"Америк хохирч байна" гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй

2018-09-25 16:10:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын шударга бус өрсөлдөөнөөс болж, Америк Хятадтай хийсэн худалдаандаа асар их алдагдал авч, "АНУ хохирол амссан" гэж зарим хүн үзэж байна. 25-нд, Хятадын Худалдааны яамны олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч, орлогч сайд Фү Зи-Ин хэлэхдээ: Энэ үг бодит үнэнд нийцэхгүй, ямар ч үндэслэлгүй, олныг төөрөгдүүлэх гэсэн үйлдэл юм гэжээ.  

Фү Зи-Ин: БНХАУ, АНУ-ын худалдааны зөрөө нь худалдааны хэмжээний зөрүү болохоос биш ашиг, хохирлын хэмжээ биш юм. Үйлдвэрлэлээр авч үзвэл, Хятад, Америк хоёр орон дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, өртгийн сүлжээнд өөр өөр байр суурь эзэлдэг, Америк өндөр түвшинд, Хятад улс дунд доод түвшинд байдаг. Хятадын аж ахуйн нэгжүүд голлон гүйцэтгэлийн хөлс авч, харин Америкийн аж ахуйн нэгжүүд дизайн, сэлбэг нийлүүлэлт, маркетингаас асар их ашиг олдог юм. Хэрэглээний байдлаас үзвэл, Хятадын чанартай, хямд бүтээгдэхүүн Америкийн мянга мянган хэрэглэгчдэд хүрч, тэдний зах зээлийг баяжуулж, Америкийн хэрэглэгчдэд үр шимээ өгдөг. Мөн Америк, Хятадын худалдааны алдагдал хоёр орны эдийн засгийн бүтэц, олон улсын үйлдвэрлэлийн тархац, тоо бүртгэлийн зөрүү зэрэг олон шалтгаанаас болсон. Америк авто машин, нисэх онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг салбарт Хятадын зах зээлээс ихээхэн ашиг олдог. Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй байдал АНУ-аас БНХАУ руу экспортлох бараа бүтээгдэхүүнийг хязгаарласантай ч холбоотой. Хэрэв Америкаас Хятад руу экспортлох дээд технологийн бүтээгдэхүүнийг өргөжүүлбэл, Хятадтай хийх худалдааны алдагдал 35 хувиар буурна гэж Америкийн холбогдох байгууллага мэдээлж байсан билээ. Хятад улсын импортлох сонирхолтой бараа бүтээгдэхүүнийг Америк нийлүүлэхгүй байгаа нь мөн Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй байдлыг бий болгож буй гол шалтгаан юм гэжээ.  

Тэрээр: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр талын давуу талаа нөхөх үр дүнд хүргэж, олон улсын хөдөлмөрийн хуваарийн зайлшгүй сонголт болсон. Хятад, Америк хоёр талын хамтын ашиг сонирхол нь зөрчил маргаанаасаа илүү байдаг. Хятад улс хоёр талын худалдааг илүү тэнцвэртэй байлгах чиглэлээр хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ. Америкийн тал ч идэвхтэй байр суурьтай байхыг хүсэж байна гэжээ.    

Н.Пүрэвжав 

Их уншсан

холбоотой мэдээ