Олимпын наадмын бэлтгэл ахиж байна
6-нд, Хоёр чуулганд оролцож буй УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны спортын газрын дэд дарга Ван Яньшя: Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимпын наадмын бэлтгэл ажлыг сайтар хийж, талбай заалын дэд бүтцийн барилга байгууламж, боловсон хүчний сургалт, технологийн дэмжлэг, зах зээлийн хөгжил, цаг уурын баталгаа, сайн дурын үйлчилгээ зэрэг талаар тогтвортой ахиц гаргаж байна гэжээ.
6-нд, УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ны II чуулганы спортын салбарын хэсгийн хэлэлцүүлэгт Ван Яньшя: Бээжингийн өвлийн олимпын наадмын ажлыг энэ онд "тусгай төлөвлөгөө гаргах үе шат"-аас "бэлтгэн турших үе шат" руу шилжүүлнэ. Талбай заалын дэд бүтцийн барилга байгуулалтын ажил эрчтэй өрнөж, уралдаан тэмцээний ихэнх газрыг ирэх жилтуршилт шалгалт хийх шаардлагыг хангана. Өвлийн олимпын туршилтын анхны тэмцээн болох Гаошаний цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2020 онд Яньчиний талбайд болно. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо, холбогдох байгууллага нэгж, салбаруудтай, өвлийн олимпын туршилтын 15 төсөл, Пара олимпын туршилтын 5 төсөл зэрэг "Бээжингийн уулзалт" туршилтын цуврал уралдаан тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчтэй хийж байна. Мөн, Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлэг тэмдгийг цуглуулах ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд энэ оны хагаст тохиромжтой үедээ зарлах болно гэжээ.
Ван Яньшя: Хятадад өвлийн спортын дэд бүтэц харьцангуй тааруу, тэмцээнийг зохион байгуулах чадварлаг хүмүүс дутмаг, ялангуяа дээд түвшний зохион байгуулагчид маш их дутагдаж буй зэрэг шалтгаанаар Гаошаний цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шиг том арга хэмжээг Хятад улс зохион явуулж байгаагүй учраас бэрхшээлтэй асуудал бий. Иймээс өвлийн олимпын наадмын бэлтгэл ажилд олон тооны шилдэг шүүгч, техникийн ажилтан зэрэг мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна. Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо чадварлаг хүмүүсийг урьж авчран бэлтгэж байгаа нь мэргэшсэн олон улсын чадварлаг багтай болох зорилготой юм гэжээ. Ренчинсоо
