Эдийн засгийн дайралтын эрсдэлийг хянаж болно

2018-09-25 16:59:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд, Хятадын Худалдааны яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Сангийн яам, Үндэсний оюуны өмчийн эрхийн газар зэрэг салбарын албаны хүмүүс Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албан дээр цугларч, Хятад, Америкийн худалдааны маргааны асуудалд хариу өгөв. Тэд хэлэхдээ: Америкийн ганц талаасаа өдөөсөн худалдааны маргаан дэлхий дахины үйлдвэрлэлийн сүлжээнд томоохон дайралт, сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Хятадын эдийн засаг дотоодын хэрэгцээгээ өргөжүүлэх замаар чансаатай хөгжлөө ахиулах бүрэн чадвартай. Харин Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний зөвшилцлийг хэзээ эхлүүлэх нь зөвхөн Америкийн талаас шалтгаална гэжээ.

Он гарснаас хойш, Америкийн ганц талаасаа өдөөсөн Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан бүх дэлхийн анхаарлыг татсан юм. Энэ сарын 24-нд Хятадын албаны талаас "Хятад, Америкийн эдийн засгийн маргааны бодит байдал ба Хятадын байр суурь" цагаан номыг нийтэлсэн. Үүний зорилго нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны бодит байдлыг тодруулж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны талаарх Хятад улсын бодлого, байр суурийг тодорхойлон, асуудлыг эвээр зохицуулахын төлөө юм. 25-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Худалдааны яамны дэд сайд бөгөөд Олон улсын худалдааны хэлэлцээрийн дэд төлөөлөгч Ван Шөүвэнь онцлохдоо: Хятад улс зөвшилцөл, хэлэлцээрээр дамжин эдийн засаг, худалдааны санал зөрөлдөөнөө зохицуулахад бэлэн байгаа. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний зөвшилцлийг хэзээ эхлүүлэх нь зөвхөн Америкийн талаас шалтгаална гэжээ. Тэрээр: "Хэлэлцээр зөвшилцлийг үр дүнд хүргэе гэвэл юуны өмнө заавал эрх тэгш, харилцан хүндэтгэсэн байр суурьтай байх ёстой. Одоо Америкийн тал худалдааны асар их цар хүрээтэй хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж, бусдыг шахан сүрдүүлснээр хэлэлцээр, зөвшилцөл эрх тэгш биш байгаа. Мөн хэлэлцээр, зөвшилцөлдөө үнэнч байж, амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Хятад, Америкийн дээд хэмжээний зөвшилцөл нэгэнт дөрвөн удаа болсон. Эдгээр зөвшилцлөөр олон нийтлэг ойлголтод хүрч, хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлсэн. Гэвч Америкийн тал байр сууриа байнга өөрчилж, нийтлэг ойлголтыг үл тоож, худалдааны хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлснээр, хэлэлцээр цааш үргэлжлэх аргагүй болсон юм. Зөвхөн үнэнч байж, хэлэлцээрийн явцад эрх тэгш байж, амлалтаа биелүүлбэл хэлэлцээрээр гарц хайж болох юм" гэжээ. 

Саяхан АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэн хурааж эхэлжээ. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лянь Вийлян: Энэ нь Хятадын эдийн засагт шууд буюу дам нөлөө учруулна. Гэвч цогцоор нь авч үзвэл, энэ нөлөөнөөс зайлсхийж чадахгүй ч эрсдэлийг хазаарлан барьж чадна. Хятадын эдийн засаг дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөн чансаатай хөгжих замаар энэ нөлөөг даван туулж чадна гэж шууд хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: 2017 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 12.7 их наяд ам.доллар, экспорт 2.26 их наяд ам.долларт хүрсэн. 200 тэрбум ам.доллар Хятадын нийт экспортын 8.8 хувийг эзэлж байна. Боловсруулах аж үйлдвэрийн нөлөөг бодолцвол нэмүү өртөгт улам бага нөлөөлнө. Хятадын эдийн засгийн нэг онцлог гэвэл аж үйлдвэрийн төрөл зүйл бүрэн, олон ургальч, өөр өөр салбар хоорондоо харилцан нөхвөрлөж, орлуулж болох учир гадны нөлөөг даван туулахад уян хатан байх болно. Хятад улс 1 тэрбум 400 сая хүн амтай, хөгжингүй орнуудын ерөнхий хэмжээнээс илүү байна. Мөн хүн нэг бүрийн ДНБ-ий хэмжээ 9000 ам.долларт хүрч байгаа тул хэрэглээг шат ахиулах орон зайтай, дотоодын зах зээл асар их нөөцтэй юм гэжээ. 

Лянь Вийлян: Хятадын экспорт импортын аж ахуйн нэгжүүд зах зээлд зохицох чадвараа тасралтгүй эрчимжүүлж байгаа бөгөөд тэд өрсөлдөөн сорилт бүхий зах зээлийн шалгуурыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Анхаарууштай нь, эдийн засаг даяаршихын хэрээр Хятад, Америк хоёр том эдийн засгийн цогц хоорондын худалдааны зөрчлийн асуудал дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд ч түрэлт болох юм. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Лүө Вэнь хэлэхдээ: “Эдийн засгийн даяаршлын нөхцөлд улс орнуудын эдийн засаг дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хамтын ажиллагаатай гүн гүнзгий уялдаж, улс улсын хооронд ганц бараа бүтээгдэхүүний худалдаа төдийгүй дэлхийн аж үйлдвэрлэлийн сүлжээнд түшиглэж, бүтээгдэхүүний судалгаа дизайн, боловсруулах, ложистик тээвэр, борлуулалт үйлчилгээг хамтдаа гүйцэтгэдэг болсон. Улс хоорондын аж үйлдвэр харилцан бие биедээ түшиглэж, гүнзгий уялдан, нэг нь хөгжвөл бүгд хөгжих, нэг нь хохирвол бүгд хохирох харилцан шүтэлцээтэй болсон. АНУ гаалийн татвар нэмсэн нь олон улсын аж үйлдвэрлэлийн хуваарийн хэвийн системийг эвдэж, улмаар зарим салбарын дээд, доод хэлхээг алдагдуулан, дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ бутрах эрсдэлтэй тулгарч байна” гэжээ. 

Лөү Вэнь хэлэхдээ: Америкийн одоо хэрэгжүүлж буй ганц талт үзэл ба худалдааг ивээх үзлийн үйлдлээс болж дэлхийн улс орнууд хариу арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ, Америк гаалийн нэмэлт татвар авсан нь дэлхийн хэмжээний бараа бүтээгдэхүүний хэвийн худалдаа, нөөцийн хуваарьт түрэлт болж, олон улсын эдийн засгийн эргэлтийн үр ашгийг буурууллаа. Ийм нөхцөлд, олон улсын эдийн засаг, худалдааны систем доголдох буюу улмаар эвдэрч, дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ эмх цэгцээ алдах, замбараагүй болох эрсдэл улам ихсэх юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ