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ арга хэмжээ юм. Энэ нь Хятадын бие даасан брэндийн хөгжлийн ололт амжилтыг үзүүлж, бие даасан брэндийн нэр хүнд, нөлөөг өргөтгөн, Хятадын бие даасан брэндийн сайн сайхан дүр төрхийг харуулахад ашигтай юм гэжээ.
Мөн өдөр болсон Хятадын брэндийн хөгжлийн олон улсын чуулга уулзалтад Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албан тушаалтан хэлэхдээ: "Дараачийн шатанд засгийн газрын үйлчилгээний үүргийг дайчилж, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээхад сайн сайхан орчин, шударга өрсөлдөөний дэг журам бий болгохын зэрэгцээ оюуны өмчийн эрхийг хамгаалж, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээхэд туслах болно гэжээ.
Хятадын Худалдааны яамны Гүйлгээний хөгжлийн газрын дэд дарга Ин Хун хэлэхдээ: Брэнд бүтээх үйл явцад Хятад улс хуучин брэндэд тусгай дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.
"Хуучин брэндийн хөгжлийн орчинг улам сайжруулна. Одоо бид хуучин брэндийг хөгжүүлэх санал боловсруулж, түүнийг хамгаалж, өвлөн уламжлах, шинийг бүтээж, хөгжүүлэх дөрвөн талаар, урт хугацаагаар хөгжүүлэх механизм байгуулж байна. Мөн хуучин брэндийг нотлох хамгаалах удирдах аргыг боловсруулж эхэллээ. Хятадын хуучин брэндийг хөгжил хөдөлгөөн дунд нь удирдах эрх зүйн орчин бүрдүүлж, хуучин брэндийг хуулийн аргаар хамгаалах болно гэжээ.
Хятадын Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын Шошгын ажил эрхэлсэн газрын орлогч дарга Цүй Шөүдүн хэлэхдээ: Бид шошгын эрхийн хамгаалалтаа эрчимжүүлэн, хуурамч шошгод цохилт өгч, Хятадын брэнд олон улсад гарахыг дэмжиж ажиллана гэжээ.
"Брэнд хамгаалах талаар бид олон улсын шошгын бүртгэлийн "Мадрид" системийг өргөнөөр ашиглаж, олон улсад бүртгүүлэх тоо хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд олон улсад шошгоо бүртгүүлэхийг удирдаж, холбогдох мэдээллийн сан, туслах мэдээллийн сан байгуулж, аж ахуйн нэгж хилийн чанадад барааны шошгоо бүртгүүлэхийг дэмжих хууль эрх зүйн туслалцааны систем, механизм байгуулж ажиллах болно" гэжээ.
Чуулга уулзалтад Хятадын цахим бизнесийн "Алибаба" группийн ахлах гүйцэтгэх захирал Жан Юүн хэлэхдээ: Хятад улсын брэндийн аж ахуйн нэгжүүд цахим бизнес хөгжүүлж, цахим ертөнц дэх нэр нөлөөгөө нэмэгдүүлэхэд "Алибаба" групп дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Жан Юүн хэлэхдээ: "Шинэ брэнд бүтээх, нэртэй брэнд, олон жилийн түүхт брэнд, хөдөө орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулах зэрэгт туслалцаа үзүүлж, олон улсад өрсөлдөх итгэлтэй дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран дэлхийн зах зээлд гарч, ажиллахыг хүсэж байна" гэжээ.