“Шаазгай гүүр” хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орлоо

2018-06-14 16:53:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 14-ний 11 цаг 06 минутад, Хятад улсын сарыг тандах “Чан-Э-4” төслийн өгөгдөл дамжуулах “Шаазгай гүүр” хиймэл дагуул сарнаас 6.5 км зайтай “Хало” тойрог замд орж, тус тойрог замд ажилласан дэлхийн анхны хиймэл дагуул боллоо. Мөн эх дэлхий, сарны хооронд мэдээлэл, өгөгдөл дамжуулах хамгийн анхны “зууч дагуул” болсон юм.

  “Шаазгай гүүр” хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орлоо

14-нд, Бээжингийн Сансрын нислэгийг удирдах төвийн техникийн ажилтан хөөргөх товчлуур дарснаар “Шаазгай гүүр” хиймэл дагуулын хөдөлгүүрийг ажиллуулж, тойрог замаа өөрчлөн “Хало” тойрог замд шилжин орсон юм. Бээжингийн Сансрын нислэгийг удирдах төвийн хяналтын тоо баримтын мэдээллээр, хиймэл дагуулын бүх үйл ажиллагаа хэвийн байгаа ажээ. Хятадын Сарыг тандах төслийн ерөнхий инженер, Хятадын Инженерийн Академийн академич Ү Вэйрэнь хэлэхдээ: Дараачийн шатанд тус хиймэл дагуул тойрог замд туршилт хийх, өгөгдөл туршин дамжуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна. 

Ү Вэйрэнь хэлсэн үгэндээ: “Дараагийн шатанд өндөр нарийвчлалтай туршилт хийж, “Шаазгай гүүр” дагуул 460-480 мянган км аялж, эх дэлхийн зүг мэдээлэл, өгөгдөл дамжуулахыг баталгаажуулна. Бид эх газарт асар том диаметр бүхий антен ашиглан хиймэл дагуул өндөр нарийвчлалтай ажиллахыг баталгаажуулна” гэжээ.  

“Шаазгай гүүр” бол эх дэлхий, сар хоёрыг холбосон L2.Хало тойрог замын дэлхийн анхны сансрын аппарат юм. Харин L2.Хало бол дэлхий, сарны хооронд зогсонги байдлаа хадгалсан огторгуйн орон зай. Түүний байршил эх дэлхий, сар хоёрыг холбосон шугамын дээд талд, сарнаас дунджээр 65 мянган км, эх дэлхийгээс 400 гаруй мянган км зайтай байдаг аж. “Шаазгай гүүр” дагуул L2.Хало тойрог замд тогтвортой ажиллахыг баталгаажуулах бөгөөд улмаар Чан-Э-4-ийн газардах, мөн эргүүлийн аппаратын холбоог баталгаажуулна. Энэ нь Хятадын сансрын тойрог замын хяналт, холбоо зэрэг сансарын технологи олон улсад тэргүүлж буйг харуулж байна. Холбогдох хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа, “Шаазгай гүүр” хиймэл дагуул энэ оны эцсээр хөөргөх сарыг тандах Чан-Э-4 аппаратад холбооны үйлчилгээ үзүүлэх болно. 

Чан Э-4 дэлхийн хэмжээнд анх удаа сарны цаад талд газардаж, тандалт хийх юм. Сарны дэлхийг тойрч эргэх хугацаа нь сар өөрийн тэнхэлгээ бүтэн эргэх хугацаатай тэнцүү байдаг тул сарны нэг тал хэзээ ч дэлхий рүү хардаггүй. Дэлхий рүү хардаггүй тэр талыг сарны цаад тал гэдэг. Сарны цаад талд газардсан аппарат сарны нөлөөлөөс болж, дэлхий рүү мэдээлэл шууд дамжуулж чаддаггүй байна. Харин “Шаазгай гүүр” хиймэл дагуулын үүрэг бол Чан-Э-4-т дэлхий, сарыг холбосон “гүүр” болох явдал юм. 

Ү Вэйрэнь хэлэхдээ, “Шаазгай гүүр” гурван чухал чадвартай. Нэгд, энэ оны сүүлээр Чан-Э-4 аппаратыг хөөргөж, Чан-Э-4 сарны цаад талд газардана. “Шаазгай гүүр” түүний газардах болон эргүүл хийх аппаратын бүх үйл явцыг оновчтой дагаж, бүх тоо баримтыг дамжуулна. Үүний зэрэгцээ түүнийг тандаж, хяналт тавина. Хоёрт, Чан-Э-4 аппарат саран дээр газардсаны дараа газардах болон эргүүл хийх аппарат нь тэнд удаан ажиллах болно. “Шаазгай гүүр” эргүүл хийх аппаратыг урт хугацаанд дагаж, тоо баримтыг дамжуулан, мөн түүнд хяналт тавина. Гуравт, бидний гол зорилго бол шинжлэх ухааны судалгаа учраас шинжлэх ухааны тоо баримт, сарны цаад талаас авсан мэдээллийг “Шаазгай гүүр” дагуулаар эх дэлхийд дамжуулна. Иймээс “Шаазгай гүүр” хиймэл дагуул маш чухал үүрэгтэй. Бүхий л төслийг амжилттай биелүүлж чадах эсэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэх болно гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чан-Э-4 аппарат олон улсын дөрвөн аппаратыг тээвэрлэн явах болно. Харин Холланд, Саудын Арабын зохион бүтээсэн холбогдох аппаратыг “Шаазгай гүүр” дагуулд ачиж тээвэрлэх юм. Герман, Шведийн хамтран зохион бүтээсэн шинжлэх ухааны судалгааны аппаратыг Чан-Э-4 аппаратад тээвэрлэх юм байна. 

  “Шаазгай гүүр” хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орлоо

  “Шаазгай гүүр” хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орлоо


Их уншсан

холбоотой мэдээ