Майдар бурхныг амилуулах ёслол болов

2018-07-02 16:55:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Майдар бурхныг амилуулах ёслол болов

2018 оны 7-р сарын 1-нд Улаанбаатарын Дашчойлин хийдэд БНХАУ-ын Найралт найрамдах сүмээс бэлэглэсэн Майдар бурхныг амилуулах ёслол боллоо. 

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Тус ёслолд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, ерөнхийлөгч асан П.Очирбат, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зэрэг МУ-ын төр засгийн албаны хүмүүс, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Яньжюе цорж тэргүүтэй Хятадын Буддын шашны нийгэмлэгийн төлөөлөгчид, тэргүүн хамба Хү Шюефэн тэргүүтэй Найралт найрамдах сүмийн төлөөлөгчид, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав зэрэг МУ-ын лам хуварга, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам, Лаос зэрэг улсаас МУ-д суугаа ЭСЯ-ны дипломат албаныхан, олон улсын шашны байгууллагын төлөөлөгч, 2000 гаруй сүсэгтэн олон оролцжээ.   

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Майдар бурхныг амжилттай бүтээж амилуулж буйд баяр хүргэж: Монгол бол буддын шашинт орон. Майдар бурхныг бүтээж амилуулж буй нь Монгол улсын нэг том үйл хэрэг, буддын шашинт бидний ерөөл буян юм. Бурхны гэгээ биднийг ивээнэ. Би оюутан байхдаа Дашчойлин хийдийн хажуугийн байранд байсан учраас буддын шашны хурлын дууг сонсдог байлаа. Майдар бурхныг бүтээхэд гар бие оролцсон хүмүүст талархал илэрхийлье гэжээ. 

Майдар бурхныг амилуулах ёслол болов

МУ-ын ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын илгээсэн баярын захидлыг уншив. Ерөнхийлөгч Х.Баттулга захидалдаа: Буддын шашин бол Монголын ард түмний шашин юм. Майдар бурхныг бүтээж, амилуулж буй нь Монголын нийгмийн нэгэн том үйл хэрэг мөн. Майдар бурхныг эв нэгдлийн бэлэгдэл гэж буддын шашны номлолд өгүүлсэн байдаг. Майдар бурхныг бүтээж амилуулснаар, Монгол улсын нийгмийн эв зүй, улс орны хөгжлийг бурхны гэрэл гийгүүлж, Монгол улс мандан бадрахыг хүсэн ерөөжээ. 

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав Майдар бурхныг бүтээхэд тусалсан БНХАУ-ын Найралт найрамдах сүмынхэнд талархал илэрхийлж, Монгол, Хятад хоёр орны буддын шашны салбар найрсаг харилцаж ирсэн түүхтэй. Буддын шашны үзэл санаа хоёр орны иргэдийн оюун санааны хамтын баялаг болсон юм. Майдар бурхныг Дашчойлин хийдэд бүтээж, амилуулж байгаа нь Монгол, Хятадын ард иргэдийн найрсаг харилцааны чухал үйл хэрэг мөн. Дашчойлин хийдийнхэн Майдар бурхнаа дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж, Майдар бурхны нигүүлсэнгүй буяныг сүсэгтэн олонд түгээж, Монгол, Хятад хоёр орны ард иргэдийн найрамдлыг үеийн үед уламжлан хөгжүүлэх болно гэжээ.  

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Элчин сайд Шин Хаймин: Найралт найрамдах сүмээс Дашчойлин хийдэд бэлэглэсэн Майдар бурхныг амжилттай бүтээж амилуулж байгаад баяр хүргэж, Хятад, Монгол хоёр орон, хоёр орны ард иргэд, буддын шашны салбарынхан сайн хөрш, сайн найзууд юм. Буддын шашин бол Хятад, Монгол хоёр орны түүх, соёлыг холбох чухал гүүр юм. Майдар бурхныг бүтээж амилуулж буй энэ том үйл явдал Хятад, Монгол хоёр орны шашны салбарын найрсаг харилцааны уламжлал, хөгжил, мөн Хятадын талын “Нэг бүс нэг зам” санаачилга, Монголын талын “Хөгжлийн зам” стратегийн холболтын үр дүн, үлгэр жишээ, хоёр орны шашны салбарын найрсаг хамтын ажиллагааны чухал үйл явдал. Хятадын ЭСЯ Монголын талтай цаашид нягт хамтран ажиллаж, харилцаа солилцоогоо улам эрчимжүүлэн, ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр орны буддын шашны хөгжилд тус дэм болж, харилцан хүндэтгэж, харилцан суралцаж, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хоёр орны сүсэгтэн, ард иргэдийг улам аз жаргалтай болгоход ЭСЯ бэлэн байна гэжээ.  

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Яньжюе цорж МУ-ын буддын шашны салбарынханд талархал илэрхийлж: Хятад, Монгол хоёр орны шашны салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай байна хэмээгээд “Бурхад хувилгаад хуран цуглаж, бурхны гэрэл гийх болтугай” гэсэн хятад бичээс бүхий уран бичлэгийг Дашчойлин хийдэд бэлэглэжээ. 

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Найралт найрамдах сүмийн тэргүүн хамба Хү Шюефэн: Манай сүм МУ-ын буддын шашны салбартай, ялангуяа Дашчойлин хийдтэй нягт холбоотой хамтран ажиллаж ирлээ. Майдар бурхан бэлэглэх санаачилга гаргасан цагаас бүтээх хүртэл 12 жил өнгөрч, өнөөдөр Дашчойлин хийдэд Майдар бурхныг амилуулж буйд баяртай байна. Энэ буяны үйлс 100 жилийн түүхт Дашчойлин хийдэд гэрэл нэмж, сүсэгтэн олныг ивээхийг хүсэн ерөөжээ.  

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Майдар бурхныг амилуулах ёслолын өмнө, Хятад, Монгол хоёр орны лам хуваргууд хоёр орон үеийн үед эв найртай, хоёр ард түмэн аз жаргалтай, амар амгалан аж төрөхөд зориулж ном айлдсан юм. 

Майдар бурхныг амилуулах ёслол болов

Зэсээр бүтээж алтаар өнгөлсөн 23 м өндөр Майдар бурхан Монгол улсад бүтээгдсэн хамгийн том хэмжээтэй бурхдын нэг боллоо. Майдар бурхныг бүтээх хөрөнгийг БНХАУ-ын Найралт найрамдах сүм хандивласан бөгөөд бүтээх ажлыг 2006 онд эхлүүлж, 12 жилийн дараа урлаж дуусгасан юм.  /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ