БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэл нийтлэв

Д.Хүчитбаатар 2018-07-13 11:36:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэл нийтлэв

7-р сарын 10-нд АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн тамгын газар “301 тоот заалтын дагуух шалгалтын тухай мэдэгдэл” гэгчийг нийтэлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Худалдааны яам дараах мэдэгдлийг нийтэллээ:

Нэг. Эдийн засаг, худалдааны шударга бус аргаар ашиг олсон гэж Хятад улсыг гүтгэж, үнэнийг гуйвуулж байна. Дотоодын улс төрийн шаардлага, Хятадын хөгжлийг сааруулах зорилтдоо хүрэхийн тулд АНУ-ын тал Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны үнэн мөнийг гуйвуулах оролдлого хийж байна. Тус улсын эдийн засаг, нийгэмд үүссэн бүх хямрал үнэндээ дотоодын бүтцийн чанартай асуудлаас үүдэлтэй. Хятадын эдийн засгийн ололт амжилт гадагш мерилантолизм буюу үндэсний капитализм хэрэгжүүлсэнд бус, харин зах зээлжих өөрчлөлтийг ахиулж, гадаадад нээлттэй байдлаа тасралтгүй гүнзгийрүүлсэнд байгаа юм. Тодруулбал:  

А.“Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй” байдлын гол шалтгаан бол БНХАУ биш, харин АНУ-ын дотоодын хадгаламжийн хүү хэт бага, олон улсын зах зээлийн хадгаламжийн гол валютын үүргийг доллар гүйцэтгэж буйтай холбоотой. АНУ-ын тал хүйтэн дайны үзэл баримтлалаар давуу тал болсон дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийхээ экспортыг зориуд хязгаарласнаас үүдэлтэй юм. 

Б.“Оюуны өмчийн эрхийг хулгайлсан” тухайд, Хятад улсын засгийн газар оюуны өмчийн эрхийг хамгаалах харьцангуй боловсронгуй систем бий болгон, тус салбарын хууль эрх зүйн орчныг улам сайжруулж, тусгай шүүх байгуулсан. 2017 онд Хятадын гадаадад төлсөн оюуны өмчийн эрхийн зардал 28 тэрбум 600 сая доллар хүрсэн нь 2001 онд ДХБ-д анх элсэн орох үеийнхээс 15 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 

В.“Техникийг хүчээр шилжүүлж байна” гэдэгт, БНХАУ-ын засгийн газар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ийм шаардлага тавьж байгаагүй. Гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн техникийн болон эдийн засаг, худалдааны бусад хамтын ажиллагаа сайн дурын зарчмын дагуу гэрээ байгуулах замаар явагдсаар ирсэн бөгөөд хамтын ажиллагаанаас гадаад дотоодын гэлтгүй бүгд л асар их үр ашиг хүртсэн юм. 

Г.“Хятадад үйлдвэрлэв-2025” зэрэг бодлогын тухайд, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд Хятадын засгийн газрын эдгээр бодлого голдуу удирдах, хөтлөх үүрэг гүйцэтгэдэг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байдаг. Хамгийн сонирхолтой бөгөөд инээдэмтэй нь боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын засгийн газар харин их хэмжээний нөхөн олговор өгдөг юм.

Хоёр. Хоёр улсын эдийн засаг, худалдааны санал зөрөлдөөнийг үл тоож, идэвхтэй ажилласангүй гэж Хятад улсыг зэмлэх нь ямар ч үндэслэлгүй. “Маш тэвчээртэй байр сууриар” харьцсан боловч, Хятадын тал үл тоосон хандлага гаргасан гэжээ. Үнэндээ хоёр талын эдийн засаг, худалдааны санал зөрөлдөөнд БНХАУ анхнаасаа маш их анхаарал хандуулж, хамтын ажиллагааны ерөнхий байдал, иргэдийнхээ улам нэмэгдэж буй сайхан амьдрах хүсэл, эдийн засгийн чанартай хөгжлийн шаардлага зэргийг харгалзан, үнэнч байр сууриар хүлээцтэй хандан, санал зөрөлдөөнийг зөвшилцлөөр зохицуулахыг хичээж ирсэн. Зөвхөн 2018 оны 2-6 сард, АНУ-ын талтай дээд зиндааны зөвшилцлийг 4 удаа хийсэн. 5-р сарын 19-нд “Хятад, Америкийн хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлж, хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, худалдааны дайн хийхгүй байх тохиролцоонд хүрсэн. Гэвч дотоодын улс төрийн шаардлагаасаа шалтгаалж, Америкийн тал үргэлж амлалтаасаа буцаж, нийтлэг ойлголтоо ил тод зөрчин, худалдааны дайн өдөөсөн. Эдийн засаг, худалдааны маргаан хурцдахаас сэргийлэхийн тулд Хятад улс бүх хүчээ дайчилсан. Байдал ийм хэмжээнд хүрсний бүх хариуцлагыг Америкийн тал хүлээх ёстой.  

Гурав. БНХАУ-ын хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ олон улсын хууль, эрх зүйн үндэслэлгүй гэжээ. Үнэндээ Америкийн ганц талаасаа өдөөсөн худалдааны дайн харин олон улсын хуулийн ямар ч эш баримтгүй. 2017 оны 8 сард, БНХАУ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран Хятадад чиглүүлж АНУ ганц талаасаа “301 тоот заалтын дагуух шалгалт” хийсэн. 2018 оны 4-р сард тус шалгалтынхаа тайлан гэгчийг нийтлэн, 91 хувийн татгалзсан саналыг үл тоож, 7-р сарын 6-наас эхлэн БНХАУ-ын 34 тэрбум долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн татвар нэмж хурааж эхэлсэн. 7-р сарын 11-нд улам даварч, гаалийн татвар нэмж хураахаар шийдсэн Хятад улсын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг нийтэллээ. АНУ-ын өмнөө барьсан “301 тоот заалтын дагуух шалгалт” гэгч бол ерөнхийлөгч нь дотоодын хуулиа уландаа гишгэн, конгресстоо хандаж гаргасан захиргааны мэдэгдэл төдий бөгөөд олон улсын хууль эрх зүйн хувьд ч 1988 онд АНУ, Европын хооронд гарсан худалдааны маргааныг зохицуулах үед өгсөн амлалтаас няцсан хэрэг юм. АНУ гаалийн татвараа нэмэх нь ДХБ-ын нэн тааламжтай хөнгөлөлт хүртэх улс орны статусын үндсэн зарчим, гаалийн тарифыг хязгаарлах үүргээсээ няцаж буй учраас жинхэнэ ганц талт, худалдааг ивээх, худалдааны дээрэнгүй үзэл гаргаж буй үйлдэл, олон улсын хууль, зарчмыг уландаа гишгэсэн хэрэг юм.

Дөрөв. БНХАУ аргагүйн эрхэнд хариу арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь үндэснийхээ эрх ашиг, даян дэлхийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөөх хуулийн дагуу, шударга, зүй ёсны зайлшгүй үйлдэл юм. Америкийн талын удаа дараагийн заналхийлэлтэй холбогдуулан Хятад улсын засгийн газар “худалдааны дайн хийх сонирхолгүй, гэвч түүнээс айхгүй, шаардлагатай үед хатуу чанга хариу арга хэмжээ авна” гэдгээ олонтаа мэдэгдсэн юм. БНХАУ хэзээ ч “эхний сумыг тавихгүй” гэсэн байр сууриндаа зогссоор ирсэн. АНУ-ын тал эхэлж худалдааны дайн өдөөсөн нөхцөлд арга буюу хариу арга хэмжээ авсан. Хятад улсын үйлдэл үндэснийхээ нэр хүнд, ард түмнийхээ эрх ашиг, чөлөөт худалдааны дүрэм, олон талт худалдааны тогтолцоо, дэлхийн улс орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын төлөө юм. АНУ-ын ганц талт үзлийн үйлдлээр БНХАУ ДХБ-ын маргааныг зохицуулах механизмд гомдол мэдүүлсэн. Ганц талт үзлийн хариуд хоёр талт буюу олон талт зохицуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлсэн нь олон улсын хууль дүрэм, үзэл санаа, зарчимд бүрэн нийцэж байна.  

Тав. АНУ зөвхөн БНХАУ-д чиглүүлж худалдааны дайн өрнүүлээгүй, харин дэлхийн бүх улс орны эсрэг, дэлхийн эдийн засгийг хямрахаар оролдож байна. Тус улс “Америкийг эн тэргүүнд тавих”-ын тулд, хувийн ашиг сонирхлынхоо төлөө олон талт механизм, тогтолцооноос гарч, олон орны эсэргүүцэл, хариу арга хэмжээнд орж байна. АНУ-ын өдөөсөн дэлхийн эдийн засгийн түүхэнд хамгийн том цар хүрээтэй энэ дайн зөвхөн Хятад, Америкийн дайн биш, харин дэлхийн хэмжээний дайн гэж хэлж болно. АНУ дэлхийн эдийн засгийг “хүйтэн дайны занга”, “доройтлын занга”, “гэрээ хэлэлцээрээс няцах занга”, “тогтворгүй хүчин зүйлийн занга”-нд оруулах учраас дэлхийн эдийн засгийн нөхцөлийг дордуулж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээ, үнийн сүлжээг хохироон, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саад хийж, улмаар дэлхийн хэмжээнд донсолгоо үүсгэн, үндэстэн дамнасан компаниуд, жирийн хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой хохироох болно.
 
Зургаа. Хятадын тал урьдын төлөвлөгөө, хуваарийнхаа дагуу өөрчлөлт нээлтээ улам гүнзгийрүүлж, дэлхийн улс орнуудтай чөлөөт худалдааны дүрэм, олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлгүй хамгаалж ажиллах болно. БНХАУ-ын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Сүүлийн 40 жилд Хятадын эдийн засаг өндөр хурдтай өссөн нь өөрчлөлт нээлтэд түшиглэсэн бөгөөд ирээдүйд эдийн засгийн чансаатай хөгжил нь мөн л өөрчлөлт нээлтэд түшиглэнэ. Гадаад орчин хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамаарч Хятад улсын засгийн газар нөөц баялгийн хуваарилалтад зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг хэлбэрэлтгүй баримтлан, өмчийн эрх болон оюуны өмчийн эрхийг хамгаалж, бизнес эрхлэгчдийн үүргийг дайчлан, өрсөлдөөнийг дэмжинэ. Харин ганцаар эзэрхэхийг эсэргүүцэж, гадаадад нээлттэй хөгжихөө ахиулан, хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулж, эдийн засгийн интегралчлалыг баримтлан, олон улсын эдийн засаг, худалдааны системийг хамгаалж, хөгжихийг эрэлхийлсэн бүх улс оронтой хамтран, ололт амжилтаа хуваалцах болно.

Их уншсан

холбоотой мэдээ