​Олон төрлийн хорт хавдар үнэндээ архаг өвчин төдий юм

2019-02-13 16:50:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ жил бүрийн 2-р сарын 4-нийг "Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр" болгожээ. Энэ жилийн хорт хавдартай тэмцэх өдөр цагаан сарын битүүний өдөр тохиосон учраас хорт хавдарт нэрвэгдсэн хүмүүс сэтгэл дундуур өнгөрлөө. Судлаачид: Хорт хавдар бол архаг өвчний нэг гэсэн өөдрөг бодолтой байж, баяр хөөртэй, идэвхтэй эмчлүүлбэл эрүүл хүнтэй адилхан гэжээ.

2018 онд Хятадад хорт хавдарт нэрвэгдсэн хүний тоо 3 сая 804 мянгаар нэмэгдсэн нь дэлхийд тэргүүлсэн үзүүлэлт болжээ. Сая сая гэр бүл энэ өвчний улмаас сар шинээр сайхан баярлаж чадахгүй, гуньж гутарч өнгөрүүллээ. Гэвч анагаах ухааны технологи хөгжихийн хирээр олон төрлийн хорт хавдар эдгэршгүй өвчин биш болж, түүнийг архаг өвчин гэж үнэлсэн бөгөөд энэ үзэл ойлголтыг хорт хавдарт нэрвэгдсэн өвчтөн болон тэдний ар гэрийнхэн аажмаар хүлээн зөвшөөрч эхэлжээ.

28 настай Жэн овогт 2017 онд хамар, хоолойн хорт хавдраа оношлуулжээ. Тэр үед түүний хүү хоёр нас ч хүрээгүй байсан юм. Тэрээр: "Хорт хавдар гэж сонсмогц эдгэшгүй өвчин, нэгэнт өвдсөн учраас амьдрах боломжгүй, үхлээ хүлээнэ гэж бодож байлаа. Оношлуулсны дараа сэтгэлээр унаж, айж эмээж байсан. Хар залуугаараа ийм өвчин тусчихлаа, одоо л үхэх нь гэж л бодсон. Аав намайг Бээжинд дагуулж ирээд Сүнь эмчтэй уулзуулсан. Сүнь эмч надад хамар хоолойн хорт хавдар гэдэг ямар өвчний тухай, яаж эмчлүүлэх тухай ярьж өгсөн. Сайн эмчлүүлбэл эдгэж, сайхан амьдрах боломжтой юм байна гэсэн итгэлийг надад өгсөн.”гэжээ.

Цаг тухайд нь эмчлүүлсний ачаар Жэн үндсэндээ эдгэж, одоо хүүтэйгээ гадуур явж, найз нөхөдтэйгөө уулздаг болжээ. Амийг мань аварсан ачит хүн хэмээн Жэний хэлсэн Сүнь эмч бол Хятадын анагаах ухааны алдарт судлаач, Бээжингийн хорт хавдрын эмнэлгийн цацраг эмчилгээний газрын дарга юм. Сүнь Янь эмч хорт хавдрын тухай ингэж тайлбарласан юм: "Урьд нь хорт хавдрыг эмчилгээгүй өвчин гэж үздэг байсан. Бид жил болгон, бүр хагас жил болгон хорт хавдрыг эмцлэх шинэ арга нээж байна. Шинэ эм бэлдмэл ч нэмэгдэж байгаа. Бүх генийг шалгаж болно. Зарим эм өвчтэй газар шууд онож хүрдэг. Мөн дархлаагаар эмчлэх арга бий. Өвчтөний биеийн байдлыг үндэслэн хамгийн сайн эмчлэх аргыг сонгодог. Эдгээр нь өвчтөнд тустай, амь насыг нь уртасгадаг. Эмчлүүлж байгаа үед нь шинэ шинэ эмчлэх арга нээгдэж байгаа учраас түүнийг архаг өвчин гэж үзэж, өдөр бүр баяртай хөөртэй амьдарвал эдгэх боломж их бий.”

Орчин үеийн анагаах ухаанд хорт хавдрыг эмчлэх талаар ихээхэн дэвшил гарч байгаа боловч эмчилгээний үйл явц удаан, өвдөж зовох нь зайлшгүй гэдгийг ар гэрийнхэн нь ч зөв ойлгож сэтгэлээрээ дэмжих шаардлагатай юм. Өвчтөний гэр бүлийнхэн хорт хавдрын тухай ямар ойлголттой байдаг талаар олон жил Африкт ажиллаж буй хатагтай Лю-г сурвалжилсан юм. Лю-гийн ээж 2013 онд хөхний хорт хавдраар өвчилсөн юм. Ээжийгээ хорт хавдраар өвчиллөө гэж сонссохдоо тэр маш их айж сандарсан гэдэг. Одоо 5 жил өнгөрчээ. Ээжийн минь өвчин эдгэрсэн гэж эмнэлэг мэдэгдсэн учраас санаа амарсан гэж тэрээр ярьж байлаа: "Таван жил болсон учраас одоо би сэтгэл санааны хувьд тайван болсон. Өвчтэй хүнийг тэгж их асарч тойлолгүй, хэвийн байлгах хэрэгтэй гэж би боддог. Гэр бүлийнхэн нь хэт их хичээж эрхлүүлэх нь харин сөргөөр нөлөөлж мэднэ. Гэр бүлийн уур амьсгалыг ч эвдэнэ. Одоо хорт хавдар үнэндээ ханиадтай адилхан болсон. Газар сайгүй сонсогдож л байна. Хүсэл эрмэлзлээ орхихгүй байх ёстой. Өвчтөн өөрөө, гэр бүлийнхэн ч адилхан итгэлтэй байх хэрэгтэй. Хятадын анагаах ухаан их сайн болсон гэж би хувьдаа боддог. Дээрээс нь дэлхий даяар хорт хавдрыг судалж байна. Бидэнд итгэл найдвар их бий.”

Хятад улс хорт хавдрыг эмчлэх талаар олон салбарт дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн. Хойшид анхаарах чиглэл бол өвчтөний биеийн байдалд үндэслэн, хамгийн сайн эмчлэх аргыг оновчтой сонгож, нэг талаар өвчтөний өвдөж зовохыг намжааж, нөгөө талаар амь насыг нь аль болох уртасгах явдал юм гэж Сүнь эмч хэлсэн юм. Тэрээр, мөнгө үрж, гадаадад эмчлүүлж буй хүмүүст хандан сэтгэгдлээ хуваалцсан юм: "Хорт хавдрыг эмчлэх талаар Хятад улс олон салбарт өндөр түвшинд хүрсэн. Гадаадад эмчлүүлэх шаардлага байхгүй. Хятад хүмүүсийн илүү нэрвэгдэг хамар хоолойн хорт хавдар, улаан хоолойн хорт хавдрын хувьд эмчлэх чадвараар гадаадынхаас илүү гарсан. Бидний клиник судалгааг Европ, Америкийн хорт хавдрыг эмчлэх хөтөлбөрт ашиглаж байгаа. Энэ нь Хятадад эмчлүүлэх нь зөв сонголт гэдгийг харуулж байна.” Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ