Евро бүсийн өөрчлөлт шинэчлэлд ахиц гарав

Уртнасан 2018-12-05 17:28:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Урт удаан хугацаагаар нягт зөвшилцсөний эцэст олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байсан евро бүсийн өөрчлөлт шинэчлэлд ахиц гарчээ. 4-нд Брюссельд Евро группийн ерөнхийлөгч Марио Сентено хэлсэн үгэндээ: Европ тивийн тогтвортой байдлын механизмын үүрэг, хүчин чадлыг эрчимжүүлж, евро бүсийн сэргийлэн хамгаалалт, хямралыг зохицуулах чадварыг дээшлүүлэхийг евро бүсийн 19 орны сангийн сайд нар зөвшөөрсөн гэжээ. Энэ тухай ХОУР-гоос Европын холбооны төвд суугаа сэтгүүлч Жэн Жигийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Евро групп 12-р сарын 3-4-нд Брюссельд ээлжит хурал хуралдуулж, евро бүсийн өөрчлөлт, гишүүн орнуудын 2019 оны төсвийн тухай хэлэлцэж, удалгүй болох Европын холбооны дээд хэмжээний хурлын бэлтгэлийг хангасан байна. Евро группийн дарга Сентено хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Хэдийгээр зөвшилцөх үйл явц маш бэрхшээлтэй байсан ч гишүүн орнууд евро бүсийн өөрчлөлтийн асуудлаар чухал ахиц гаргасан гэжээ.

“Европ тивийн тогтвортой байдлын механизмын үүрэг чадварыг чангатган, евро бүсийн сэргийлэн хамгаалалт, хямралыг зохицуулах чадварыг улам эрчимжүүлэхийг зөвшөөрлөө. Цаашид Европ тивийн тогтвортой байдлын механизмын урьдчилан сэргийлэх үүрэг чадварын үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ. Европ тивийн тогтвортой байдлын механизм бол авран туслах сүүлчийн арга, тус механизмыг хэрэгжүүлэхэд заавал хангалттай нөхцөл боломж бүрдүүлэх ёстойг онцолсон юм.”

2012 онд хэрэгжиж эхэлсэн Европ тивийн тогтвортой байдлын механизм бол евро бүсийн орнууд өр зээлийн хямралыг зохицуулах, сэргийлэхийн төлөө байгуулсан байнгын чанартай сан юм. Хөрөнгө босголт хүндрэлтэй, туслалцаа шаардлагатай евро бүсийн орнууд болон банкинд хөрөнгийн туслалцаа олгох зорилготой бөгөөд дээд тал нь 500 тэрбум еврогийн зээл олгодог.

Сентено хэлсэн үгэндээ: Европ тивийн тогтвортой байдлын механизмын зүгээс евро бүсийн банкны салбарын энгийн клирингийн санд зээлийн тусламж олгохыг евро бүсийн сангийн сайд нар зөвшөөрсөн. Үүнийг уг нь 2024 онд олгохоор товлосон боловч үүнээс эрт хэрэгжүүлж мэднэ гэжээ.

2019 онд евро бүсийн бүх гишүүн орны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3 хувийн дотор байх төлөвтэй байна. Энэ нь евро бүс байгуулагдсанаас хойших анхны тохиолдол юм. Мөн евро бүсийн ерөнхий өр зээлийн үзүүлэлт улам багасах хандлагатай байна гэж Марио Сентено хэлээд, маргаантай байгаа Италийн төсвийн асуудлыг дурдсан байна.

“Үүнээс өмнө, Италийн төсвийн төлөвлөгөөнд дүрэм тогтоолд нийцэхгүй ноцтой асуудал байсныг Европын комисс мэдсэн. Бид Европын комиссын үнэлгээг дэмжиж байна. Шаардлагатай арга хэмжээ авч, 2019 оны төсвөө Европын холбооны “Тогтвортой байдал, өсөлтийн конвенц”-той тэнцүү байлгахыг евро групп Италид санал болгосон. Зохистой төрийн санхүү бол тогтвортой хөгжлийн урьдач нөхцөл, еврогийн валютын дүрмийг хүндэтгэх нь евро бүсийн тогтвортой байдлыг хадгалах гол болзол юм.”

Евро бүсийн сангийн сайд нар тус бүсийн шинэчлэлийн асуудлаар Европ тивийн санхүүгийн хяналтыг сайжруулахад ашигтай, нийтлэг ойлголтод хүрсэн гэж олон нийт үзэж байгаа юм. Гэвч зарим орны дэвшүүлсэн евро бүсэд сангийн сайд томилох, Европ тивийн Олон улсын валютын сан байгуулах зэрэг санаачилга улс орнуудын санал зөрөлдөөн их байснаас шалтгаалж, эцсийн шатанд шийдэлд хүрээгүй байна.

Их уншсан

холбоотой мэдээ