​Брестийн баатруудын дурсгалын ордон

2018-05-17 14:47:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Беларусийн Польш улстай хиллэсэн баруун өмнөд нутагт 1000 оны түүхт Брест хот бий. Тэнд 1833 оноос бэхлэлт цайз барьж эхэлсэн боловч 1941 оны 6-р сарын 22-нд Германчууд ЗХУ руу довтлохдоо чухам тэр хилийн боомтоор орж ирсэн байна. Эх орончид фашистуудыг эсэргүүцэн босож, халуун цус, бүлээн амиараа баатарлаг түүхийг бүтээсэн юм. Фашизмын эсрэг дэлхийн II дайны ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан ХОУР-гийн сэтгүүлч Сүнь Жюань Брестийн цайзад очиж сурвалжилжээ.

Брестийн баатруудын дурсгалын ордон

Брестийн баатруудын дурсгалын ордны гаднах   цагийн зүү, зүрх цохилох мэт дуулдана... 77 жилийн тэртээ зуны нэгэн шөнө гэнэт   байлдааны онгоц, буун дуу нүргэлснээр тэндхийн амар тайван амьдрал төгсгөл   болсон юм. 

Брестийн баатруудын дурсгалын ордон

Түүхэнд тэмдэглэснээр, 1941 оны 6 дугаар   сарын 22-ны 03 цаг 15 минутад Германчууд Брестийн цайзыг их бууны 12 дивиз,   сөнөөгч онгоцоор зэрэг довтолсноор дайн эхэлжээ. Фашистууд “Барбарос   төлөвлөгөө”-нийхөө дагуу Брестийн цайзыг хэдэн цагийн дотор эзэлж, шууд зүүн   тийш цөмрөн орохыг зорьсон боловч тэд Зөвлөлтийн цэргүүдийг дутуу үнэлсэн   байлаа.

Брестийн баатруудын дурсгалын ордон

Брестийн баатруудын дурсгалын ордны судлаач   Александр Коркотазе: Энэ цайзыг эзлэхийн тулд фашистууд хэт хүчтэй мина, шатаагч   сум зэрэг зэвсэг тоноглолыг дэлхийн II дайнд анх удаа хэрэглэсэн юм. Дайн эхлээд   30 минут болоход тэд 4000 гаруй сум тавьж, цайзыг гал түймэрт автуулж, маш их   хохирол учруулсан боловч Зөвлөлтийн цэргүүд байлдсаар байлаа. Цайзын хэрмэнд   Герман цэргийн шатаагч сум дэлбэрсэн ор мөр үлдсэн гэжээ. Одоо түүний ярихыг   үргэлжлүүлэн сонсоно уу:

 “Германы цэрэг халдан довтолсны дараа энд   байлдаж байсан цэргүүдийн ихэнх нь шатаагч суманд түлэгдэж үхсэн юм. Галын илч   1000 хэмд хүрсэн гэж үздэг. Цайзыг довтлоход оролцсон Германы нэгэн цэрэг:   Шатаагч сум хөнөөл ихтэй, хүрсэн болгоноо үнсэн товрог болгож, шууд оногдохгүй ч   халуун уур нь амьсгалаар орж, уушги нь түлэгдэж, их зүдэрч үхдэг хэмээн дурсан   ярьсан байдаг.”

Брестийн баатруудын дурсгалын ордон

 Тухайн үед Брестийн цайзад цэргүүд болон   тэдний ар гэрийнхэн амьдарч байжээ. 22-нд фашистууд гэнэт довтлоход олон хүүхэд   эмэгтэйчүүд нас барсан байна. Александер Коркотазе: “Дайн эхэлмэгц цэргүүд   байлдаж, ар гэрийнхэнд нь аюулгүй газар шилжих шаардлага гарсан. Цайз доторх   цэргийн клубийг хоргодох газар болгосон ч хүүхэд, эмэгтэйчүүдийн хувьд аюул   түгшүүрээр дүүрэн байсан” гэжээ.
 “Тэр үед нэгэн залуу бүсгүй нярай хүүхдээ   тэврээд цэргийн клуб рүү гүйж яваад суманд өртөн унахад, тэвэрт нь байсан хүүхэд   уйлсаар байжээ.  Цэргүүд тэр хүүхдийг аврах гэж суман мөндөр дундуур гүйсэн   боловч ар араасаа буудуулж унасаар аварч чадаагүй юм гэдэг. Эндхийн шорооны   ширхэг бүрт баатруудын цус шингэсэн юм.”
 Цайзын усан сувгийн дэргэдэх “Ундаассан   хүмүүс” хэмээх хөшөөг дуулгаа барьсан цэрэг эр мөлхөн урагшилж буйгаар   дүрсэлжээ. Энэ баримлыг түүхэн үнэнээс сэдэвлэн бүтээсэн юм. Тэр үед Германы   цэрэг цайзын ус түгээх системийг сөнөөсөн учраас дайны гал, аагим зуны халуун   тэсэхийн аргагүй болжээ. Хоргодох байран дахь хүүхэд эмэгтэйчүүд, шархадсан   цэргүүд ус уухгүй бол хатаж үхэх байлаа. Цайзын усан суваг тэдний амьд үлдэх   цорын ганц боломж боловч Германы цэргүүд зогсоо зайгүй галлаж, усанд хүргэхгүй   байв. Энэ тухай Александер Коркотазейн ингэж ярьсан юм.
“Германы цэргүүд өдөржин галлаж, ус авахаар   ирэх хүмүүсийг хориглоно. Шөнө орой тэнгэр рүү гэрэлт сумаар бууддаг учраас   сувгаас ус авна гэдэг аюултай байлаа. Маш олон цэрэг суваг руу мөлхөж яваад   суманд өртсөн ч чухам ийм л аргаар хүүхэд эмэгтэйчүүд, шархадсан цэргүүдэд   амьдрал бэлэглэсэн юм.”
 Хүний тоо, зэр зэвсгээр илт давуу дайсантай   ЗХУ-ын цэргүүд эрэлхэгээр тэмцэж, бах бөх цайз босгон, дайсны довтлолгоог няцааж   байв. Энэ бол аугаа их эх орны дайны түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй тулалдааны   нэг юм. Түүхэнд тэмдэглэснээр, цайзад 7-р сарын сүүлч хүртэл буун дуу гарах нь   Брест хотын иргэдэд сонсогддог байжээ. Зарим цэрэг тэр хүртэл үхээгүй, эцсээ   хүртэл тэмцсэн гэсэн үг. Цайзын хэрмэн дээр “Баяртай эх орон минь” “Цайзаа яасан   ч өгөхгүй” гэх мэтийн бичээс үлдээсэн байна.
 Брестийн цайзыг 1965 онд “баатар” цол,   Лениний одонгоор шагнажээ. Улмаар 1971 онд их засвар хийж, Брестийн баатруудын   дурсгалын ордон байгуулж, эх оронч үзлийг сурталчлах чухал бааз болгосон байна.   Тус ордны дарга Бусюк Григорий Григоривичийн ингэж ярьсан юм.
 “Хүмүүс энд ирээд хувь хүн, гэр бүлд дайн   ямар их хор хөнөөлтэйг нүдээр үздэг. Хамгийн гол нь үүнийг үзсэн хүн бүр энх   тайвныг хамгаалах ёстойг ухаардаг юм.”
Дэлхийн олон газрын хүмүүс Брестийг зорьж   ирдэг. Сумны мөр, дарийн үнэртэй эвдэрхий цайз дайны хор хөнөөлийг хүмүүст   ойлгуулж, түүхээс сургамж авч, дайн дахин дэгдэхээс сэрэмжлүүлдэг. Брестийн   цайзын мөнхийн галын дэргэд сургуулийн сурагчид цэргийн дүрэмт хувцас өмсөж   зогссон нь олны анхаарлыг татна. Залуу хойч үеийнхэн түүхээ ойлгож, Брестийн   цайзыг хамгаалсан дайчдын эх орон, ард түмнийхээ төлөө амь хайргүй тэмцсэн   байтарлаг үйлсийг уламжлах ёстой юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ