​Трамп улс орныхоо нөхцөл байдлын асуудлаар илтгэл тавив

2019-02-13 17:03:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 5-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сенат, Төлөөлөгчдийн танхимын хамтарсан хуралд, ерөнхийлөгч болсноосоо хойш улс орныхоо нөхцөл байдлын тухай хоёр дахь илтгэлээ тавьж, АНУ-ын хоёр нам эв санаа нэгдэхийг уриалан, цагаачлал, худалдаа, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудлаарх бодлого, байр сууриа тодорхойлжээ. Энэ тухай ХОУР-гаас АНУ-д суугаа сэтгүүлч Лю Күнь мэдээлж байна.

Трамп: "АНУ-ын сая сая иргэд энэ танхимд хуран цугласан биднийг харж байна. Бид улс төрийн хоёр намын хувьд бус харин нэгдсэн бүрэлдэхүүний хувиар улс орноо удирдахыг хүсэж байгаа. Энэ орой миний дурдах хөтөлбөр бол Бүгд найрамдах намынх биш, Ардчилсан намынх ч биш, харин АНУ-ын бүх ард түмний авч хэлэлцэх ёстой хөтөлбөр юм. "

АНУ-ын ерөнхийлөгч Трамп үүрэгт ажлынхаа хугацаанд улс орныхоо нөхцөл байдлын талаар тавьсан хоёр дахь илтгэлийнхээ эхэнд АНУ-ын хоёр нам эв санаа нэгдэхийг уриалж, хоёр нам дэд бүтцийн бүтээн байгуулалт, эмчилгээний даатгал, цагаачлалын асуудал, гадаад харилцаа зэрэг салбарт хамтын зорилт тавин ажиллаж байгаа гэжээ.

Трамп тус илтгэлдээ хоёр жилийн ажлын ололт амжилтаа дүгнэж, АНУ өнгөрсөн хоёр жилийн турш эдийн засаг тогтвортой хөгжин, ажилгүйдэл буурч, татварыг хөнгөлөх, эрчим хүчийг нээн ашиглах зэрэг салбарт хөгжиж дэвшсэн гэжээ. Ирээдүйн талаар Трамп цагаачлал, худалдаа, эмчилгээний даатгал, улс орны аюулгүй байдлын тухай Цагаан ордны бодлого, байр суурийг тодорхойлсон байна.

Цагаачлалын асуудлаар АНУ-Мексикийн хилийн дагуу хана байгуулах нь Tрампын сонгуульд өрсөлдөх үеийн гол үзэл баримтлалын нэг байсан юм. Энэ амлалаа биелүүлэхийн тулд Трамп АНУ-ын конгресс 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихыг шаардсаар байгаа бөгөөд энэ асуудлаар эсрэг саналтай байгаа Ардчилсан намтай үл ойлголцсоны улмаас Америкийн холбооны засгийн газар 35 хоног зогсонги байдалд орсон юм.

Энэ удаагийн итгэлдээ Трамп хилийн дагуу хана байгуулахад сенат хөрөнгө оруулахыг дахин шаардсан юм. "Энэ бол ердийн бетон хэрэм биш. Харин ухаалаг, стратегийн ач холбогдолтой, нэвт харагдах, ган бүтэцтэй хана юм. Хилчдэд хамгийн шаардлагатай гэж үзсэн газар энэ ханыг байгуулна. Ханатай газар хууль бусаар хил зөрчих асуудал буурна гэж эдгээр ажилтнууд бидэнд хэлсэн юм.”

Олоны анхаарлыг татсан худалдааны асуудлаар Трамп: АНУ Канад, Мексиктэй Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх талаар санал нэгдсэн, Хятадтай хийж буй худалдааны зөвшилцөл урагштай явж байна. Эдгээр нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт ажлын байр гаргаж, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих юм гэжээ.

Улс орны аюулгүй байдлын талаар Трамп АНУ-ын засгийн газар өнгөрсөн хоёр жилд цэрэг армийн зардлыг нэмэгдүүлж АНУ, ОХУ-ын “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужингийн гэрээ"-нээс гарах үйл явцыг эхлүүлж, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Жуан Гуаидог "Түр ерөнхийлөгч"-өөр хүлээн зөвшөөрсөн зэрэг бодлогоо өмөөрөн ярьжээ. Трамп илтгэлдээ "Америкийг эн тэргүүнд" бодлогоо дахин нотолсон байна. "Би ерөнхийлөгч байх хугацаандаа АНУ-ын ашиг сонирхлын төлөөх үйл ажиллагааныхаа төлөө хэзээ ч уучлал гуйхгүй."

Заншил ёсоор АНУ-ын ерөнхийлөгч илтгэл тавьсны дараа сөрөг хүчнийхэн албан ёсоор хариу үйлдэл үзүүлдэг. Энэ жилийн үүргийг 2018 оны конгрессын сонгуульд Жеоржиа муж улсын даргаар өрсөлдсөн Ардчилсан намын гишүүн хатагтай Стейсей Абрамс гүйцэтгэсэн юм. Тэрээр илтгэл тавьж, Трампын цагаачлалын бодлогыг шүүмжилжээ.

"Саяхан Холбооны засгийн газар зогсонги байдалд орсон нь ерөнхийлөгчийн гаргасан заль мэх юм. Шударга ёсны зарчмыг үл ойшоон, Америкийн ард түмнийг үл тоосон хэрэг, бидний итгэл үнэмшлийг ч үл тоосон явдал юм."

Ерөнхийдөө Трампын тавьсан илтгэлийн агуулга нь түүний сонгуульд өрсөлдөх үедээ дурдсан "Америкийг эн тэргүүнд" бодлогодоо төвлөрсөн бөгөөд хоёр нам эв санаа нэгдэхийг уриалсан нь ч улс орны нөхцөл байдлын асуудлаарх анхны илтгэлтэй нь нийцэж байна. Нью-Йоркийн цаг сонин холбогдох мэдээлэлдээ: Трамп илтгэлдээ цагаачлалын тухай хатуу бодлогоо дахин нотолсон бөгөөд энэ нь АНУ-ын улс төр, Америкийн ард иргэдийн туйлширсны гол шалгаан юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ