БНХАУ-ын эдийн засгийн өсөлт Монгол улсад өгөөжтэй
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ), Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо (XIII сонгуулийн УТЗЗБХХ)-ны II чуулган энэ сард тус тус чуулж байна. Үүнтэй холбогдуулан 3-р сарын 6-нд сэтгүүлч Г.Сүрэн МУ-ын хятад судлаач Х.Баатархүүтэй уулзаж ярилцсан юм.

Сур: Сайн байна уу? БХАТИХ-ын ээлжит чуулганыг судлаачийн үүднээс та хэрхэн хүлээн авч байна вэ?
Х.Б: Жил бүрийн 3-р сарын 5-нд эхэлдэг БХАТИХ-ын чуулган, 3-наас эхэлдэг УТЗЗБХХ-ны чуулган тус тус чуулж байна. Энэ удаагийн чуулганд эдийн засгийн олон төрлийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Эдийн засгийн өсөлтийн зорилтуудаа 0.3 нэгжээр багасгаж, илүү бодитой төлөвлөж байна. Эдийн засгийн үүднээс 8 төрлийн бодлого гаргасан. Зургаан зүйлд тогтвортой өсөлтийг чухалчилж, төмөр зам, авто зам, агаарын тээврийн хөгжлийг анхаарч байна. Зөвхөн 2018 онд гэхэд тээврийн зориулалттай 4100 км хурдны зам бүхий галт тэрэг ажиллуулсан. Орон сууцжуулах, жижиг хотыг том хот шиг хөгжүүлэх салбарт зээлийн хүүг буулгаж, санхүүгийн өөрчлөлт, шинэ эдийн засаг буюу тээвэр зууч, нарны эрчим хүч зэрэг олон салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Мөн ядуурлаас ангижруулах, эдийн засгийн үр ашгийг ард иргэдэд түлхүү хүргэх зэрэг зорилт тавьсан байна.
Сур: Хятад улсын тавьсан ядуурлаас ангижруулах зорилтын үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ?
Х.Б: Хятад улс ядуурлаас ангижруулахад ихэд анхаарч дараах зорилтыг тавин ажиллаж байна. 2018 онд 13.6 сая хүн ядуурлаас ангижирч, тогтвортой орлоготой болсон. 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд бүх Хятадыг ядуурлаас ангижруулна, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд бүх нийтээрээ чинээлэг улс болох зорилт тавиад байна. Эдгээрээс үзвэл, энэхүү чуулганаас технологид суурилсан шинэ эдийн засгийг Хятад улс ихээхэн дэмжих юм байна гэсэн дүгнэлт гарч байна.
Сур: Хятад улсын 2018 оны эдийн засгийн гол гол зорилтын биелэлтийг та хэрхэн харж байна?
Х.Б: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа өнгөрсөн оны эдийн засгийн зорилтуудын биелэлтийг товч танилцууллаа. Эдийн засгийн төсөв 14.3 их наяд ам.доллар болсон. Олон мужид эдийн засгийн өсөлт буурсан ч, үүнийг өргөтгөхөөр ажиллаж байна. 28 мужаас 4 мужийн эдийн засгийн өсөлт тогтвортой, 4 нь өссөн үзүүлэлттэй гарсан.
Сур: Хятад улсын эдийн засгийн өсөлт хөрш зэргэлдээ Монгол улсын хувьд ямар нөлөөтэй гэж та үзэж байна вэ?
Х.Б: Хятадын эдийн засгийн өсөлт дэлхий дахинд нөлөөлж, ялангуяа ойрын хөрш Монгол улсын хувьд бүр ч их үр өгөөжтэй байна. Монгол улсад Хятадын хөрөнгө оруулалттай 6000 гаруй аж ахуй нэгж бий. Нийт экспортын 95 хувь нь Хятад руу гарч, нийт импортын 60 гаруй хувь нь тус улсаас хамааралтай. Эдийн засгийн хувьд Монгол улсад туйлын ашигтай, Хятадын эдийн засаг хөгжихөөр Монголын эдийн засаг дагаад хөгждөг. 40 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулсан Хятад улсын амжилттай туршлагаас бид суралцаж, түүнийг авч хэрэгжүүлж, дагаж хөгжих бүрэн боломжтой юм.
Сур: Хятад улс эдийн засгийн өсөлтөө 6.0-6.5 хувьд барих зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулаад цаашдын нөхцөл байдлыг судлаач хүний үүднээс хэрхэн харж байна вэ?
Х.Б: ӨМӨЗО-ны жишээн дээр ярихад, эдийн засгийн өсөлтөө 6.0 хувьд хүргэнэ гэдэг бүрэн боломжтой юм. Төмөр зам, авто зам гээд тэнд олон том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ, ажлын байр нэмэгдэж, аялал жуулчлал хөгжих өргөн боломж бий. БХАТИХ-ын чуулганы үеэр ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ: Эдийн засгаа тогтвортой өсгөх, байгаль орчноо хамгаалах, үндэсний өв соёл гэсэн 3 зүйлд голчлон анхаарахыг онцолсон. Хятад улс ӨМӨЗО-ны эдийн засагт ихэд анхаарах төлөвтэй байгаа нь хөрш Монгол улсын хувьд чухал ач холбогдолтой юм. Төмөр зам тавих, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх бүрд манайхаас хүдэр, төмөр, нүүрс худалдан авах эрэлт нь өсөх зэрэг Монгол улсад хамааралтай үр өгөөж их бий.
Сур: Ярилцсанд баярлалаа.
/Сэтгүүлч О.Дарамбазар, Г.Сүрэн нар мэдээлэв/
