Уулын тосгонд IT компани ажиллаж байна

2018-12-05 10:02:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы том хотуудад янз бүрийн нөөц баялэгтөвлөрсөн учраас залуус аль болох тэнд ажиллаж амьдрах боломж хайж, улмаар орон нутгийн хүн ам цөөрч байна. Засагзахиргааны үйл ажиллагааг хангахын тулд орон нутгийн захиргаа нутаг буцах буюугадны хүн ирж сууршихыг уриалах олон янзын бодлого явуулдаг. Саяхан ХОУР-гаас Японд суугаа сэтгүүлч Токушима мужийн Ками-Яма сууринд сурвалжилга хийсэн байна. Тэндхийн хүн амын дийлэнх нь хөгширсөн боловч 16 IT компани ажлаа эрхэлж, уран бүтээлч, гар урчууд нүүж очсон нь анхаарал татаж байлаа.

Токушима мужийн Ками-Яма суурин уулаар хүрээлэгдэн, хөдөө аж ахуйд түшиглэсэн бөгөөд жүржийн ургацаар Японд тэргүүлдэг. Таван тосгоноос бүрдсэн тус суурин 1955 онд 21000 хүнтэй байсан бол одоо ердөө 5400 хүнтэй, хүн амын 50 гаруй хувь нь 65-аас дээш настай юм. Гэвч сүүлийн жилүүдэд IT компаниуд тус сууринд оффисоо байгуулж, уран бүтээлчид нүүж ирсээр байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Дизайнер Хиросе Ки-Ёхару 7 жилийн өмнө тэнд урлангаа нээж, 3 жилийн өмнө Осака дахь компаниа хааж, тус сууринд гэр бүлээрээ нүүж иржээ. Ажиллаж амьдрах өртөг багатай, хөдөөгийн эрх чөлөөтэй амьдрал түүний сэтгэлийг татсан гэнэ. Өглөө босоод загас барьж, үд болоход ажилдаа очно. Тэр дизайнер болохоосоо өмнө яг ийм амьдралыг мөрөөдөж байжээ. Ажил алба гэж мунгинасаар мартагдах шахсан мөрөөдөл нь энэ нутагт ийнхүү биеллээ олсон байна.“Том хотод байхдаа өдөржин ажил хөөцөлдөнө. Үхэлдэж олсон мөнгөөрөө шоппин хийж, стрессээ тайлна. Энэ сууринд чөлөө зав гарвал байгалийн сайханд жаргаж, мөнгөөр олохгүй таашаалыг эдэлж байна.”

Кино уран бүтээлийн “Чөлөөт индэр” компанийн төв байр Токиогийн хөл ихтэй бүсэд байдаг. Тус компани 2011 оны газар хөдлөлтийн дараа эрсдэлийг бууруулахын тулд Ками-Ямад салбараа байгуулж, 95 настай хуучин барилгыг шинэчлэн ашиглажээ. Байгалийн үзэмжит бүсэд байрлах оффис нь тохитой орчин бүрдүүлсэн бөгөөд тус компаний 106 ажилтны 16 нь тэнд ажилладаг байна. Тэдний цалин хөлс, хийх ажил нь Токио дахиас ямар ч ялгаагүй, зөвхөн оффис нь өөр газар байдаг. Компаний ТУЗ-ийн дарга Сумита Тецу хэлэхдээ:“Харилцан адилгүй орчин бүрдүүлэхийн тулд энэ оффисыг байгуулсан. Ажилтнууд маань ажиллах орчны хувьд өөр өөр сонирхолтой. Бид илүү сонголт, боломж өгсөн юм. Энд ажиллаж болно, Токиод ч болно.”

Тус компаний ажилтан Дайдау Тацу-Я бол Осакагийн хүн. Америк, Англид амьдарч байсан тэрээр компанийнхаа санаачилгаар Токушимад ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байлаа:“Том хотод хийх ажлыг хаана ч байсан биелүүлж болохыг манай компани ойлгуулсан. Эндхийн байгаль их үзэсгэлэнтэй. Зохиолч хүний хувьд ийм сайхан орчинд онгод ордог юм.”

Нүүж ирсэн гадны хүмүүс шилдэг ухамсрыг тээн ирж, уулын тосгоны нөөц баялгийг бүрэн ашиглаж, шинэ зах зээлийг ч нээж өгчээ. Гадна дотны хүч хамтарч уулын тосгоныг өөрчилсөн тухай Хиросе Ки-Ёхару ярьж байлаа.“Уулын тосгоныхон мундаг шүү. Тариа тарьж чадна, гар урлал хийж чадна, ур чадвараар нь их бахархдаг. Бид дизайн гаргаж, харилцан нөхөж, олон шинэ үнэт зүйл бүтээх боломжтой байна.”

Зарим нь цэвэр агаарыг хүсэж, зарим нь тухтай орчинд дурлана. Хаана ч байсан ажил хийх учраас шинэ үзэл бодолтой хүмүүс том хотоос нүүж ирж байна. Ками-Яма суурин орон нутгийн захиргааны хувьд байж байвал ирэх 20 жил наад зах нь 3000 хүн амтай байх ёстой. Иймээс орон нутгийн захиргаа жил бүр 44 хүнийг нүүлгэж авчрах зорилт тавин ажиллаж байна. Гадны хүмүүсийг татаж, суурьшуулахын тулд орон нутгийн ард иргэд үзэл бодлын хувьд уужуу, нээлттэй байж, холбогдох аж үйлдвэрлэлийг түлхүү дэмжих ёстой юм.Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ