Ши Жиньпин, Путин нар гурав дахь удаагаа уулзав

2018-09-12 14:50:42
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Путин нар гурав дахь удаагаа уулзав

11-нд, Владивостокт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийв. Он гарснаас хойш Хятад Оросын харилцаа улам эрчимтэй хөгжиж, илүү өндөр түвшинд, хурдтай хөгжих шинэ эрин үед орлоо гэж хоёр орны тэргүүн санал нэгтэй үзсэн юм. Хоёр тал олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Орос хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаална гэдгээ санал нэгтэй илэрхийлжээ. 

11-нд Ши Жиньпин Владивосток хотод очмогц Путинтэй уулзсан нь олны анхаарал татсан үйл явдал боллоо. Ийнхүү Ши Жиньпин дарга Путинтэй нэг жилд гурав дахь удаагаа уулзсан бөгөөд 2013 оноос хойш тэд нийт 26 удаа уулзалт хийжээ. 

Ши Жиньпин, Путин нар гурав дахь удаагаа уулзав

Ши Жиньпин: Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр, хоёр орны харилцааны улс төрийн давуу тал хамтын ажиллагааны бодит үр дүн болсоор байна. Бид уламжлалт найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа бүх талаар эрчимжүүлэн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг дахин шинэ түвшинд хүргэж, хоёр ард түмэнд илүү их үр ашиг хүртээнэ гэжээ. Хэлэлцээний үр дүнгийн талаар Ши Жиньпин хэлэхдээ: Он гарснаас хойш, Хятад, Оросын харилцаа илүү эерэг хандлагатай болж, өндөр түвшинд, хурдтай хөгжих шинэ эрин үед орсон гэж ерөнхийлөгч Путин бид хоёр санал нэгтэй үзэж байна. Хоёр тал улс орныхоо нөхцөлд нийцсэн хөгжлийн замд бие биенээ дэмжиж, тус тусын аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалахад харилцан дэмжиж, их гүрэн, хөрш орон хоорондын харилцааны үлгэр жишээ болох ёстой гэжээ. 

Ши Жиньпин: Хоёр тал Нэг бүс нэг зам бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны холболтыг сайтар хийж, эрчим хүч, хөдөө аж ахуй, технологийн шинэчлэл, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, гол төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг дэмжин, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн судалгааг ахиулна. Мөн энэ хоёр жил Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жилийн боломжийг сайтар ашиглан, орон нутгуудын идэвхийг дайчилж, илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж онцолжээ.    

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Нөгөө талын зохион байгуулах том хэлбэрийн үйл ажиллагааг харилцан дэмжих нь Хятад, Оросын сайхан уламжлал юм. Дорнын эдийн засгийн форум бол ерөнхийлөгч Путины санаачлан зохион байгуулсан, талууд ур ухаанаа дайчлан бүс нутгийн хамтын ажиллагааг хамтдаа зөвшилцөх чухал индэр боллоо. Энэ удаагийн форум хоёр тал Алс Дорнодын хамтын ажиллагаа зэрэг орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ши Жиньпин, Путин нар гурав дахь удаагаа уулзав

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Хятад, Орос хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, шинэ зах зээлийн гол орон учраас дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хөгжил дэвшлийг ахиулах хүнд үүрэг хүлээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Олон улсын өнөөгийн байдал хурдтай өөрчлөгдөж, тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл нэмэгдэж байгаа нөхцөлд, Хятад, Орос хамт олон улсын шударга ёс, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь чухал ач холбогдолтой юм. Хятад, Орос олон улсын үйл хэргийн явцад хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт хүрээнд уялдаа холбоогоо нягтруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт байж, халуун цэгийн асуудлыг улс төрөөр зохицуулах үйл явцыг ахиулж, НҮБ-ын дүрмийн ерөнхий зорилго, зарчмыг хэлбэрэлтгүй хамгаалж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэн, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах ёстой" гэжээ.

Путин хэлэхдээ: Ши Жиньпин дарга таныг Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Ши Жиньпин даргатай нягт харилцаагаа хэвээр хадгалж байгаа нь Орос, Хятадын харилцааны өндөр түвшнийг харуулаа гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Бид хэлэлцээ хийж, хоёр талт болон олон улсын бодит асуудлыг судлан ярилцаж,  бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа. Дорнын эдийн засгийн форумын солилцоонууд хоёр орон, хоёр ард түмний найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд ашигтай юм" гэжээ.

Путин хэлэхдээ: Орос, Хятад хоёр тал Европ Азийн эдийн засгийн нэгдсэн холбоо, Нэг бүс нэг замыг холбох хамтын ажиллагаагаа ахиулж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар судлал, банк санхүү, цахим худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, нийгэм соёлын солилцоог нягтруулж, орон нутгийн хамтын ажиллагааг ахиулах ёстой. Олон улсын өнөөгийн байдлын талаар Орос, Хятад адилхан үзэл баримтлалтай. Хоёр тал олон улсын үйл хэргийн явц дахь уялдаа зохицуулалтаа эрчимжүүлж, ганц талт үзлийг эрс эсэргүүцэж, олон улсын шударга ёсны эмх журмыг хамгаалж, хамтдаа хөгжих ёстой гэжээ.

Хоёр тал мөн хамтдаа сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо. Хэлэлцээний дараа, хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол хоёр орны төрийн тэргүүн хамт байлцсан юм. 


   

Их уншсан

холбоотой мэдээ