700 сая хүнийг ядуурлаас ангижруулав

2018-12-14 15:55:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

700 сая хүнийг ядуурлаас ангижруулав

13-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах албаны дарга Лю Юунфү хэлэхдээ: Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятад улсад хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн далайцтай ядуурлыг бууруулах ажил өрнөж, хөгжлөөр тааруу хөдөө орон нутгийн 700 сая хүнийг ядуурлаас ангижруулсан юм. 2020 он гэхэд Хятад улс өнөөгийн стандартаар хөдөө орон нутгийн ядуу амьдралтай бүх хүнийг ядуурлаас ангижруулж, "ядуу тосгон" гэсэн ойлголтыг үгүй болгон, бүс нутгийн чанартай ядуурлыг үндсээр нь шийдвэрлэнэ гэжээ.

Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 40 жилийн өмнө хөдөө тосгонд ядуу хүн ам 97.5 хувьтай байсан бол 2018 онд 2 хувь хүрэхгүй болтол буурчээ. 13-нд Бээжин хотноо Лю Юунфү хэлэхдээ: Хятадын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилт дэлхий дахиныг гайхшруулж байна. Улс үндэстнийхээ нөхцөл байдалд нийцсэн, Хятадын онцлогтой ядуурлыг бууруулах арга замыг олсон нь үүний гол шалтгаан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Хятадын онцлогтой ядуурлыг бууруулах ажлын гол онцлог нь ХКН, засгийн газраас удирдан явуулдагт байгаа юм. Хятад улс хүн ам ихтэй, ядуус харьцангуй олон учраас үндэсний бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай байдаг. Дараа нь бид хөгжлийг онцлон, бүс нутаг, хүний нөөцийн хөгжилд анхаарлаа хандуулсан. Олон талын үнэлгээ хийж, ядуурлыг бууруулах ажлыг оновчтой, үр дүнтэй хийж байгаа нь бас нэг онцлог юм" гэжээ.

Ядуурлыг бууруулах ажлын үр дүнг баталгаажуулахын тулд Хятад улс хяналт шалгалт, үнэлгээг чухалчилж, "Ядуурлыг бууруулах ажлыг зөвхөн тоогоор харуулах", "Ядуурлыг бууруулах ажлыг өнгөцхөн гүйцэтгэх" зэрэг асуудал гаргахгүй байхыг баталгаажуулж, ядуурлыг бууруулах ажлыг ажил хэрэгч үр дүнд хүргэж байна. Лю Лунфү хэлэхдээ: "Нүд хуураад өнгөрөх боломжгүй. Бид ядуурлыг бууруулах ажлын үндэсний мэдээллийн сан бүрдүүлсэн. Хэн ядуу байна, яагаад ядуурсан, ядуурлыг ямар аргаар бууруулж байна гэх зэрэг бүх мэдээллийг нэгэн дор шалгаж болно. Үүндээ тулгуурлан бид хяналт шалгалт, үнэлгээний маш хатуу чанга арга хэмжээ авч байна гэжээ.

2013 оноос хойш өнөөг хүртэл Хятад улс жил бүр 10 сая хүнийг ядуурлаас ангижруулж байна. Өнөөгийн байдлаар Хятадын ядуурлыг бууруулах ажилд тулгарч буй бэрхшээл байгалийн орчин нөхцөл тааруу, эдийн засгийн үндэс суурь муутай, хэт ядуу бүс нутагт байгаа юм. Түвдийн өөртөө засах орон, Хөхнуур, Юньнань, Сычуань, Ганьсү зэрэг 4 мужийн түвд үндэстний оршин суугаа бүс нутаг, ШУӨЗО-ны өмнөд бүс, Сычуань, Юньнань, Ганьсү мужийн уулархаг зарим нутагт ядуу хүн амын тоо 18-20 гаруй хувьд хүрсэн ядуу гацаа олон бий. Өнөөгийн байдлаар бүх улсад нийт 334 ядуу тосгон байна. Ирэх хоёр жилд эдгээр тосгоныг ядуурлаас гаргахад Хятад улс гол анхаарлаа тавих болно.

Өнөөгийн байдлаар Хятадад 30 сая хүн ядуу амьдралтай байна. Лю Юунфү: Ядуурал олон янзын шалтгаанаар бий болдог учраас Хятад улс цаашид олон янзын арга хэмжээ авч, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн аж үйлдвэр эрхлэх буюу хот орж ажил хийхийг дэмжиж, хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг нийгмийн баталгаагаар дамжуулан тэтгэж байна. Бүх иргэдээ ядуурлаас гаргах гэсэн төлөвлөгөөний хугацаа дуусахад хоёрхон жил үлдлээ. Бид ядуурлыг бууруулах ажлыг илүү эрчтэй, тууштай хийх хэрэгтэй болоод байна гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Өнөөгийн стандартаар 2020 он гэхэд ядуу хүмүүсийн дундаж орлогыг 4000 юаньд хүргэж, хоол унд, хувцас худалдаж авах, боловсрол эзэмших, үндсэн эмчилгээ, орон сууцын аюулгүй байдал зэргийг баталгаажуулах нь бидний зорилт мөн. Хэрэв эдгээр асуудлыг шийдэж чадахгүй бол ядуурлыг бууруулах ажилд амжилт гаргасан гэж хэлэх боломжгүй юм" гэжээ.

Лю Юунфү хэлэхдээ: Хятад улс нээлттэй бодлого баримталж, олон улсын ядуурлыг бууруулах ажлаас сургамж авч, Африк, Латин Америк, АСЕАН, Нэг бүс нэг зам дагуу орнуудтай ядуурлыг бууруулах талаар идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын ядуурлыг бууруулах ажилд Хятад улсын туршлагыг хуваалцана гэжээ.






Их уншсан

холбоотой мэдээ