Гадаад валютын нөөц гурван сар дараалан нэмэгдэв

2019-02-12 10:58:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаад валютын нөөц гурван сар дараалан нэмэгдэв

11-нд Хятадын төв банкнаас гаргасан 2019 оны 1-р сарын гадаад валютын нөөцийн тоо бүртгэлээс үзвэл, 1-р сарын сүүлчийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 87 тэрбум 924 сая ам.долларт хүрч, 2018 оны 12-р сарынхаас 15.2 тэрбум ам.доллар буюу 0.5 хувиар нэмэгджээ. Ийнхүү Хятадын гадаад валютын нөөц гурван сар дараалан нэмэгдлээ. Хятадын гадаад валютын нөөцийн нэмэгдэл бодит эдийн засагтай нягт холбоотой, ирээдүйд гадаад валютын нөөцийн хэмжээ хэлбэлзэх боловч ерөнхийдөө тогтворжих төлөвтэй байна гэж судлаачид үзэж байна.

Гадаад валютын нөөцийн өөрчлөлтийн сүүлийн үеийн байдлын тухай Үндэсний гадаад валютын удирдлагын газрын хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий эдийн засагч Ван Чүнь-Ин хэлэхдээ: 2019 оны 1-р сард Хятадын гадаад валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй, хил дамнасан хөрөнгийн гүйлгээ ерөнхийдөө тогтвортой байлаа. Олон улсын банк санхүүгийн зах зээлд гол гол валют ба ам.доллар хоорондын харьцах ханш дээшилж, банк санхүүгийн хөрөнгийн үнэ ханш зохих хэмжээгээр өссөн. Валютын ханшаар нугалж тооцох ба хөрөнгийн үнэ ханшийн өөрчлөлт зэрэг үнэлгээний хүчин зүйлийн улмаас гадаад валютын нөөц бага зэрэг нэмэгдсэн гэжээ.

Хятадын Гадаад валютын хөрөнгө оруулалтын судалгааны газрын дарга Тань Ялин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Гадаад валютын нөөц гурван сар дараалан нэмэгдсэн нь бодит эдийн засгийн үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлтэй нягт холбоотой юм гэжээ.

"Оны эцсээр ялангуяа дараалан нэмэгдсэн энэ гурван сарын байдал юанийн ханштай холбоотой байж болзошгүй. Гадаад худалдаа эрхэлж экспортолж буй аж ахуйн нэгжүүдэд боломж гарч захиалга авч, ашиг орлоготой болсон нь гадаад валютын нөөц нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Мөн манай валютын бодлого эрүүл, тогтвортой байгаа нь юань тогтвортой байхад ашигтай юм. Эдгээр нөхцөл байдал гадаад валютын нөөц нэмэгдэхэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд нөөцөлсөн гадаад валютын төрлөөс үзвэл гадаад, дотоодын валютын ханшийн харилцаа холбоо ч гадаад валют гурван сар дараалан өссөний шалтгаан болсон байх шинжтэй байна" гэжээ.

Үндэсний гадаад валютын удирдлагын хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий эдийн засагч Ван Чүнь-Ин хэлэхдээ: Одоо дэлхийн эдийн засгийн өсөлт буурах дарамттай тулгарч, олон улсын орчинд тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж байна. Гэвч Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой бөгөөд тогтвортой ахих хандлагаа хадгалж, олон улсын орлого, зарлагад өөрөө тэнцвэржих хандлага гарч, Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ тогтвортой байхад бат бөх суурь тавьсан гэжээ.

Хойшдын байдлын тухай Ван Чүнь-Иний үзэж байгаагаар, дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн орчин ээдрээтэй байгаа ч, Хятадын эдийн засаг цаашид урт хугацаагаар сайжрах хандлагаа хадгалж, бүх талаар гадагшаа нээлттэй хөгжихийг ахиулж, гадаад валютын зах зээлийн үйл ажиллагааны механизм улам боловсронгуй болох тул хил дамнасан хөрөнгийн урсгал ерөнхийдөө тогтвортой, гадаад валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байдлаа хадгалах төлөвтэй байна гэжээ.

Хятадын Гадаад валютын хөрөнгө оруулалтын судалгааны газрын дарга Тань Ялин хэлэхдээ: Гадаад, дотоод хүчин зүйлийн ерөнхий нөлөөгөөр, Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ хэлбэлзлийн дунд тогтвортой байдлаа ерөнхийд нь хадгалах боломжтой гэжээ.

"Хятадын эдийн засгийн ноднингийн индексүүд гарсан нь бидний төсөөлж байсантай нийцсэн буюу төсөөлснөөс илүү гарчээ. Ерөнхий хэмжээний хувьд авч үзвэл, Хятадын эдийн засаг 2017 оныхоос нэмэгдэж, нийт хэмжээ нь 90 гаруй их наяд юаньд хүрлээ. Хоёрт, цар хэмжээний хувьд, дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг ОУВС хүлээн зөвшөөрсөн юм. Иймээс бид итгэлтэй байх хэрэгтэй. Хятадын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл шийдэмгий, бие даасан байх ёстой. Гадаад валютын нөөцийн хэлбэлзэл бол хэвийн үзэгдэл. Учир нь бүтцийн зохицуулалт хийж байна. Энэ шилжилтийн үед хэрэв тогтвортой байдлаа хадгалбал хэтийн төлөв улам сайн байх бөгөөд гадаад валютын нөөц хойшид ч нэмэгдэх болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ